Шадар сайд  Д.Тэрбишдагва аймгуудын удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн эрхлэх асуудлын хүрээний удирдлагуудын хамт аймаг, нийслэлийн дарга нартай уулзлаа.
2013.01.17

Шадар сайд Д.Тэрбишдагва аймгуудын удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл  төсвийг хэрэгжүүлэх асуудлаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарын  уулзалт  энэ өдрүүдэд  Төрийн ордонд болж  байна.

Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн эрхлэх асуудлын хүрээний  удирдлагуудын хамт  аймаг, нийслэлийн  дарга нартай уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын өмнөө тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд хийхээр төлөвлөсөн  ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Шадар сайд хэлэхдээ “Миний эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа  агентлагууд ард иргэдийн өмнө хамгийн тулгамдаад буй  амин чухал асуудлуудыг хариуцан, тэдгээрийг цаг алдалгүй шийдвэрлэж байх хариуцлагатай үүргийг хүлээж байгаа учраас Шинэчлэлийн Засгийн газрын шинэлэг үйл ажиллагааны эцсийн үр дүн та биднээс эхэлнэ” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд харъяа агентлагийн уриа, чиглэлийг танилцууллаа.

Тэрээр “Ард түмэн-Та хаан” хэрэглэгчдийн үндэсний форумыг зохион байгуулж хүнд суртлыг халах, төрийн үйлчилгээг сайжруулах иргэндээ ойрхон төр байх, ард түмнээ сонсох, хэрэглэгч ХААН байх үзлийг нэвтрүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ.

Тус танилцуулгатай холбогдуулан есөн аймгийн Засаг дарга нар өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Шадар сайд ирэх 18-нд салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нартай байгуулах гэрээнд  гарын үсэг зурна.