2012.12.28

Д.Тэрбишдагва: Оросын өмч учраас түрээслүүлэх үү, худалдах уу, өөрсдөө ашиглах уу гэдэг нь тэдний л хэрэг

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдааны талаар ярилцлаа.

-Та Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын ахлагч. Энэ хуралдаанаар ямар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан энэ сарын 19-21-нд амжилттай болж өнгөрлөө. Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдааныг энэ ондоо багтааж хийх саналыг манай Засгийн газраас Оросын талд тавьсан юм.
Үүнийг Оросын тал хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэсэнд талархалтай байгаа. Яагаад гэвэл ийм богино хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг бэлтгэн хуралдуулж, хоёр талын харилцааны тулгамдсан асуудлаар шийдвэр гаргуулна гэдэг тийм ч амар зүйл биш.
Гэхдээ Оросын Засгийн газар бидний саналыг хүлээн авч шуурхай ажилласан нь Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд найрсаг хандаж, өндөр ач холбогдол өгч байгаагийн нэг жишээ. Энэ удаагийн хуралдаанаар олон чухал асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, олон жил шийдвэрлэгдээгүй, ойлголцож чадаагүй байсан зарим асуудалд тодорхой хэмжээнд ахиц гарсан. 
Ерөнхийдөө Монгол, Оросын хамтын ажиллагааны асуудал, Монгол, Оросын хамтарсан үйлдвэрүүд, түлш эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тухай, Монгол Улсын нутаг дэвсгэрт орших ураны орд газрыг ашиглах салбарын хамтын ажиллагааны тухай, худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн болон шинжлэх ухаан, боловсрол, соёл, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тухай гэхчилэн өргөн агуулгаар санал солилцон хэлэлцээ хийж тохиролцон холбогдох протоколд гарын үсэг зурсан.
-Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харахад Оросын тал Монголын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийнхөө өмчлөлийг сэргээх саналтай байгаа юм биш үү?
-Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудал байнга тавигдаж ирсэн. Хуучин ЗСБНХУ-ын үед байгуулсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээнүүд бий.
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаантай асуудлаас болоод харилцааны зарим зүйл дээр ч үл ойлголцох гэдэг юм уу бага зэргийн тааламжгүй байдал үүссэн байсан.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт оршдог Оросын талын үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлаар ОХУ-тай ярилцаж Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллуулсан.
Ингэснээр энэхүү үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал дээр нэлээд дэвшил гарсан гэж бодож байгаа. Гэхдээ энэ нь шууд маргаашаас хэрэгжээд эхэлчих асуудал биш. Цаашид системтэйгээр дэс дараатай шийдэх юм. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан хүрээнд хуулийн дагуу шийдэгдэнэ гэсэн үг.
Үл хөдлөх хөрөнгийн гэрээг одоогийн энэ Үндсэн хууль батлагдахаас өмнө хийсэн учраас Үндсэн хуультай зөрчилдсөн асуудлууд байгаа. Харин ажлын хэсэг сайн ажиллаж нэг чиглэл рүү явах эхний алхмыг хийснээр дэвшил гарсан гэж үзэж байгаа.
-Яг ямар дэвшил гарсан гэж. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Нууцын зэрэглэлтэй учраас хэлэх боломжгүй. Ямар ч гэсэн дэвшил гарсан гэж ойлгож болно. Нэг л жишээ хэлье. Тодорхой тооны орон сууцны байруудыг Монголын талд хүлээлгэж өгөхөөр болсон. Энэ ажил алхам алхмаар урагшаа явна.
-Тухайн барилгуудын зарим нь балгас болж, ихэнх нь хувьчлагдсан шүү дээ. Энэ асуудлыг яаж шийдсэн юм бэ?
-Харин яг наад асуудал дээр чинь л дэвшил гарсан гэж ойлго. Эхний алхмууд хийгдэж эхэлж байгаа.
-Тэгвэл эргэж нэхэгдэж байгаа объект дотор ямар, ямар барилга байгууламж багтаж байгааг хэлж болох уу?
-Угаасаа Оросын тал барилга байгууламжаа нэхсэн зүйл байхгүй. Тухайн байгууламж нь ОХУ-ын өмч. Гэхдээ манай нутаг дэвсгэр дээр байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуульд заагдсаны дагуу газар нь бидний өмч байгаа.
-Эсвэл манайханд түрээслүүлнэ гээд байгаа юм уу. Түрээс нэхсэн сураг сонсогдсон?
-Оросын өмч учраас түрээслүүлэх үү, худалдах уу, өөрсдөө ашиглах уу гэдэг нь тэдний л хэрэг. Манай газар нутаг дээр байгаа ОХУ-ын өмч учраас тэр асуудлыг тэд өөрсдөө шийдэх эрхтэй. Тиймээс заримыг нь борлуулах уу, түрээслэх үү, Монгол Улсад шилжүүлж өгөх үү, эсвэл өөрсдөө цааш нь аваад явах уу гэдэг олон арга байна.
Эдгээрийг энэхүү хуралдаанаар хэлэлцэж тодорхой алхмуудыг хийж чадсан. Тиймээс энэ асуудал цаашид үргэлжлээд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хоёр орны хооронд 1949 онд байгуулсан төмөр замын гэрээг шинэчлэх талаар ярилцсан биз дээ?
-Төмөр замын 1949 оны хэлэлцээрийн талаар ярилцсан. Үүнийг олон жил ярьж байна. Монголын талаас санал тавьсан. Ингэснээр шинэ төмөр зам тавих, Таван толгойн ордтой холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцэж ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон.
Ер нь хэлэлцээрээр тухайн асуудлыг нэг бүрчлэн шийдэхгүй шүү дээ. Ямартай ч хэлэлцсэн асуудлууд дээр тодорхой ахиц гарсан. Тиймээс цаашид манай холбогдох байгууллагууд хийх аж- лынхаа төлөвлөгөөг гаргаад түүнийхээ дагуу нягт нямбай, дэс дараатай ажиллах ёстой.
-Оросын талаас хамтарсан зарим үйлдвэрийг нэгтгэх санал тавьсан нь ямар учиртай юм бэ?
-Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, төмөр замын асуудлыг тус тусад нь хэлэлцсэн. Оросын талаас зарим үйлдвэрийг нэгтгэх гэсэн санал гарсан ч манайх шаардлагагүй гэдэг санал тавьсан. Ажлын хэсгээ цаашид үргэлжлүүлэн ажиллуулж, дэд ажлын хэсгийнхээ хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Монгол-Оросын хамтарсан төмөр замын өмчлөлийн харьцааг 51:49 болгох асуудал олон жилийн турш хэлэлцээний үеэр яригдаж ирсэн. Өмнөх хуралдааны үеэр ярьсан зүйлүүдээ цааш үргэлжлүүлж ойрын хугацаанд тодорхой үр дүнд хүрч, шийдвэр гаргана гэсэн асуудал тавьж байгаа юм.
Түүнээс Засгийн газар хоорондын хуралдаанаар нэг бүрчлэн асуудлыг шийдээд явдаггүй. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан хоёр талын холбогдох байгууллагуудад гарцыг нь зааж өгөх, асуудлыг шийдвэрлэх зарчмуудыг шийдэж өгөх л үүрэгтэй шүү дээ.
-Манай улсын хувьд ОХУ-тай хамгийн түрүүнд ярилцах, мөн тохиролцох ёстой зүйл бол мэдээж шатахууны нөөц, үнийн асуудал. Хамтарсан хуралдаанаар энэ талаар ахиц дэвшил гарав уу?
-ОХУ-аас авч байгаа нефтийн бүтээг дэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлж 2-3 сая тонн болгох саналыг манай талаас тавьсан. Үүнийг Оросын тал судалж үзэж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Мөн ОХУ-ын “Роснефть” компаниас манай оронд нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг аль болохоор өсгөхгүй байхыг санал болгосон.
-Манай талаас өөр ямар хүсэлт гаргасан бэ?
-Мэдээж аль аль талаасаа хүсэлт гаргаж протоколд нь тусгаж өгсөн талаар л ярьж байна.
-Ээлжит хуралдаанаа хийх талаар манай Засгийн газраас тавьсан хүсэлтийг ОХУ хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэсэн нь цаа гуураа Тавантолгой ордод санаатай байгаа гэлцэх юм. Хэлэлцээрийн явцад энэ тухай дурдаж байх юм уу?
-ОХУ яагаад Тавантолгойд хувь оруулж хамтарч ажиллаж болохгүй гэж. Дэлхийн олон орноос ийм санал ирдэг. Хоёр хөрш оронтойгоо энэ асуудлаар хамтарч ажиллахад юу нь буруу гэж. Тэд ч ийм бодолтой байгаа юм билээ. Гэхдээ энэ бол Засгийн газар хоорондын комиссын эрхлэх асуудлаас гадуур яригдах зүйл.
-Энэхүү хэлэлцээрийн талаар хэвлэлээр янз янзаар л бичиж байна. Үүнд Та бодитой хариулт өгөх байх аа?
-Би бас хараад л сууж байна. Сүүлийн үед иймэрхүү зүйлд дөжирчихсөн шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх нь хор уршигтай. Саяын хуралдаанаар хоёр тал маш олон зүйл дээр санал нэгдсэн. Харин санал зөрөлдсөн асуудал байвал аль аль тал нь судалж үзээд уулзаж ярилцах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Дараагийн хуралдааныг хэдийд хийхээр болов?

-Дараа жилийн сүүлийн улиралд болох болов уу гэсэн бодолтой байна.