Элбэгдорж.Ц 2013.01.21 | Хэвлэл мэдээллийн алба: Ерөнхийлөгч

Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хэлэлцүүлэг хийлээ. Мэргэжлийн байгууллагууд, уул уурхай эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын хүрээнд уг хуулийн төслийг хэлэлцүү

Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн боловсруулах ажлын хэсэг анх 2010 онд Ашигт малтмалын газар дээр байгуулагдан тус хуулийг шинэчлэх талаар олон нийтийн санал авах, төслийн анхны хувилбарыг боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах өргөтгөсөн ажлын хэсгийг зөвлөх болон боловсруулах гэсэн дэд ажлын хэсэгтэйгээр шинэчлэн байгуулж тухайн үеийн УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийг өргөнөөр оролцуулсан байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг 2011 оноос хойш ҮАБЗ дээр гурван удаа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор нэг удаа тус тус хэлэлцүүлжээ.Хуулийн төслийг боловсруулахдаа нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаан дахь төрийн оролцооны талаарх асуудал, хоёрдугаарт, сонгон шалгаруулалт, түүнийг явуулах журам, гуравдугаарт, гэрээний хугацаа, түүний нөхцөлийг тохирох үед баримтлах зарчим, татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд баримтлавал зохих зарчим зэрэг гэрээг байгуулах үндсэн зарчмуудыг тодорхойлжээ. Дөрөвдүгээрт, шийдвэр гаргах процессыг ил тод, тунгалаг болгоход чиглэсэн, тавдугаарт, уул уурхайн үйл ажиллагааг даатгалын тогтолцоонд бүрэн хамруулахыг зорьсон байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нээж үг хэлсэн юм.

Тэрбээр нээлтийн үгэндээ “Өнөөдрийн хэлэлцүүлгийг анхны танилцуулга гэж хэлж болно. Өнөөдөр энэ танхимд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчид, УИХ, Засгийн газар, төрийн бус байгууллага, гадаадын төлөөлөгчид, мөн энэ сэдвийг сонирхдог янз бүрийн мэргэжлийн хүмүүс хуран цуглаад байна. Миний мэдэхээс өнгөрсөн 20-иод жилд Үндсэн хуулийг эс тооцвол Ашигт малтмалын тухай хуулийн төслийг анх удаагаа веб хуудсанд байрлуулан олон нийтийн санал бодлыг сонсч, ул суурьтай хэлэлцүүлэх ардчилсан үйл явц болж байна. Энэ бол хууль тогтоомжийг боловсруулах ардчилсан үйл явц юм.Өнөөдөр та бүхнийг урьсны гол шалтгаан бол улс төрийн ч юм уу, ямар нэг тодорхой эрх ашигт хөтлөгдсөн биш, хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцсон зургаан хүн хуулийн төслийг яагаад ингэж бичив. Үүний цаана ямар философи, ямар учир шалтгаан байсныг та бүхэнд толилуулна. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд юу ажиглагдсан бэ гэвэл хуулийн төслийг веб хуудсанд тавьснаас хойш маш олон мессеж, и-мэйл авсан. Эндээс нэг зүйл ажиглагдсан. Монголчуудаас гадна гадаадын түншүүд маш олон санал, зөвлөгөө өгсөн. Түүнд маш их талархаж байна.Энд хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Монгол бол их улстөржсөн газар. Хурдан өөрчлөгдөж, ардчилагдаж байгаа улс. Гадаадын зарим хүнээс ирсэн саналд улс төрийн шинжтэй зөвлөгөө өгсөн байсан. Үүнд талархал илэрхийлж байна. Хамгийн гол нь мэргэжлийн зөвлөгөө өгвөл сайн байна. Монгол их улстөржсөн орон учраас манайд бизнес эрхэлж байгаа хүмүүст улстөрждөг байдал халдаад улс төрийн мэдрэмжтэй болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бизнес, улс төр ялгаатай шүү гэдгийг хэлмээр байна. Монголд “Тэр орныг хар. Тэр орныг харж болохгүй” гэсэн зөвлөгөө өгөөд байгаа юм.Хамгийн гол нь хуулийн төслийг боловсруулахдаа өнгөрсөн хугацааны алдаа, оноон дээр суралцсан, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, сургамж, нийгэм юу хүлээж байна вэ гэдгийг харсан. Нөгөө талаас даяаршиж байгаа дэлхий ертөнц аль зүг рүү чиглэж байна вэ гэдгйиг гол болгосон. Хоёрдугаарт бусад орнууд, хөгжиж байгаа болоод хөгжсөн орны алда, оноо, туршлагыг судалсан. Урьд нь бол бидэнд “Австрали, Канадыг хар” гэдэг байсан. Тэгэхээр нь “За” гэдэг байсан. Эхлээд бид Монголоо, хоёрдугаарт тэдгээр орныг харсан.Өгсөн зөвлөгөөн дотор “Та нар Скандинавын орнуудыг битгий хар” гэсэн зөвлөгөөг сонсч байсан. Хүүхдийг “Битгий чихэр ид” гэж аав, ээж нь хориглох тусам шохоорхдогтой адил бид Скандинавын орнуудын туршлагыг ч гэсэн харж байгаа. Хоёр хоногийн өмнө бид Норвегийн Ерөнхий сайдаар хоёр удаа ажилаж байсан ноён Кьелл Магне Бондевик, мөн Боловсрол, Газрын тосны сайдаар ажиллаж байсан Ейнар Стийнснас нартай уулзсан. Скандинавын орнуудад Монгол  Улсын Ерөнхийлөгч айлчилж байсан. Товчдоо юу хэлэх вэ гэхээр бидэнд өгсөн зөвлөгөөг дагасан. Гэхдээ түүнийг дагахаас гадна бусад орныг ч харсан. Өмнөд Африкийн хуулийг ч харсан.

Хуулийн төслийг боловсруулахдаа үндэсний эрх ашиг, өнгөрсөн хугацааны алдаа оноо, дэлхий нийтийн чиг хандлага зэргийг харсан.

Хэдхэн хоногийн өмнө шинэ жил болсон. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе. Шинэ оны өмнө Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб гуай Европ дахин сэргэн мандах тухай номоо ирүүлсэн. Тэр хүн маш олон жилийн судалгаандаа үндэслэж үнэн үг хэлдэг гэж би хүндэтгэж явдаг. Тэр хүн Европын холбооны өнгөрсөн, одоо, туулсан замыг дурдсан.  Европын холбоо өнөөгийн хямралаас гарч цааш дахин сэргэн хөгжихөд тулд Скандинавын орнуудын загварыг харах нь бас чухал хэрэгтэй шүү гэсэн санаа байна лээ.Монголчууд бол нүүдэлчин өвөг дээдэстэй, уламжлалтай хүмүүс. Монголчууд малаа хариулахдаа бэлчээрийн сайныг сонгож хариулдаг. Мал нь бэлчээртээ очоод хамгийн сортой, шимтэй сайн өвс ногоог иддэг байгалийн болоод хүмүүний инстинкттэй байдаг.Бид хууль тогтоомж боловсруулахдаа ямар нэг орныг муулахыг бодоогүй. Дэлхий дээр байгаа хамгийн сайн практикийг судалсан. Дэлхий ертөнцийг судлаад байхад хариуцлагатай уул уурхайн эрин эхэлж байна.  Хариуцлагатай уул уурхай хөгжүүлдэг гурван чиглэл байна гэж үзэж байгаа.  Нэгдүгээрт, нийгмийн хариуцлагатай байх ёстой. Хоёрдугаарт, байгаль, хүрээлэн байгаа орчинд хал балгүй байх ёстой. Гурав дахь гол зүйл бол эдийн засгийн хувьд хүлээж авч байгаа орнуудад үр өгөөжтэй байх ёстой.  Монгол Улс бол төрт ёсны урт түүхтэй, ой санамжтай орон. Энэ жил төрт ёсны 2222 жилийн ой болж байна. Энэ газар шороон дээр байгаа Монголын ард түмэн ямар нэг байдлаар энэ газар нутаг, байгалийн баялгаа 2222 жил хөлс, цус, амь нас, бүх зүйлээрээ хамгаалж ирсэн. Тиймд энэ газар нутгийн  эзэн болсон Монголын ард түмэн байгалийн баялгаас шудрагаар хүртэх ёстой гэсэн концепцийг барьсан гэдгээ ний нуугүй хэлье. Хоёрдугаарт баялгаа дангаараа эзэмших гэсэн үндсэрхэг үзэлд автахгүйг хичээсэн. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, тэдний өнгөрсөн хугацаанд хэлж байсан санал, гомдол, үнэтэй зөвлөгөөг дагасан.Хариуцлагатай уул уурхай гэдэг бол түрүүчийн хэлсэн гурван чиглэлээс гадна хариуцлагатай уул уурхайд оролцогч болох хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, Монголын төр, засаг, ард түмэн, орон нутаг бүгд адил тэгш, аль алиных нь эрх ашиг хамгаалагдсан байх юм бол тогтвортой тууштай хөгжинө гэсэн гол концепцийг баримталсан.Монгол Улс өнгөрсөн 22 жилд сонгуулийн ардчилалтай болсон.  Ирэх 20 жилд Монгол Улс шууд ардчилал руу орох гэж байна. Асуудлыг шууд иргэдийнхээ санал бодлоор шийддэг тэр зүг рүү хандаж байгаа гэдгийг хэлмээр байна. Үүнийг бид шууд өөрсдөө бодож олсон зүйл биш. Швейцарийн загвар гэж хэлдэг. Бид Швейцарийн хөгжлийн  агентлагтай хамтарч ажиллаж байгаа. Яагаад үүнийг хэлж байна вэ гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой зүйл заалтын талаар олон хүн санаа зовниж байсан. Үүнд санаа зовних хэрэггүй.Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсад Төсвийн шинэ хууль мөрдөгдөж байгаа. Шинэ хуулиар орон нутагт очсон төсвийг орон нутгийн ард иргэдийн саналд тулгуурлан аль төсөл, аль тендэрийг санхүүжүүлэхийг шийднэ. Засаг дарга үүнийг шийддэг биш, тухайн орон нутагт аж төрж байгаа иргэдийн санал асуулгаар шийддэг ийм зарчим руу шилжээд эхэлчихсэн. Шууд ардчилал руу шилжиж байгаагийн хүрээнд л хариуцлагатай уул уурхайтай холбоотой, орон нутагтай гэрээ байгуулахтай холбоотой заалтууд орсон.Би энэ талаар гуравхан зүйл хэлнэ. Орон нутгийн ард иргэдийн оролцооноос болгоомжлох хэрэггүй. Монголын ард түмэн, нүүдэлчид инстинкт сайтай. Хэн худлаа, хэн үнэн хэлж байна гэдгийг шууд мэдрэх мэдрэмжтэй. Монголчууд харьцангуй өндөр боловсролтой. Мэдээллийн технологи хөгжсөн учраас асуудлыг хэрэгжүүлэх боломжтой.Байгаль орчинтой холботой зүйл дээр бас санаа зовнисон байна. Монголд мод ургахгүй гэх маягийн комментуудыг сонссон. Монголд мод ургана. Монголоос хүйтэн газар мод ургаж байгаа. Хүсэл байвал түүнийг ургуулж болно. Өөрсдөө тарих шаардлагагүй. Мөнгөө өгөөд мод тарьдаг мэргэжлийн хүмүүсээр мод тариулж болно. Байгаль дэлхийгээ хайрлах, дэмжих зайлшгүй шаардлага байгаа. Яагаад гэвэл Монгол Улс байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа орон. Цөлжилт их явагдаж байгаа. Олон зуун гол горхи ширгэсэн. Үүнд хариуцлагагүй уул уурхай тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан. Тиймээс хариуцлагатай уул уурхайн бас нэг онцлог шинж нь байгаль дэлхийд ээлтэй байх ёстой. Монголын онцлогийг бас хүлээх ёстой.Талуудын тэнцвэртэй эрх ашгийг хангатлаа бид хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Энэ хууль батлагдвал сайн. Батлагдахгүй бол бас л сайн. Хэлэлцүүлэг явсаар байна. Төслийг боловсруулж явсаар өнөөдөртэй золгосон. Хууль тогтоох ардчилсан процесс явж байна. Хуулийн төслийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж тусалсан Дэлхийн банк, ХБНГУ-ын JIC төсөл, идэвхтэй хамтарч ажиллаж байгаа “Майнинг журнал” –д чин сэтгэлийн талархал илэрхийлье.Монгол Улсад гурван том асуудал бий. Агаарын бохирдол, замын түгжрэл, авлига. Монгол Улс өнгөрсөн жилд гурвуулан дээр нь ахиц гаргасан. Утааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Өмнөхөөс буурсан. Гэхдээ байж болох хэмжээнээс 10-15 дахин өндөр байна. Буурсан хандлага нь сайн. Замын түгжрэл буурсан байна. Зөв хандлага. Авлига дээр сүүлийн 2-3 жил 120-122 дугаарт бичигдэж байсан бол Тransparency international-ийн мэдээгээр өнгөрсөн жил 120-иос 94-96 дугаар байр руу орж 25-216 орныг алгасч сайжирсан. Нэг ёсондоо Монголд сайн цаг ирж байгаа. Сайн зүйл ирнэ. Хариуцлагатай уул уурхай бол үнэхээр айж болгоомжлох хэрэггүй зүйл. Ингэснээр Монгол сайн сайхан орон болно. Өнөөдөр хөгжлийн шилжилтийн шинжтэй олон бэрхшээл байгаа. Тэр бүгдийг даван туулж чадна. Хамтарч ажиллая” гэлээ.Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Юуны өмнө тэвчээртэй таван цаг бидэнтэй хамт байсан та бүхэнд гүнээ талархаж байна. Уул уурхайн бизнесийг хийхэд төрийн зохицуулалт, хувийн сектор, орон нутаг, хөрөнгө оруулагчид гээд олон оролцогчид байдаг. Ямар нэгэн зүйлийг эхлэхэд аль алины эрх ашгийг шударгаар хангах явдал чухал байгаа юм. Энэ бол их хэцүү. Манай Монголд ардчилал хөгжөөд, хоёр монгол хүн нэг асуудлаар гурван өөр саналтай орж ирээд байгаа. Дээр нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид бас саналтай ирж байгаа. Та бүхэн ерөнхийдөө харсан байх, энэ бүгдийг уялдуулж хэлэлцүүлнэ гэдэг бол хэцүү.Гэхдээ өнөөдрийн бидний гол зорилго бол ямар ч байсан нэг төсөл гаргаад уул уурхайн бизнест оролцож байгаа эрх ашиг хөндөгдсөн бүх талуудад танилцуулах ажил хийсэн. Монголын бизнесийн зөвлөлөөс санал ирсэн. Өөр маш олон газраас санал ирсэн. Тэгэхээр би ингэж бодож байна. Эхлээд өөрийнхөөрөө ойлгох, дараа нь бусдыг ойлгох, дараа нь нийтээрээ ойлголцох ийм гурван үе шат байгаа юм.Эхлээд юм уншаад санал бичих нэг хэрэг. Сонсоод дахиад бичихээр өөр болдог. Тийм учраас урьд нь  өнөөдрийн энэ хэлэлцүүлэг, танилцуулгаас өмнө бичсэн хүмүүс дахиад бас саналаа өгөөч гэж нэгдүгээрт би урьж байна. Бид нар өөрсдөө ч гэсэн сураад л яваад байгаа. Алдаа оноон дээрээсээ суралцаж байгаа. Гэхдээ бид нар бусдын санаа, туршлага, дэлхий нийтийн чиг хандлагыг харж байгаа учраас бид нарт гурван дугуйтай юм уу таван дугуйтай машин зохиох сонирхол байхгүй. Аль аль талынхаа эрх ашиг, нийлмэл, хуваагдмал эрх ашигтай, шударга хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гээд байгаа юм.Та бүхэн Монголын бодит байдлыг мэдэх хэрэгтэй. Геополитикийн хувьд  эмзэг экологитойн хувьд, бас хүн ам цөөхөн, байршил гэх зэргээс эхлээд бид бие биеэ сайн ойлголцох хэрэгтэй. Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад бодит байдлаа харах хэрэгтэй. Иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд, бизнес эрхлэгчид өөр өөрсдийн асуудлаа харсан. Дэлхий бол бөөрөнхий, гэхдээ түүнийг дор хаяж гурван өнцгөөс нь харж байж нэлээн бодит зураг гарах учраас хуулийн төслийг  бүр олон өнцгөөс нь, олон талаас нь харах хэрэгтэй юм.Гадныханд хандаж нэг зүйл хэлмээр байна. Төрийн өмч бол ард түмний өмч. Төрийн мэдэлд байна. Төрийн хяналт ч байна. Гэхдээ бид төрийн хяналтаа заавал бизнесийн үйл ажиллагаанд оролцох зарчмаар тавих нь буруу байж магадгүй. Өчигдөр уржигдар ч гэсэн Норвегийн хүмүүстэй уулзаж байхад, ер нь их олон зүйл унших тусам өмчийн эзний хувьд Монгол Улс хяналтаа тавина.  Хяналтыг зөв шударга, авилгалгүй тавих гэдэг нь өөр асуудал. Хэрвээ хөрөнгө оруулагчид маань хариуцлагатай уул уурхайн төлөө байх юм бол ямар ч айх аюул байхгүй. Хамгийн найдвартай, хамгийн амар амгалан, хамгийн хариуцлагатай боловсролтой нь Монголын ард түмэн шүү дээ.Ний нуугүй хэлэхэд Монголын алдаа онооноос гадна Австрали, Канад улсын хуулийн олон зүйл заалтыг авчраад суулгах гэхээр Монголын амьдралд таарахгүй маягийн юмыг ярих гээд байгаа зарим хөрөнгө оруулагч байна. Бид нар Австрали шиг хариуцлагатай уул уурхайг бүтээмээр байна шүү дээ. Бид нар тэнд очиж үзсэн. Яг Монголд үйл ажиллагаа явуулдаг Австралийн компани дээр очоод үзэхэд усан үзмийн тариалан, уул уурхай хоёр хамт байж байгаа юм. Тэнд тоосжилтыг хянаж, шороо асгахдаа ус шүршиж тоос бужигнуулдаггүй арга байна. Монголд болохоор замгүй газраар машин явдаг, шороогоо хамаагүй асгадаг,  хос стандартгүй. Яг тэр Австралид байдаг шигээ манайд тэр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, байгаль орчин, хүн амын нөхцөлд таарсан нэг стандартаар ажиллаач ээ гэж хэлэх гэсэн юм.

Бид нар эрх зүйн орчноо боловсронгуй болгоё гэсэн санаа байгаа болохоос тэс ондоо болгож өөрчлөх санаа байхгүй. Тэгээд та бүхэн санаа бодлоо 12 хоногийн дотор өгөх бүрэн боломжтой гэв.

Бид нар бас өөрсдийгөө өөрчилнө. Өөрчлөхийг хичээнэ. Монголын төр засаг, Засгийн газар бизнесийн орчинг сайжруулахаар маш их ажил хийх гэж байгаа. Элдэв зөвшөөрөл, хүнд суртал, авлига байхгүйгээр өөрийнхөө гэрийн даалгаврыг хийх гэж ажиллаж байгаа. Өнөөдөр Монголд улс төрийн аятай таатай орчин бүрэлдэж байгаа. Урьд нь их цаг авдаг байсан ажлыг одоо хурдан түргэн шийднэ. Яг түүнтэй адил манайд хөрөнгө оруулагчид өөрсдөө бас өөрчлөгдөх хэрэгтэй. Монголыг бол өөр улстай харьцууулж болно. Гэхдээ биднийг өөр янз бүрийн хүмүүстэй харьцуулахыг хүлээж авдаггүй. Австралитай харьцуулж ярьж болно. Харин Австралийн тэр Аборигенчүүдтэй харьцуулж ярихыг би үнэхээр тэвчиж чадахгүй. Бид хүн цөөтэй, ядуу байж магадгүй Монголчууд бол үнэхээрийн уужуу тайвуу ухаантайгаас гадна холын ухаантай хүмүүс учраас хэтэрхий тэгж туйлшрахгүй. Та нарын ажил хийх, бизнес эрхлэх найдвартай тогтвортой эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх гэж их хичээж байгаа шүү. Хэрвээ энэ зохицуулалтгүй яваад байх юм бол одоогийн байгаа энэ нийгмийн харилцаанд төвөгтэй болох учраас, төр, засаг гэж байгаа учраас энд аль алиных нь эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэх гээд байгаа юм. Тиймээс та бүхэн айхтар айж эмээлгүйгээр илэн далангүйгээр санал бодлоо бичээрэй. Бид нарт мэргэжлийн зөв зүйтэй санал өгөөрэй. Монгол Улс бол Монгол Улс, бусдаас ялгаатай. Монгол Улс бол баялгийн төвшин өндөр, глобальчлагдаж байна. Хамгийн ихээр хүмүүсийн сайн шинжийг агуулсан хүмүүс бол Монголчууд гэж би боддог. Тиймээс та бүхэн орон нутгаас айж эмээх хэрэггүй. Орон нутгийн малчин ард жинхэнэ их зөв ухаантай, хотын олон хүмүүсээс илүү юманд их үнэнч ханддаг, за гэвэл ёогүй, эвдэрээгүй хүмүүс тэнд байгаа. Тэр хүмүүстэй хэл амаа ололцоод гэрээ хэлэлцээр байгуулаад явна гэвэл энд эмзэглэх шаардлага байхгүй. Ингээд хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийнхэндээ баярлалаа. Тэр хүмүүс сайн хуулийн төсөл хийе гэж бодсон байх. Дутуу дулимаг зүйл ч байгаа байх.  Бид бүхэн энэ хуулийг анх удаа нээлттэйгээр бүтэн сар танилцууллаа. Энэ хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд, харилцан хүлээн авах байр суурь ойртох хүртэл явья. Бид нар бүгдийг ойлгохыг бодъё. Та бүхэн биднийг ойлгохыг бодоорой. Ингэж ярьж байгаад УИХ хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэн энэ хуулийг батлах байх. Дахин нэг зүйлийг хэлэхэд энэ хууль аливаа нэгэн улс төртэй ямар ч холбоо байхгүй. Ардчилсан оронд байдаг процесс явагдаж байна. Хууль боловсруулах аргачилсан үйл явц гэдгийг зөв хүлээж авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр бол ажил хэрэгч сайн анхны хэлэлцүүлэг боллоо гэж бодож байна” гэлээ.