Хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлав
УИХ-ын чуулганы хуралдаан
2013.01.11

Хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлав

УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанаар эхлээд  Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэхүү хуулиудын анхны хэлэлцүүлгийг өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхдээ хэд хэдэн саналыг нээлттэй үлдээж, бүрэн боловсруулах чиглэл өгсөн аж. Ингээд  саналуудыг бүрэн гүйцээж, боловсруулсан тухайгаа Байнгын хорооны ажлын хэсэг танилцуулж, хуулийн төслийн нэрийг “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хэмээн өөрчлөх саналыг дэмжин чуулганд оруулж ирж буйг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцуулгадаа дурдлаа.

Өмнө нь хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч дахин санал хураах шаардлагатай (/2/3-ын дэмжлэг авах) таван саналыг ажлын хэсгээс танилцуулж, дахин санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-аас илүү нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн учир өнөөдрийн Чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлгээр дахин санал хураалт явуулахаар болсныг тэрээр мөн онцолсон.

Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд банкуудыг хадгаламжийн даатгалын үйл ажиллагаанд хамруулах арга хэмжээ авах гэсэн заалт нэмэх санал мөн дэмжигдсэн аж.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар

Ингээд УИХ-ын дарга Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй арав гаруй саналуудаар  нэгбүрчлэн санал хураалт явуулахад үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн  дэмжлэгийг авсан юм.  Энэ үеэр зарим гишүүдийн асуултад нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны зүгээс тодруулга, хариултыг  өгч байсан. Дараа нь тогтоолын төсөл буцаах тухай хуулийн төслийг мөн баталсан.

Эцэст нь, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг гишүүдийн 69,1 хувиар батлав. Мөн энэ хуулийг дагалдсан долоон хуулийн төслийг ч гишүүд баталсан юм.

Дараа нь  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн юм.  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р,Гончигдорж  танилцуулсан.  Тэрээр байнгын хороогоор хэлэлцэгдэн, санал дүгнэлтэд тусгагдаад буй зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж өгөхийг хүссэн.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа

Энэ үеэр  УИХын гишүүн С.Дэмбэрэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой “баривчлах” гэдэг нь чухам ямар ойлголтыг агуулж байгааг тодруулж байлаа.  Байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналыг УИХ-ын дарга З.Энхболд унших үеэр Р.Бурмаа гишүүн асуулт асууж, Р.Гончигдорж гишүүн хариулсан. Ингээд зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлэв.