Худалдан авах ажиллагааны газартай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Роберт Вихтолтой уулзлаа
2013.01.15

Худалдан авах ажиллагааны газартай хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Роберт Вихтолыг хүлээн авч уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болоод өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын  үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд 1991 оноос  хойш АХБ-аас  манай улсад  нийт  1.0 тэрбум  орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг  оруулсан нь нийт  зээл  тусламжийн  дөрөвний нэг нь болж байгаа учраас том хамтрагч олон улсын байгууллага гэдгийг Шадар сайд онцоллоо. Тэрээр  Монгол Улс, АХБ-тай  хамтран ажиллах  2012-2016 оны стратегийн  баримт бичгийг  боловсруулан тус банкны Захирлуудын зөвлөлийн хурлаар батлуулж чадсанд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол улсын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд АХБ-тай  хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ шатанд хүргэх цаг ирсэн гэж үзэж Худалдан авах ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа  хэллээ. АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Роберт Вихтол “Хамтын ажиллагааг дараагийн шатанд  гаргахын тулд аль салбарт түлхүү ажиллах ёстой гэдгээ эхлээд тохирох хэрэгтэй. Чадавхийг бэхжүүлэх, техник арга зүйн чиглэлээр манай байгууллага түлхүү ажилладаг учраас Худалдан авах ажиллагааны чиглэлээр  хамтран ажиллах бүрэн боломжтой. Худалдан авалтын ажиллагаа оновчтой зөв байх нь дараагийн худалдан авалтад шууд нөлөөлдөг учраас боловсон хүчний чадавхийг сайжруулахын тулд сургалтанд хамруулж,  техник, тоног төхөөрөмжөөр хангахад  санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд  бэлэн байна” гэлээ.

АХБ-ны стратегийн  баримт бичигт  зам тээвэр, эрчим хүч, хот байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийн хүртээмжийг сайжруулах, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын шинэчлэлийг хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр  хамтран ажиллах юм байна.