Төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2013.01.16

Төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлнэ

Төсөв, санхүүгийн салбарын шинэчлэлт хийх, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох  хүрээнд  Төсвийн тухай шинэ хууль батлагдан 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Энэ хүрээнд Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад төсөв, санхүү, төрийн сан, дотоод аудит, худалдан авах ажиллагааны чиглэлээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон Санхүү, хөрөнгө  оруулалтын хэлтсийн дарга нарт зориулан “Төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь” сэдэвт  уулзалт семинарыг  Сангийн яам, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны  байгууллага (JICA)-аас хамтран хэрэгжүүлж буй “Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Их тэнгэр цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Уулзалт семинарт  Сангийн сайд Ч.Улаан, Дэд сайд С.Пүрэв,  Жайкагийн  Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Исогай Тошинори нар оролцож төсвийн шинэчлэлийг хамтдаа хэрэгжүүлэх цаашид төсөв санхүүгийн чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.

Уулзалт, семинарт Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат “Төсвийн шинэчлэл”, Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга  Ц.Ариунсанаа “Төсвийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах талаар, Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга  Б.Отгонцэцэг “Төрийн сангийн нэгдсэн данс, төлбөр тооцоо”, Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг “Улсын салбарын дотоод аудит, түүний чиг хандлага”, Санхүү, худалдан авах ажиллагааны бодлогын газрын  Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Э.Хангай “Засгийн газрын худалдан авах ажиллагаа” сэдвүүдээр илтгэл тавив.

 Илтгэлүүдтэй холбогдуулан асуулт, ярилцлагыг зохион байгуулсан бөгөөд Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын зүгээс цаг үеэ олсон, үнэтэй мэдээллээр хангасан өндөр ач холбогдолтой семнар боллоо гэж онцлон тэмдэглэв.

 Уулзалт, семинарт нийтдээ 52 хүн хамрагдан оролцлоо.