Ч.Улаан: 2013 оны эдийн засгийн төлөв бидний төсөөлснөөс онцгой муудахгүй
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2013.01.09

Ч.Улаан: 2013 оны эдийн засгийн төлөв бидний төсөөлснөөс онцгой муудахгүй

2013 оны санхүү, эдийн засгийн төлөв байдал болон “Чингис” бондын талаар Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-2013 оны улс орны санхүү эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн харж байгаа вэ?

-Бид төсөв төлөвлөгөөгөө хэлэлцэх явцдаа 2013 оны санхүү эдийн засгийн төлөвийг маш тодорхой үнэлж, дүгнэсэн. Үүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ бидний урьдчилан тооцсоноос илүү таатай байж болох тал руугаа өөрчлөлт гарахаар байна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн мэдээллийг харж байхад ч ийм байгаа юм. Америк болон хөгжингүй орнуудын эдийн засгийн сэргэлт түргэсэх дүр зураг өнгөрөгч оны эцсээр ажиглагдлаа. Европын орнуудад нүүрлээд байсан санхүүгийн хямралын эрч хүч саарах байдал харагдаж байна.

Хоёр хөршийн маань эдийн засгийн уналт удааширч, тогтворжих, цаашлаад идэвхжих хүлээлт байна. Энэ бүхнээс харахад 2013 оны эдийн засгийн төлөв байдал бидний өмнө нь төсөөлж байснаас онцгой их муудахгүй.

-Энэ онд манай эдийн засагт нөлөөлөх гол салбар юу байх бол?

-Мэдээж уул уурхай гол салбар хэвээр байна. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарууд болон мал аж ахуй, газар тариалангийн салбар ч голлох нөлөө үзүүлнэ. Хэрэв цаг агаарын байдал амаргүй хэвээр байвал сөргөөр ч нөлөөлж болзошгүй.

-Инфляцийг 8 хувьд хүргэх зорилт тавиад байгаа нь хэр бололцоотой вэ?

-Бололцоотой гэж үзээд л төрийн бодлого болгон баталсан. Харин одоо болохоор үүндээ эргэлзээд байж болохгүй. Хамгийн гол нь тодорхойлсон бодлогоо ягштал хэрэгжүүлэх ёстой. Тэгсэн тохиолдолд энэ зорилт бүрнээ хэрэгжих бололцоотой.

Бонд маань өнөөдөр эдийн засгийн эргэлтэд орчихсон, ашиглагдаад явж байгаа.
-“Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын явц ямар байгаа вэ?

-Бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх төслийн талаар Эдийн засгийн яамнаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх учиртай. Бонд маань өнөөдөр эдийн засгийн эргэлтэд орчихсон, ашиглагдаад явж байгаа. Эргэлтэд орно гэдэг маань тухайн хөрөнгийг тодорхой төсөлд ашиглахаас гадна Монгол Улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө маань байршаад аж ахуйн эргэлтэд орохыг мөн хэлдэг.

-Бондын хүүнд их хэмжээний мөнгө үрж байна гэх шүүмжлэл гараад байгаа шүү дээ.

-Бондыг эдийн засгийн эргэлтэд оруулсныхаа хувьд хүүний зардал гарна. Одоогоор төсөв дээр нэмэлт ачаалал ирээгүй байгаа. Яагаад гэвэл Засгийн газрын үнэт цаасны орлогыг нэгдүгээрт хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглаж байгаа. Хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглагдсан бондын үйлчилгээний болон хүүний зардал, үндсэн төлбөрийг энэ эх үүсвэрээс дамжуулан авсан хөрөнгө оруулагч хариуцдаг. Мөн санхүүгийн хэрэгсэл болгон ашиглаж байна. Үүнийг Монголбанк хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлд ашиглагдаж байгаа хүүний зардлыг банк хариуцаж байна.

-Дамжуулан зээлдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нэрсийг тодорхой болгож болох уу. Дамжуулан зээлдэгчээс хамаарах эрсдэл бий юү?

-Хэрэв дамжуулан зээлдүүлж авсан аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлж чадахгүй нөхцөл бүрдвэл төсөвт ачаалал ирнэ. Өөрөөр төсөвт нэмэлт ачаалал ирэхгүй. Учир нь эдийн засгийн үр ашигтай төсөлд энэ хөрөнгийг дамжуулан зээлдүүлнэ. Тиймээс дамжуулан зээлдүүлэгч төлбөрөө бүрэн хариуцна. Харин дамжуулан зээлдүүлэгчийн нэрс зарлагдах болно. Одоогоор Бодлогын зөвлөл дээр төслүүд хэлэлцэгдэж байгаа. Удахгүй нийтэд ил тодоор зарлана.

-Бондыг хэдий хугацаанд төлж дуусахаар төлөвлөсөн бэ?

-2017 онд эхний 5 жилийн хугацаатай гарсан үнэт цаасны үндсэн төлбөр хийгдэнэ. 500 сая ам.долларын төлбөр гэсэн үг. Үлдэж байгаа 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийг 2022 онд хийх юм