Бямбацогт.С 2013.01.15 | Сайт: Vip76.mn

Хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ

Хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт бусад гишүүдийн хамт МУ-ын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ.

Улсын Их Хурлын гишүүдийн ирцийн асуудал нэлээдгүй маргаан дагуулж, олны анхаарал татаад байгаа билээ. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй гишүүний өмнөөс товчлуур дардаг асуудлыг болих хэрэгтэй хэмээн сөрөг хүчнийхэн ярих болов. Үнэхээр ч олны итгэлийг хүлээн төр түшилцэх хүндтэй үүргийг биелүүлж яваа хүмүүсийн хувьд улс орны чухал асуудалд өөрийн байр сууриа тусгах нь юу юунаас илүү эрхэм. Тиймээс цаашид хариуцлагатай байж, хуралдаанд ирцээ сайн бүрдүүлэх хэрэгтэй биз ээ. Энэ ч үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт бусад гишүүдийн хамт МУ-ын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. 

Та бүхэндээ тус хуулийн үзэл баримтлалыг бүрэн эхээр нь танилцуулж байна.

Нэг.Хуулийн төсөл боловсруулах болсон  үндэслэл, шаардлага

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж, “ирцийг ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлт, хуралдаан эхлэхэд болон санал хураахад заавал бүрдүүлсэн байвал зохино.” гэж тус тус заасан байдаг. Гэвч Улсын Их Хурлын үйл ажиллагаанд хуульд заасан ирцийг бүрдүүлэхгүй хуралдаан зохион байгуулах, санал хураалт явуулах, бусдын өмнөөс санал өгөх тохиолдол гарсаар байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчимтай гэж заасан байдаг. Энэхүү зарчим алдагдаж Улсын Их Хуралд гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, ард түмний элчийн үүрэгт ажлаа сонгогчдын эрх ашгийн төлөө биелүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байна.

Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурлын үйл ажиллагаа удааширч, ирц хүрэлцэхгүй байдалд орох, гарсан шийдвэрийн үр дүн, хууль тогтоомжийн чанар нь муудах зэрэг сөрөг үр дагавар гарах магадлалтай юм. Иймд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгож, гишүүний сонгогчийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулж хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төслийг санаачлан боловсруулсан болно.

Хоёр.Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд үзэл баримтлалд тусгагдсаны дагуу Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн төхөөрөмж ашиглах заалт, 2 дугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг зохицуулсан заалт туссан болно.

Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

1.Хуулийн төслийг баталснаар хууль тогтоох үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн орчин сайжирч, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн ажиллах зарчмыг боловсронгуй болгож, хууль тогтоох үйл явц түргэн шуурхай болох юм.

Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаархи санал

1.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн төсөлтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хамтад нь боловсруулсан болно.

ХУУЛЬ САНААЧЛАГЧИД