УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Яамны Сайд М.Сономпил.
2013.01.12

Эрчим хүчээ хэмнэх нь хамгийн чухал

Эрчим хүчний яамнаас энэ оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил” болгон зарлалаа. Тиймээс тус яам энэ жил эрчим хүчний үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээнүүдийн техникийн болон арилжааны алдагдлыг бууруулах, менежментийг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх технологуудыг нэвтрүүлэхээр ажиллах юм. Одоогоор эрчим хүчний үйлдвэрүүдийн алдагдлыг бууруулж, зардлыг хянахаар дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж цахилгаан станцууд ачааллаа даахаа болиод байгаа.

Энэ өвлийн эрчим хүчний системийн ачаалал 880-890 МВт хүрэх тооцоо гарчээ. Энэ мэтээр цаашид ч өсөх нь тодорхой учраас энэ хэрэглээг хангах талаар арга хэмжээнүүд авч эхлээд байгаагийн нэг нь 5 дугаар цахилгаан станц. Гэхдээ хамгийн чухал зүйл бол эрчим хүчний үр ашигтай хэрэглээ юм. Оны өмнөхөн тус яамнаас эрчим хүчний ачааллын оргил цаг болох 19-21 цагийн хооронд эрчим хүчээ зохистой хэрэглэхийг уриалж байсан. Үргэлжлүүлэн 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил” болгон зарлаж, иргэд, байгууллагууд, бүх нийтийг эрчим хүчээ хэмнэх үйл ажиллагаанд нэгтгэхийг зориод байна.