Бид чинь асуудал шийдэх гэж гарч ирсэн улс гэдгээ мартаж болохгүй
Шинэчлэлийн Засгийн газрын анхны нээлттэй хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонсон, зарим асуудлыг тодруулан ярилцаж, саналаа хэллээ.
2013.01.21

Бид чинь асуудал шийдэх гэж гарч ирсэн улс гэдгээ мартаж болохгүй

 Засгийн газрын гишүүдээс Ерөнхийлөгчийн тодруулсан зүйлийг болон хуралдааны үеэр түүний хэлсэн санал, дүгнэлтийг толилуулж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эрчим хүчний сайд М.Сономпилээс тодруулъя. Хоёрдугаар цахилгаан станц дээр хагас коксжсон нүүрс гаргах ажил яг юунаас болоод зогссон юм бэ? Ямар арга хэмжээ авч байгаа, ямар хариуцлага ногдуулсан гээд маш тодорхой хариулна уу?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Ажлын хэсэг гарсан. Тухайн технологийг үйлдвэрлэлд нэвтрээгүй байхад авчирч суурилуулсан байна гэсэн асуудал гарсан. Одоо үүнийг үргэлжлүүлэх үү, исвэл зогсоох уу гэдгийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. Тэгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эдийн засгийн хариуцлага тооцох асуудал байна уу? Хэнд ямар арга хэмжээ авч байна?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Үйлдвэрлэлд нэвтрээгүй технологийг яагаад хэрэглэхээр шийдсэнийг хуулийн байгууллага тогтооно. Одоогоор эдийн засгийн хохирол тэд болсон  гэсэн зүйл гараагүй байгаа.Үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи гэсэн дүгнэлтэд хүрсэн байгаа. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ийм асуудалд хуулийн зохицуулалт байгаа юу? Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хариулна уу?

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Албан тушаалдаа хайхрамжгүй хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг асуудлаар хууль эрх зүйн заалтууд бий. Үнэхээр баримттай, хуулийн зохих байгууллага шалгаад тодруулаад гаргаад ирвэл шийдэх боломжтой. Бид нэг зүйлд илүү анхаарах хэрэгтэй болоод байгаа.Шинэчлэлт өөрчлөлт хийнэ гээд иргэдрүү чиглэсэн алхам хийгээд байгаа.Гэхдээ иргэдэд хүндрэл бухимдал учруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизм сул байгаа. Энэ нь бусдыг өөгшүүлж байна. Одоо тэр Таван толгойд л гэхэд таардаггүй том жижиг машины дугуй шахсан асуудал байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан албан тушаалтнуудын хэрэг.Асуудлуудаа хуулийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ тэгээд огт туршигдаагүй үйлдвэр, технологи юм уу  гэдгийг Засгийн газар маш онцгой анхаарч авч үзэх хэрэгтэй. Одоо тэгээд коксжсон шахмал түлшээр хэдийд 50% ийг хангах талаар сайд Д.Ганхуяг хэлнэ үү?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Үйлдвэрийг ажиллуулахаар бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байна. Технологи нь үйлдвэрлэлд бүрэн нэвтрээгүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тийм бол зогсоох юм уу?Засгийн газар яах гэж байна?

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Хөндлөнгийн дүгнэлт гаргаж, Засгийн газарт оруулах ажил хийгдэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Дүгнэлтээ хурдан гаргуулаад Засгийн газар шийдмээр байна. Эрчим хүчний сайд М.Сономпилээс дахин нэг зүйл тодруулъя Тавдугаар цахилгаан станцын асуудал шийдэгдсэн үү? Ямар шатанд явж байна. Энэ хавар баригдаж эхлэх үү?

Эрчим хүчний сайд М.Сономпил: Тавдугаар цахилгаан станцын газрын асуудал, байршил нилээдгүй маргаантай байсан ч өнгөрсөн онд шийдэгдсэн. Эрчим хүчний яам, Хөгжлийн яам хамтраад гэрээ хэлэлцээрээ хийгээд ажил эхэлсэн байгаа. 

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тендерийн шалгаруулалт нь...

Эрчим хүчний сайд М.Сономпил: Тендерт өмнө нь шалгарсан газартайгаа гэрээ хэлэлцээр хийгдсэн байгаа. Нэг үгээр хэлбэл манайхаас гараад одоо Хөгжлийн яамны концессын газар байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид чинь үндсэндээ нэг Засгийн газар, нэг баг болж ажиллаж байгаа.Тийм учраас манайхаас гарсан, тэнд очсон, бид шийдсэн, тэд шийдээгүй байгаа гэж болохгүй.Нэг барьж авсан ажил, асуудлаа дуустал нь хойноос нь явах, үр дүнг гаргаж араас нь хөөцөлдөх хэрэгтэй. НийслэлийнЗасаг дарга Э.Бат-Үүлээс нэг зүйл асууя? Хөрсний бохирдол гээд ер нь ноцтой асуудал хөндөгдөөд байна. Бүр гүний худгийн төвшинд хүрсэн байгаа гэсэн.Гүний худаг дунджаар 40-100 метр.Бид тэр бохирдлыг хлорамин болоод химийн аргаар цэвэрлэдэг.Одоо тэр бохирдсон устай гэр хорооллын хөрсөн дээр байшин яаж барих гээд байна.Хотын хэмжээнд хөрсний бохирдлоос болоод найман худаг хаагдсан.Ийм үед ундны цэвэр усны асуудлыг хэрхэн шийдэх вэ? Энэ асуудлаас болоод гэр хорооллын барилгажилт зогсчихвол яах вэ? Улаанбаатарын энэ орчинд хаанаас усны эх үүсвэрээ шийдэх вэ? Нэгэнт хордсон хөрс олон жилээр цэвэршихгүй.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Гэр хорооллын хөрсний бохирдлыг шийдэх ганц зам бол ариутгах. Татуурга татаж цэвэрлэх байгууламжтай болгох. Одоо бол нүх ухаад тэндээ бие засаад байгаа. Тэрийг маш хурдан зогсоож, нэгдүгээрт хот төлөвлөлтийг хийж инженерийн байгууламжтай болгох. Өөрөөр хэлбэл цэвэрлэх байгууламжтай холбож асуудлыг шийдье гэж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хордсон хөрсийг яах гэж байгаа юм бэ?

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Хоёр арга хэмжээ авч байгаа. Нэгдүгээрт Солонгос улстай хамтран шинэ усны эх үүсвэрийн хайгуул хийж усны нөөц гаргаж байна.  Яармагийн дэнжид, гачууртын эх рүү япончуудтай хамтарсан төслөөр шинэ эх үүсвэрүүд гаргаж авч байна. Хуучин найм бол актлагдсан. Шинээр ашиглалтад оруулж буй худгуудаа хэрхэн хамгаалах асуудлаар ярилцаж байна. Энэ нь бас технологийн түвшинд хүнд байдаг юм билээ. Хамгаалах хамгийн сайн арга бол ханыг бүрэн битүүмжлэх. Тэгтэл тийм хэмжээний гүнд тэгж хамгаалалт хийх их хэцүү.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Цэвэрлэх байгууламжийн асуудал юу болсон, ямар явцтай байгаа вэ? Хэдэн жилийн өмнө тэнд байдал хүнд байсан.Түүнээс хойш төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд байдал хэр өөрчлөгдсөнбэ? Шинэ бохирын систем гэр хороололтой холбогдоход ачаалал маш ихээр нэмэгдэнэ. Энэ шийдэгдэхээр байгаа юу?

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Төв цэвэрлэх байгууламжаа янзалж, засварласан. Гэхдээ хэт их ачаалал ирвэл хүчин чадал бас хүрэлцэхгүй. Иймд нэмэлт цэвэрлэх байгууламжнисэх, яармагийн чиглэлд байгуулах асуудлаар гадны төслийнхэнтэй ярилцаж байгаа. Гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж байгуулах асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтраад судалж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид энэ ажлыг хэсэгчилж биш цогцоор алсыг харсан байдлаар шийдэх хэрэгтэй. Жишээлбэл бид арьс ширнийхэнд баахан мөнгө өгсөн. Тэгтэл арьс шир боловсруулж байна гээд бөөн химийн бодис урссан. Эхлээд цэвэрлэх байгууламжид нь мөнгө өгөөд хотоос гарган арьс ширээ боловсруулсан бол дээр байсан болов уу. Эсвэл аль нэг аймгийн төвд төвлөрүүлж шийдмээр ч юм уу. Дахин энэ байдал давтагдах вий, анхаараарай. За нэмээд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас маш тодорхой асууя. Барилгын шинэ стандартууд хэзээ батлагдах вэ? Сая тэр германы стандарт гэж ярьж байна. Бас хуучин байгаа энэ есөн давхруудаа дулаалаад бараг нэг дулааны цахилгаан станцын хэрэглээг хэмнэх боломжтой гэж яриад байгаа. Уг нь шинээр баригдаж байгаа байшин бүхэн дээр энэ стандарт хэрэгжих ёстой шүү дээ. Улаанбаатар хотод бүр илүү стандарт байх ёстой. Өнөөдөр барилгын зөвшөөрөл авахад энэ стандартууд хэргэжиж байна уу? Улаанбаатар хотод хүндрэл учруулахгүй шийдэгдэх боломж байгаа юу? Байхгүй бол хэзээ бий болох юм бэ?

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Барилгын норм дүрмийг шинэчлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Цаашид энэ норм дүрмүүдээ мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлээд дэд сайдаар ахлуулсан шинжлэх ухаан, техникийн зөвлөлд оруулах ажлыг хийж байгаа. Манайд нэвтэрч байгаа норм дүрмүүдийг үндэсний хэмжээнд нутагшуулах ажлыг хийж байгаа. Азийн хотуудын холбоо гэдэг байгууллага Улаанбаатар хотод судалгаа хийгээд угсармал барилгууд дээр дулаан алдагдлыг багасгахад 460 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ойлголоо. Шинээр баригдах барилга дээр өнөөдрөөс эхлээд хэрэгжих юм бий юу?

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Бид дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг л дэмжинэ гэдэг чиглэлээ гаргасан. Одоо стандартын үзлэг болж байгаа. Үүгээр барилгын стандартуудыг үзээд таны хэлсэн шиг шаардлага хангасан стандартуудыг шинээр батална.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Одоо нэг зогсох цэг гаргаад эндээс эхлэх цэг гэж зарлаад тэдэн сарын тэднээс барилга дээр ийм стандарт хэрэгжинэ гэдгээ мэдээлмээр байна.  

Шадар сайд Д.Тэрбишдагва: “Стандарт ба Монгол Улс” гэсэн хөтөлбөрийг Стандарт хэмжил зүйн газар уриагаа болгон ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Монгол Улсад 6200 стандарт байна. Яам бүр Төрийн нарийн бичгийн даргаараа ахлуулсан ажлын хэсэг гарган стандартдаа үзлэг хийж байгаа. Тэдгээрийн дотор хэрэггүй, хэрэгтэй, шинэчлэх стандартууд байна. Яамдын ажлын хэсэг хоёрдугаар сарын сүүлчээр дүнгээ танилцуулна. Дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд шинэ стандартууд боловсрогдоод тавдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хөтөлбөр батлаад хэрэгжүүлнэ гэвэл цаг алдана. Тулгамдсан асуудлаа одоо шийдээд явах хэрэгтэй. Бас нэг зүйл асууя. Улаанбаатарт ойрын 20 жилд 7-9 баллын газар хөдлөлт болох магадлал асар өндөр байна гэж хоёр жилийн өмнө ярьсан. Шинжлэх ухааны байгууллагууд нь Улаанбаатарыг тойрсон Гүнжийн, Эмээлтийн, Хустайн хагарал гурвыг судлаад байгаа. Жил ахих тусам Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлт хоёр дахин нэмэгдээд байна. 350 удаа хөдөлж байсан бол 2012 оны дүнгээр 700 удаа хөдөлсөн байна. Долоон баллаар хөдлөхөд барилга байгууламжийн 70 хувь нь нурахаар байгаа. Үүнээс айх биш бэлтгэлтэй байя гэсэн. Одоо та нар яг юу хийж байна? ҮАБЗ-д мэдээлэл өгөх ёстой учраас хараад л байна.

Шадар сайд Д.Тэрбишдагва: ҮАБЗ-өөс өнгөрсөн жил чиглэл өгсний дагуу Гамшгаас хамгаалах төв дээр яг энэ газар хөдлөх асуудлаар Засгийн газраас 24 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байгуулаад ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт ажлынхаа дүнг надад танилцуулна. Тэгээд танд танилцуулна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Олон нийтэд танилцуулах ажлаа байнга хийж баймаар байна. Улаан сайдаас нэг асуулт асууя. Яг аймаг, сум цуглуулаад өөрсдөө зарцуулдаг хэдэн татвар байна?

Сангийн сайд Ч.Улаан: Шинээр мөрдөгдөж буй хуулийн дагуу орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал, ус, байгалийн баялаг ашигласны татварууд сум, аймагтаа орж, өөрсдөө зарцуулах болно. Халамж, байгаль хамгаалах үйлчилгээний бүх зардлыг орон нутгаасаа санхүүжүүлнэ. Төсөв, үйлчилгээ нь хамтдаа орон нутагт шилжсэн. Өмнөх онтой харьцуулбал орон нутгийн төсөв, орлого гурав дахин нэмэгдэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  Орон нутгийн иргэд орлого олоод тэнд нь бүтээн байгуулалт өрнөвөл Улаанбаатар шилждэг нь зогсоно. Гол нь энэ.

Сангийн сайд Ч.Улаан: Тийм. Өнөө жил орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөгийн эрх шинээр шилжиж очиж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  Эдийн засгийн төлөвлөлтийн хэдэн сараас цаашихыг Батбаяр сайд хариуцаж байгааг би мэдэхгүй байна. Хэдэн сараас цаадахыг эдийн засгийн хөгжил гэж харж байгаа юм. Яг хөдөөд чиглэсэн, сум ийм болно, аймаг ийм болно, алс холын иргэд ийм хэмжээнд амьдарна, одоо бид ийм зүйл төлөвлөж байна, хийж байна гэдгээ хэлж өгнө үү?

Хөгжлийн сайд Н.Батбаяр: Үнэхээр хотын асуудлыг шийддэг шиг хөдөөгийн асуудлыг шийдэх ёстой. Ерөөсөө Монгол Улсын хөгжлийн асуудал хөдөөд чиглэх ёстой. Хот руу хийж буй нүүдлийг зогсооё гэж байгаа бол хөдөө сайхан болох учиртай. Бодлого барьж буй яамны хувьд Монгол Улсын тэргүүлэх салбар бол уул уурхай биш, хэдэн үеэр нь монголчуудыг тэжээсэн мал аж ахуй байх болно гэж үзэж байна. Энэ утгаар хөдөөд чиглэсэн “Сум” төсөл бий. Сум юу үйлдвэрлэх, түүнийгээ яаж борлуулах юм гэдгийг хамтад нь авч үзнэ. Одоогоор хүн ам зүй, эдийн засгийн, санхүүгийн судалгаанууд хийгээд дуусч байна. Аймгийн Засаг дарга нартай эндээс гараад уулзана. Сумтай, аймагтай яаж хамтран ажиллахаа ярих юм. Нэг сумыг онцлолгүй гудамж төсөл шиг нийтлэг загвараа гаргаж ирнэ. Хоёрдугаар сард бэлэн болоод орон даяар хэрэгжиж эхэлнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Шинэ сумын төв төсөл гэж ярьж байсан, тэр үргэлжилж байна уу?

Хөгжлийн сайд Н.Батбаяр: Тэр төслийг л яриад байна. Тэрүүгээр 2013 оны төсөлд Баянхонгорын 2 сум, дээр нь Замын-Үүдийг зааж өгсөн. Замын-Үүд бол хамгийн олон хүнтэй сум, тэнд 15 тэрбум төгрөг тавьж өгсөн. Гурван суманд амжилттай болбол дараагийн сумдыг хамруулна. Хөдөө амьдрах нь сайхан байна гэдгийг л харуулна. Малчдын хөдөлмөрийг зөвөөр үнэлэхэд анхаарч байна. Ноосны урамшууллын дараа арьс ширний асуудал гарч ирсэн бол улмаар сүү, махных гээд явна. Өөрөөр хэлбэл бодит баялаг бүтээж буй хүмүүсийн амьдрал сайн болдог тогтолцоо руу явуулна. Ганц Улаанбаатарыг авч үзэхгүй. Улаанбаатар болохгүй байгаа учраас “Гудамж” төслийг гаргаж ирж байна. Энэ нь цаашлаад аймгийн төвүүдийн төсөл болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  Лу.Болд гишүүн юу асуув аа. Засгийн газрын гишүүн байж, өргөн барьсан хуулиа Засгийн газрын гишүүдээс асуугаад байгаа юм уу? Нийслэлийн Засаг дарга мэдээгүй хуулийг “Газрын хуулийн төсөл” гээд өргөн барьчихсан юм биш биз? Бат-Үүлээс юу тодруулж асууж байгаа юм.

Гадаад харилцааны сайд Лу.Болд: Саналыг нь асууж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  Та нар хэлэлцэнэ шүү дээ. Би гайхаж байна. Сонгуулиар юм амлачихаад нэг хэсэг хүний саналыг тусгаад түүнийгээ түргэн түүхий оруулдаг. Тэрийг нь хэлэлцэж ч болдоггүй, татаж авч ч болдоггүй юм болдог. Улаанбаатар доторх хордсон бохирдсон газраа 0,7 га гэж хэмжээ заадаг юм байгаа биз. Тэрнээс хотоос гадагшаа Төв аймгийн тойрог дотор бол 1 га, дараагийн тойрог дээр 2 га, гурав дахь тойрог дээр 3 га, дөрөв дэх дээр 4 га, тав дахь дээр 5 га эзэмшинэ гээд заагаад өгөх хэрэгтэй. хүн тэр эзэмших хөрөнгөөрөө татагдана шүү дээ. Ийм байдлаар харж газрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дэлхийд нэг хүнд ногдох газраараа хамгийн их мөртлөө ганц хот руугаа төвлөрсөн, хамгийн буруу зохион байгуулалттай улс болчихоод байна. Үүнийг шийдэх ёстой. Ингэвэл бидний өнөөдөр ярьж буй үндсэн асуудлыг шийдэхэд хамгийн гол зүйл болно. Тэр хуулиа УИХ дээр ажлын хэсэг гаргаад сайжруулж гаргаарай. Би хальт сонсоод сайн хуулийн төсөл орж чадсан юм уу, үгүй юу гэж бодоод байна. Гансүх сайдаас нэг асуулт асууя. Богд уулын урдуур тавигдах төмөр зам юу болсон бэ? Одоо Монголын Улаанбаатар төмөр зам чинь Эмээлтийн өртөөнд ирээд баахан мушгираад толгой нэмж байж татаж гарч ирдгийг мэдэж байгаа биз дээ? Мөн Хонхорын тэнд даваа давах гэж толгой нэмж залгадаг. Иймээс энэ чиглэлийг өөрчилж, Богд уулын урдуур зам тавихаар тогтож, техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ хэдийнэ гаргаад байсан. Гэтэл энэ ажил чухам ямар учраас зогсчихоод байна вэ? Энэ төмөр замын барилгын ажил хэзээ эхлэх вэ? Энэхүү төмөр зам хотын төвлөрлийг сааруулахад зайлшгүй шаардагдах дэд бүтцийн амин чухал хэсэг нь юм. Энэ ажлыг хэн хариуцаж байна вэ?

Зам, тээврийн сайд А.Гансүх: Энэ асуудал яригдаж байгаа. Бондын санхүүжилтээр энэ төмөр замыг барьж байгуулахаар саналаа өгсөн. Бондын хөрөнгөөр санхүүжих жагсаалтад орсон. Эхний ээлжинд 36 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм. Урьдчилсан ТЭЗҮ-ийг гаргасан, үндсэн ажил хэрэгжилтийн шатанд явж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Урьдчилсан гэж юу гэсэн үг вэ? Төгсгөлийн ТЭЗҮ нь хэзээ гарах юм?

Зам, тээврийн сайд А.Гансүх: Урьдчилсан гэдэг нь Улаанбаатар төмөр замын хийсэн ТЭЗҮ юм. Энэ ТЭЗҮ-ийг аваад төмөр замын ажлыг дуусгах боломж бий.

Ц.Элбэгдорж: Та бүхний төлөвлөгөө хэзээ эцэслэн батлагдаж, Богд уулын урдуурх төмөр зам чухам хэдийд бэлэн болох вэ?

Зам, тээврийн сайд А.Гансүх: Бидний төлөвлөж буйгаар хөрөнгө мөнгийг нь шийдэж өгвөл 2016 он гэхэд төмөр замын барилгын ажил бүрэн дуусах болно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гантөмөр сайдаас асуух зүйл байна. Оюутны хотхоныг өмнөх Засгийн газар удтал ярьсны эцэст Багануурын чиглэлд байгуулахаар тогтсон. Аймгийн төвүүдийг түшиглээд, тодорхой чиглэлүүдээр их дээд сургуулиудын цогцолбор байгуулъя гэж ярьсан. Хотод буй 148 мянган оюутан, үүнийг дагасан асар том бүтэц байгаа. Хотын төвлөрөл, хөдөлгөөний ачааллыг бууруулахад энэ нь маш том түлхэц болох учраас уг ажлыг орхигдуулах ёсгүй гэж ярилцсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Нөхцөл байдал үнэхээр түүхий байна. Багануурт 500 мянган хүнтэй хот байгуулна гэж төлөвлөсөн. Гэтэл энэ ажил бүтэхээргүй болоод байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  Тэгэхээр энэ ажлыг бүрэн зогсоосон гэсэн үг үү?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Судалгааны ажлыг үргэлжлүүлж байгаа хэдий ч дүн хараахан гараагүй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Тодорхой хариу өгнө үү. Бүсийн төвүүдийг түшиглээд тодорхой чиглэлээр их дээд сургуулийн цогцолбор байгуулах тухай бид арав гаруй жил ярьсан шүү дээ. Энэ ажил ямар шатандаа хэрэгжиж байна?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Бүх ажил судалгааны түвшинд учраас одоо тоймтой хариулт өгөхөд хэцүү байна. Багануурын оюутны хотхон гэхэд 500 мянган хүнтэй хэмээн төлөвлөлт хийчихээд урагш алхаж чадахгүй болж байна. Тэгэхээр бүгдийг эхнээс нь шинээр хийхээс аргагүй мэт байдалтай боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Үүнийг шийдэхээр ажлын алба байгуулагдаад, дарга нь томилогдоод явсан шүү дээ?

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Буруу үндэс суурин дээрээс судалгаа хийсэн учраас шууд ашиглах боломжгүй юм. Иймээс байдал хүндрэлтэй байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гансүх сайдаас асууя. Хэрэв хотоос төмөр замыг гаргачихвал чингэлэг, агуулах, ачиж буулгахтай холбоотой үйлчилгээ олон бий. Энэ ажил төлөвлөгөөнд орсон уу

Зам, тээврийн сайд А.Гансүх: Энэ ажил нь бидний төслийн хамгийн чухал хэсгийн нэг юм. Цаашид төмөр зам дагасан аж ахуй нийтээрээ хотоос гарна. Ингэснээр их хэмжээний газар чөлөөлөгдөж, аюулгүй байдал сайжирч, экологийн эрүүл орчин бүрдэнэ. Чөлөөлөгдсөн газарт бүтээн байгуулалт өрнөх нь тодорхой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Асууж тодруулах зүйл их байгаа ч санал руугаа оръё.

Утаа гэж төлөөлүүлэн ярьдаг болохоос үүний цаана хөрсний бохирдол, газар дорх инженерийн шугам сүлжээ, хот, хөдөөгийн хөгжлөө хэрхэн уялдуулах гээд том асуудлууд шийдлээ хүлээж байна

Миний хувьд өнөөдөр Засгийн газрын хуралдаанд оролцох боломж гарсанд баярлаж байна. Агаарын бохирдолтой холбоотой хууль 2011 оны хоёрдугаар сарын 10-нд гарсан. Энэ жилийн Цагаан сарын битүүний өдөр дээрх хуулийн хоёр жилийн ойтой давхцаж байгаа. Иймээс ард иргэд маань энэхүү нээлттэй хуралдааныг харж, утаа, агаарын бохирдлыг хэрхэн хэлэлцэхийг анзааран суугаа. Утаа гэж бид төлөөлүүлэн ярьдаг болохоос үүний цаана хөрсний бохирдол, газар дорх инженерийн шугам сүлжээ гээд олон хурцадсан асуудал бий. Түүнчлэн цаашид хот, хөдөөгийн хөгжлөө хэрхэн уялдуулах гээд том асуудлууд биднийг хүлээж байна.

Улаанбаатарт өнөөдөр аюултай халдварт өвчин асар хурдацтай тархах боломж нээлттэй байна. Устгагдсан гэж үзэж байсан аймшигт халдварт өвчин бидний дунд тархвал хэрхэх вэ? Мөн газар хөдлөлтийн аюул байна. Бид бэлтгэлтэй, урьдчилан төлөвлөсөн байх ёстой. Би иргэддээ хоёр жилийн өмнө хэлж байсан. “Улаанбаатар хотыг зүглээд хэрэггүй. Агаар нь хортой, ирээд суурьших газрын хөрс нь, уух ус нь бохир байхад наашаа зүтгэх хэрэг юун” гэж.

Хөдөө сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэхээр төр засгаас олон зүйлийг хийж буй нь бидний ярианаас харагдаж байна. Засгийн газрын хуралдаанд Ерөнхийлөгч оролцох боломж, эрхийг Ерөнхий сайд сая уншсан. Ийм эрх, боломж нь бий. Анхаарал татсан асуудлаар Засгийн газрын гишүүд, Улаанбаатарын удирдлага хамт сууж, асуудлаа нийтээрээ шийдээд хүч нөөцөө төвлөрүүлж, гаргасан шийдвэрээ үр дүн гартал нь хэрэгжүүлэх боломжтой. Ингэж хамтарч хэлэлцэх нь өнөөдрийн хуралдааны ач холбогдол юм. Хэд хоногийн өмнө УИХ-д асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэж хаалттай хуралдсан. Харин өнөөдөр Засгийн газрын нээлттэй хуралдаан болж байна. УИХ-ын чуулганаар бид ерөнхий механизм, аргачлалаа тогтоож ярилцсан. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд хамтран зарим чухал асуудлаа ярилцаад шийдэл нь шаардлагатай, боломжтой бол Засгийн газрын түвшинд шийдвэрлэх механизмд шилжиж байна гэж би хувьдаа үзэж байна.

Утаа бусад олон асуудлын суурь шийдэл нь гэдгийг Засгийн газрын гишүүд харсан байх. Утаа нь бид бүхэнд өглөө, орой болгон сануулга өгч байдаг. Иймээс энэ сануулгыг авсан албан тушаалтан өөрийн хийж буй ажил, гаргаж буй шийдвэрээ утааны асуудлыг шийдэхэд үргэлж уялдуулж байх учиртай. Хот хөдөөгийн хөгжил, төлөвлөлт, дэд бүтэц, зам, түлш, эрчим хүч гээд бүгд Улаанбаатарын утааны асуудалтай уялдаа холбоотой. Мөн эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, хүн ам зүй, удмын сан, эрүүл мэнд, аюулгүй эрүүл орчинд амьдрах, байгаль орчин, соёл, аялал жуулчлал, боловсрол гээд энэ бүх асуудалтай холбогдож буй юм. Түүнчлэн хариуцлагатай, бас хууль эрх зүй, батлан хамгаалах зэрэг асуудлыг ч холбож харах боломжтой.

Үүнээс аваад үзэхэд энэ асуудлаас Засгийн газрын аливаа гишүүн ангид, гадуур байх боломжгүй. Засгийн газрын гишүүд, энд байгаа хүмүүсийн оролцоо шийдвэрлэх үүрэгтэй гэдэг нь харагдаж буй. Гамшгийн түвшинд гэж үзэж буй асуудал бол хамгийн ихээр ач холбогдол өгч, яаралтай шийдэх шаардлагатай асуудал байдаг. Гадны санхүүжилт зогсоод байгааг Сангийн сайд Ч.Улаан анхаарах нь зүйтэй байх. Мянганы сорилтын сангийн санхүүжилт, ЖАЙКА-гийн төслийнхугацаа дуусч байгаа. Иймээс Монгол Улс гартаа авч, төсөвтөө төлөвлөж, тодорхой яамд нь энэ асуудлыг авч үзэхгүй бол өмнө нь байсан санхүүжилт дуусч байгаа шүү гэдгийг хэлэх хэрэгтэй.

Энэ жилийн төсөвт зуухны мөнгө бүрэн биш ч тодорхой хэмжээгээр туссан. Тэгэхээр өөр олон асуудал тулгараад байгаа нь харагдаж байна. Энэ нь олон жил хуримтлагдсан, хуучин асуудал хэдий ч шинэ шийдэл хэрэгтэй байгааг саяын бидний ярилцлагаас тодорхой болсон болов уу.

Эдгээрийг холбоод аваад үзэхэд Н.Батбаяр сайд, Ц.Баярсайхан сайд бид ярилцсан. Хөгжлийн, дагуул хотуудын, шинэ стандарт мөрдөгдөхтэй холбогдсон асуудлууд байна. Монголчууд одоо уудам нутагтаа тарж сууж амьдаръя. Амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд төр, засгаас туслах юм байна гэдгийг л бид хармаар байна. Хотын төвд, гэр хороололд байшин барих асуудал байж магадгүй. Миний харж байгаагаар хотын төвөөс алсхан шиг, Төв аймгийн сумд руу хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийг л урамшуулаад өг л дөө. Улаанбаатар өөрөө бараг газаргүй болчихсон сууж байгаа шүү дээ. Хөдөө аймгийн төвд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийг л урамшуулаад өг. Тэгээд тэнд тодорхой хөрөнгө оруулалтынх нь хэлбэрийг “ийм салбарт хөрөнгө оруулалт хийх юм бол”гэж бүр зааж өгмөөр байгаа юм.

Хотын гадуур баригдаж байгаа барилгад, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг л урамшуулаад өг. Хүн гараад амьдрахад хүүхдээ явуулах цэцэрлэг байна уу, сургууль, эмнэлэг байна уу, эрчим хүч, дулаан нь байна уу гэсэн таван л юм хардаг шүү дээ. Энэ таван зүйлийг хотоос 100 км-ын цаана, магадгүй 50 км-ын цаана төлөвлөгөө гаргаад шилжүүлэх юм бол бас их боломжууд байгаа юм. Энэ чиглэлд төлөвлөлт, бүх зүйлээ хийж хандвал их зүгээр юм биш үү гэж хэлэх гээд байгаа юм.

Хөрөнгө оруулалтын орчин муу байна. Улсын нийслэл Улаанбаатар нь утаатай байна гэдэг чинь хөгжлийн орчин муу байна гэсэн үг. Н.Батбаяр сайдад хандаж хэлэхэд Улаанбаатарын утаа бондын хүүд нөлөөлж байгаа шүү. Бондын хүүд нөлөөлөх асуудлыг маш их анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчин л байхгүй юу энэ бол. Хүн амьдрах орчин муутай байгаа улсад хөрөнгө оруулалт яаж орж ирэх вэ. Хөгжилд нөлөөлөөд байгаа юм. Энэ талаас нь харж яаралтай шийдэх хэрэгтэй.

Бас түлш, эрчим хүчний асуудал байна. Утааны гол шийдэл бол ерөөсөө түлш, эрчим хүч тойрсон л асуудал байгаа юм. Машинаа бүртгүүлдэг учраас 300 мянган машины асуудал гарч байна. Яг Улаанбаатарт явж байгаа нь 200-гаад мянган машин байгаа. Улаанбаатарт байгаа нийт яндан, утаа, бүх зүйлээ оруулаад, одоо ирэх айлуудын янданг оруулахад дахиад 200 мянган яндан байгаа. Олон тоо, бутархай тоо хэлээд байх хэрэггүй. 200 мянга, 200 мянга гээд тооцоход ер нь болно. Ингэж харж, төлөвлөгөөгөө гаргаж явах юм бол болно.

Нэг хөндийд 20 яндангаас утаа гаргаад, 20 газар май тавиад үз дээ. Дорхноо утаанд бүрхэгддэг шүү дээ. Тэгэхэд цахилгаан станцын том яндангаас авахуулаад айлын жижиг яндан, уурын зуухны яндан хүртэл 200 мянган яндан гээд бод доо. Дээр нь түгжрэлд орсон 200 мянган машины утаа. Ийм нөхцөлд бид амьдраад байгаа юм.

Тавдугаар цахилгаан станцын асуудал дээр Ерөнхий сайд эрчим хүчний чиглэлийн талаар сонсоод, Засгийн газар сэтгэл гаргаж, шийдэл гаргаж нэлээд хурдтай маягаар ажиллах гэж байгаад талархаж байна. Гэхдээ одоо үүн дээр үр дүн гаргах хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станцын анхны шавыг 2000 онд тавьсан байдаг. Одоо 13 жил боллоо. Долоо дахь шаваа тавиагүй л яваа байх. М.Сономпил сайд газраа авчихсан, одоо шаваа тавиад эхлүүлэх ёстой. Бид ийм байж болох уу.

Монголд нэг ийм синдром үүссэн шүү. Нэг газар хүн юм хийх гэхээр хийлгэдэггүй байх. Бид хийнэ гэсэн хөтөлбөртэй орсон улсууд. Одоо хийхгүй хөтөлбөртэй л болчихоод байгаа. Тавдугаар цахилгаан станцын асуудал гурван сонгуулийн намуудын мөрийн хөтөлбөрт туссан. Тэгээд шийдэгдээгүй. Тэр хийнэ гэдэг хөтөлбөр чинь худлаа болоод байгаа байхгүй юу. Хийхгүй гэдэг хөтөлбөртэй орж байгаатай адилхан. 

Одоо энэ вакумдсан байдлаасаа бид гармаар байна. М.Сономпил сайд мэдэж байгаа, эрчим хүчний импорт бүр нэмэгдэж байгаа биз дээ. Оросоос авдаг, бидний төлдөг эрчим хүчний импорт нэмэгдээд байгаа шүү дээ. Монгол эрчим хүчний хувьд диваажин байх боломжтой. Монгол Улс ийм их нүүрстэй. Нүүрснийхээ уурхайн ам бүхэн дээр цахилгаан станц барьчих юм бол хамгийн хямд эрчим хүч хэрэглэх боломжтой гэж яриад байгаа. Монгол өнөөдөр эрчим хүчний диваажин биш, эрчим хүчний гуйлгачин болчихоод байна. Гуйсан, хамаарсан, ийм л байдалтайгаа суугаад байгаа. Нэгээс долоон ийм асуудлыг бид эрэмбэлсэн шүү дээ. Иймэрхүү асуудлуудыг маш хурдан шийдээд, хойноос нь барьж хөөцөлдөхгүй бол болохгүй байгаа юм.

Утаа бол хариуцлагатай, утаа бол эзэнтэй байгаа юм. Айл бүхний яндангийн ард эзэн сууж байгаа. Машин бүхний ард эзэн сууж байгаа. Одоо энэ асуудлыг иргэдтэйгээ холбож биш, албан тушаалтантай холбож шийдмээр байгаа юм. Асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнийг энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага тооцож болдог. Огцруулж болдог. Засгийн газартай хариуцлага тооцох нэг үндэслэл энэ байдаг. Би өмнө нь хуулийн төсөл УИХ-д өргөн барихад уг нь үүнийг оруулж өгсөн юм. Улаанбаатарын Засаг дарга, удирдлага, дүүргийн Засаг дарга, удирдлагатай хариуцлага тооцох үндэслэл болно гэж оруулсан.

Гэтэл өнөөдөр II цахилгаан станц дээр туршигдаагүй техник оруулчихаад, тийм юм байна гээд дараагийн Засгийн газар нь дүгнэлт гаргаж байдаг. Үнэхээр хэн буруутай этгээд вэ гэдэг асуудал огт яригдахгүй. Иймэрхүү байгаад байгаа юм. Магадгүй, Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт оруулж болно. Хариуцлагын асуудлыг оруулж болно. Түрүүн А.Гансүх сайдад хэлсэн. Энэ төмөр зам баригдаагүй байгаа асуудлыг өөрөө хүлээнэ шүү гэж. Өмнө нь өөр сайд байсан, шийдээгүй байсан гэсэн иймэрхүү маягаар хандаж болохгүй.

Түрүүн Э.Бат-Үүл дарга хэлж байсан. Үнэхээр энэ Улаанбаатараас гарах гарцыг л хурдан олон болгоод өг. Наад зах нь дөрвөн зүг рүүгээ дөрвөн урсгалтай замаар л хурдан гардаг болго. Тэгээд буцаад Улаанбаатарт хурдан орж ирж болдог болго. Тойрсон замыг ч хурдан барь. Богд уулын цаагуур, тойргоо бас томхон хармаар байгаа юм. Хойт том уулууд байна. Бүр тэдний цаад талаар, Богд уулын цаад талаар том тойрогтой бол. Тэгээд гол замууд нь холбогдчихдог л байх юм бол тэр тойрог замын цаана хүн очиж амьдрах гээд байна. Хорин минут давхиад л Улаанбаатарын төвд ажилдаа ирдэг байвал боллоо шүү дээ. Хоёр цаг явдаг байсныг ярьсаар байгаад өнөөдөр автобусны замын асуудлыг шийдээд арай өөр болгосон гээд байгаа. Энэ нөхцөлийг л замаар дамжиж хангана. Улаанбаатараас гарч байгаа замуудын урсгалыг асар олон болгож шийдэх хэрэгтэй байгаа юм.

Төмөр зам дээр нэг юм хэлчихье. Ерөнхий сайд мэдэж байгаа байх. А.Гансүх сайд аа, наашаа хар даа. Шинэ төмөр замыг 2013 онд хүлээж авна гэсэн байгаа шүү. ҮАБЗ-ийн зөвлөмжид ингэж байгаа. УИХ-ын шийдвэрт ч байгаа. 2013 он гэхэд эхний шинэ төмөр зам баригдаад дууссан байх ёстой. Хаана байна тэр? Төмөр замын асуудлаа, өмнө нь баталсан, ярьсан зүйлээ болохгүй байгаа бол яаж өөрчлөх вэ. Ямар байдлаар шийдэх вэ гэдэг шийдлээ гаргаад УИХ-тайгаа хэдүүлээ ярилцъя л даа. Шийдэж болохгүй асуудал биш биз дээ. Бидний шийдвэрээс, улс төрөөс, хуулиас, хөтөлбөрөөс хамаараад байгаа бол хэдүүлээ шийдье.

Д.Тэрбишдагва сайд оновчтой нэг үг хэлсэн байна лээ. Хэрэглэгч хаан, ард түмэн хаан гэж. Нөгөө хэдэн хаан чинь, ард түмний чинь 40 хувь одоо угаартаад унаж байна. Үүн дээр албан тушаалтан хариуцлагатай байх ёстой. Албан тушаалтан хийх ёстой юмаа, бид эндээс шийдэх ёстой юмаа шийдэхгүй бол явахгүй. Хүн амын өвчлөл, энэ гарч байгаа нялх хүүхдийн байдал, урагтай холбогдсон асуудал бол маш их хэцүү байгаа.

Түрүүн Х.Баттулга сайдаас асуух гэсэн чинь гараад явчихсан байсан. Шинэ сумын төвтэй холбоотой асуудал. Н.Батбаяр сайд бас хариулсан. Ерөөсөө хэдүүлээ нэг юм ойлгочихъё. Хөдөө хөгжихгүй бол хотын энэ асуудал шийдэгдэхгүй гэдгийг л ойлгомоор байна. Утаа Улаанбаатарт биш, Дархан, Эрдэнэтэд байгаа. Аймгийн төвүүдэд байгаа гэдгийг их сайн ойлгож шийдмээр байгаа юм. Нөгөө шинэ сумын төв төсөл хаана байна. Х.Баттулга чинь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд биз дээ. Хөдөө аж ахуй гэхээр манайхан ойлгохдоо мал хариуцсан сайд гэдэг юм. Та бол хүн хариуцсан сайд байхгүй юү. Хөдөө амьдарч байгаа хүний асуудал хариуцсан сайд, тариалан хариуцсан сайд шүү дээ. Тэгээд нэг их санаа алдаад л, бусдыг буруутгаад, өмнөх ажлаа хийхгүй яваад байх юм. Үүнийгээ хий л дээ. Хэзээ, хэн хийх юм ер нь. Хүнийхээ асуудлыг оруулж ирээч. Хөдөө хүн сайхан амьдарч болдог, орлоготой амьдардаг болго. Аймгийн төвүүд дээр хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрүүд бий болгох ёстой. Махны үйлдвэрүүд, барилгын чиглэлийн үйлдвэрүүд аймгийн төвүүд дээр хамгийн түрүүнд баригдах боломжтой. Ажлын байр бий болох боломжтой. Бид нэг юмыг шийдэж байгаа, хөтөлбөр боловсруулж байгаа гээд байх юм. Үүнийг хугацаатай хийж өгмөөр байна. Тэгэхгүй бол бидний асуудал цааш явахгүй. Хөдөөгийн хүний орлого нэмэгдэхгүй бол Улаанбаатарын асуудал шийдэгдэхгүй шүү гэдгийг энд хэлэх нь зөв байх.

Ч.Улаан сайдтай бид ярилцсан. Татварын эрхүүд очиж эхэлж байгаа нь сайн. Ч.Улаан сайд аа, бүх оронд үндсэн хөрөнгийн татварыг орон нутагт хураадаг шүү дээ. Жишээ нь, Улаанбаатарт байгаа байшингийн татвар таван хувь байхад хамгийн захын аймагт байгаа үндсэн хөрөнгийн татвар нэг хувь байг л дээ. Иймэрхүү маягаар тооцох юм бол орон нутагт үндсэн хөрөнгө бий болгох сонирхол үүсч эхэлдэг. Хүн амын орлогын албан татварыг орон нутагт нь зарцуулдаг асуудлаа шийдмээр байгаа юм. Газар, ус ашигласны татвар байна. Бас аж ахуйн нэгжийн бүртгэлийг орон нутагт хийж баймаар юм билээ. Бүх юмыг, машин ч байсан Улаанбаатарт бүртгэж байдаг. Аж ахуй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бол тэнд нь бүртгээд татвар тооцооныхоо асуудлыг шийддэг, Улаанбаатарт мэдээгээ л өгдөг бай л даа. Орон нутагт очоод аялал, жуулчлал хийж байгаад явдаг. Байгалийг нь ашиглаж байгаад явдаг. Нэг ч төгрөг өгдөггүй. Орон нутагт очоод газрыг нь ухаж байгаад явдаг. Голыг нь урсахгүй болгож өгөөд явдаг. Гэтэл орон нутагт нь орсон юм байдаггүй. Энэ татваруудыг нь оруулаад л өгөх юм бол тэр орон нутгийнхан чинь, С.Оюун сайд аа, байгаль орчныхоо асуудлыг шаардана шүү дээ. Тэгэхгүй болохоор мөнгө нь ч ордоггүй, Засаг даргад нь үнэн худлаа нэг жийп бэлэглэчихээд, хэдэн төгрөг хахуульд өгчихөөд явдаг учраас асуудал нь шийдэгдэхгүй байгаа юм. Дээр хэлсэн маягаар асуудлыг нь шийдээд өгвөл орон нутагт төсвөө өөрөө бүрдүүлэх боломжтой юм байна. Асуудлаа өөрөө шийдэх боломжтой юм байна. Тэгээд тэр татварыг нь дагуулаад Ч.Улаан сайд төсвийн тодорхой зардал явуулдаг шүү дээ. Сая жишээ нь халамжийн асуудлаа, байгаль орчинтой холбоотой асуудлаа орон нутаг шийдэх гэж байгаа гэлээ шүү дээ. Яг тийм маягаар зардлыг нь, хариуцлагыг нь дагуулж өг. Асуудал шийдэхдээ иргэдээсээ асуугаад шийдчихдэг. Тэр татварын хувь хэмжээ тогтоохдоо, ашигт малтмалтай холбоотой асуудлаа иргэдээсээ асуугаад шийдчихдэг байх юм бол наашаа энэ утаа руу, үнэхээр хөрс нь 100 хувь бохирдчихсон Улаанбаатар руу нүүгээд, зүтгээд байх хүн гарахгүй гэдгийг энд хэлмээр байгаа юм.

Дээр нь Улаанбаатарт ашигт малтмал байхгүй, Д.Ганхуяг сайд аа. Ашигт малтмал байхгүй мөртлөө хамгийн их ашигт малтмал ярьдаг хот Улаанбаатар болчихоод байгаа. Ерөөсөө л уул уурхай ярьдаг. Улаанбаатарт тийм уурхай байна уу. Налайхын хаагдсан нүүрсний уурхайгаас өөр. Өөр уурхай байхгүй. Үзээд өгье ч гэсэн нэг тонн зэс, нэг тонн алтны уурхай байхгүй шүү дээ. Асуудлаа түүнийг тойрч ярьдаг. Хөдөөд тэр эрхийг нь шилжүүлчихвэл тэндээ ярьдаг болох гээд байгаа юм. Тэгж байж хөгжил босч ирнэ. Улаанбаатар руу ирдэг шилжилт суурьшил алга болно.

Том асуудлыг тойрч явдаггүй юм. Гол асуудал руугаа ор

Дүгнэлтээ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хандаад юу гэж хэлэх гэж байна гэхээр “Асуудал явж явж энэ эрх мэдэл, эд мөнгөний төвлөрлийн асуудал болчихоод байгаа юм. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, эд мөнгөний төвлөрлийг сааруулах том асуудлаа барьж явъя. Энэ Улаанбаатарын асуудал ийм том олон зүйлтэй холбоотой асуудал болоод байгаа юм. Том асуудлыг голоос нь барьж авдаг юм. Том асуудлыг тойрч явдаггүй юм. Бүх анхаарлаа, хүчээ түүнд чиглүүл, бүх хөрөнгөө түүнд оруул, шийдвэр гаргах тэр эрх мэдлээ түүнд ашигла, цагаа төвлөрүүлээд ажилла” гэж хэлэх гээд байгаа юм.

Гэтэл одоо манай Засгийн газар дээр яриад байгаа юм жижиг байна. Вебсайтын асуудал ярьж байгаа байхаа Сайханбилэг дарга аа! Юун веб сайт вэ, юун их завтай байна вэ гэж хэлэх гээд байгаа юм. Бүрэн эрхийн дөрөвхөн жил явж байна.Одоо та бүхэн өөрсдийгөө хар, он дамжсан зураастай явж байгаа. Жишээлбэл өмнөх 2012 он дууссан, одоо 2013 он явж байна.Тэгэхээр цаг их үнэтэй байна. Иймд цагаа гол асуудалдаа зориулаач ээ.Тэр вебсайтаа, тэр холбоо, холбогдох албан байгууллагад нь өгөөч. Бат-Үүл даргаа юун буруу рультэй машин яриад явчихваа.Нэг удаа санал асуулга явуулсан.Одоо хоёр дахь удаа санал асуулга явуулаад яах вэ? Би хоёр хоногийн өмнө телевиз харж байхад Бат-Үүл дарга ярьж байна лээ.Нэг удаа асуугаад хүмүүс 75% -иар үгүй гэсэн бол одоо долоо хоногийн дотор хоёр дахь удаа асууна гэж юу байсан юм бэ. Энэ асуудлаа одоо боль. Хилийн гадаа байгаа, орж ирэх гэж байгаа машины асуудалд анхаар л даа .Хилийн дотор ороод ирсэн машиныг яах нь вэ.Ер нь манай дарга нар нэг зүйлд анхаармаар байна.Хүний эрхийг засварлах эрх ямар ч дарга нарт байхгүй шүү.

Дарга болохоос чинь өмнө хүний эрх байсан юм. Хүн өмчөө эзэмших, үзэл бодлоо илэрхийлэх эрх. Бидэнд, Засгийн газарт тийм үүрэг байхгүй. Хүн бухимдах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй байлга л даа. Тэр вебсайтын сэтгэгдэл дээр хамгийн ихээр муулуулж, сайлуулж бичүүлж байгаа хүмүүсийн нэг нь би.Нэг хэсэг хүний муулж бичиж байгаа, нэг хүний муулж бичиж байгаа тэр зүйлд бүдрэх гэж байгаа бол нэг сая, хоёр сая, гурван сая хүний хувь заяаг яаж шийдэх юм бэ.Сая сая хүнд туслах, үйлчлэх гэж яваа бол нэг хүний, хэсэг хүний шүүмжлэл, доромжлолд битгий бүдэр л дээ. Гол асуудал руугаа ор.Асуудлаа голоос нь барьж аваад барьцаа ахиулаад л шийд.Тэгэхгүй Засгийн газар дээр нэг хэлэлцдэг, нэг сонсдог тэгээд л орхичихоод байна. Бүр гүйцэтгэлээр нь хармаар байгаа юм. Би үүнийг л өнөөдөр л хэлэх гэсэн юм.

Энэ бүрэн эрхийн хугацаа, асуудал шийдэх хугацаа бол их богинохон шүү. Асуудлынхаа шийдлийг гаргаад Засгийн газрын хуралдаан дээр гурван удаа яриад гүйцэтгэлтэй нь, хяналттай нь авч хэлэлцээд явах нь ач холбогдол ихтэй. Ингэх юм бол ард түмэн баярлана.Бид чинь асуудал шийдэх гэж гарч ирсэн улс гэдгээ мартаж болохгүй.

Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарах гэж байгаа юм байна. Үүний дагуу нарийвчлан ярих байх.