“ЗГ иргэдийнхээ нууцыг ил болгох нь хардлага төрүүлж байна”
УИХ дахь Ардын намын бүлэг
2013.01.22

“ЗГ иргэдийнхээ нууцыг ил болгох нь хардлага төрүүлж байна”

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалттай холбоотой  УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр төслийг хэлэлцээд тус тусад нь хэлэлцээд явах ёстой гэсэн өмнөх байр сууриа бататгажээ. Монгол Ардын намын бүлгээс өргөн мэдүүлээд байгаа төсөлд байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог /МАН-ын гишүүдийн тоог нэмэх/ нэмэх тухай асуудал багтаж байгаа юм. Харин АН-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлд намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийнхээ ирцийг 50-иас дээш хувьд наймаас дээш удаа хүргэж чадаагүй нөхцөлд тухайн бүлгийг татан буулгахаар заагаад байгаа. УИХ дахь АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөл нь дэлхийд хаана ч байхгүй хууль.

Төслийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр ойлголцоод явах байх. Харин хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүртгэдэг болох хуулийн төслийг С.Бямбацогт нарын гишүүд санаачилсан. УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох гэдэг утгаараа маш зөв хууль. Тиймээс энэ хуулийн төслийг бүлэг дэмжсэн гэдгээ УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Н.Энхболд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. С.Бямбацогт гишүүний хувьд уг хуулийн төслийг санаачлах болсон нь УИХ-аар нэр бүхий хуулийн төслөөр санал хураах шатанд УИХ-ын гишүүн, сайд Ц.Оюунгэрэл зургаан гишүүний өмнөөс санал өгч, кноп дарсан байна. Нэг хэсэг нь гэртээ унтаж, зарим нэг нь гадаадад зугаалж явахад чуулганд ирсэн нь бусдын өмнөөс асуудал шийддэг байж болохгүй. Тиймээс хурууны хээгээр гишүүдийн саналыг авах нь өөрөө маш чухал, нэг талдаа хариуцлагатай болгох.

Нөгөө талаасаа хууль УИХ-аар батлагдах шатанд олон гишүүний санаа бодол тусч, бүрэн боловсрогдоно гэдэг утгаараа маш зөв алхам болно гэж төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хэллээ. Тиймээс бүлгийн хувьд АН-ын талаас тавьж байгаа УИХ-тай холбогдох хуулийн төслийг багцаар нь шийдье гэвэл энэ асуудлыг багцад оруулж шийдэх ёстой гэж үзсэн байна.

УИХ-ын чуулганаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлээд 49.1 хувийн саналаар “Хэлэлцэх боломжгүй” хэмээн үзэж, төслийг унагасан. Гэтэл Засгийн газраас төслийг дахин УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа юм. Энэ асуудлыг тус бүлэг хэлэлцээд мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсох ёстой гэж үзжээ. Тухайлбал, Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаар хувь хүний нууцтай холбоотой олон асуудал нийтэд ил болох юм байна. Гэтэл НҮБ-ын конвенци болон бусад хуульд зааснаар хувь хүний нууцад хамаарах мэдээллийг ил болгохыг хориглосон байдаг. Нөгөөтэйгүүрт, энэ хуулийн хүрээнд газрын зургийг мөн нууцын жагсаалтаас гаргах асуудал хөндөгдөж буй. Мэргэжлийн байгууллагууд нь болохгүй гэж байгаа.

Тиймээс унасан асуудлыг ахин оруулж ирж хэлэлцүүлэх гээд байгаагийн шалтгааныг Засгийн газраас сонсох, дээр нь энэ хуулийн төсөл дээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс саналыг нь сонсох шаардлагатай байгаа гэдгээ Н.Энхболд дарга мөн санууллаа. Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт  УИХ –ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед нь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

Бүлгээр хэлэлцсэн удаах асуудал нь УИХ-аар хэлэлцэж байгаа Газрын тухай багц хуулийн төсөл багтжээ. Энэхүү хуулийн төслийг судлахаар бүлгээс УИХ-ын гишүүн Су.Батболд, Ж.Батсуурь, Я.Содбаатар нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулсан байна.

Засгийн газар байгуулагдаад бараг зургаан сар болж байгаа ч төрийн албанд хийж байгаа халаа сэлгээ нь тасрахгүй үргэлжилсээр байгаа. Гол нь хууль зөрчин томилгоо хийсээр байгаа тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ асуудлаар Засгийн газраас мэдээлэл сонсохоор болсныг мөн дуулгалаа. Цаашдаа ч цөөнхийн бүлэг Засгийн газрын сайд нараас цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох юм байна. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд 720 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэвч бензин шатахууны үнэ өссөнөөс эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Махны үнэ хүнсний захууд дээр чангарч байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн олон зуун сая төгрөгтэй тэнцэх хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй. Ийм учраас холбогдох сайд нараас мэдээлэл сонсч бүлгээс тодорхой үүрэг даалгавар өгөх шаардлага ч зүй ёсоор ургаж гарч ирж байна” гэсэн юм.

Мөн тэрээр Монгол Ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэг Байнгын хороонд, АН болон бусад намын гишүүд гурван Байнгын хороонд харъяалагдаж байна. Адилхан ард түмний сонголтоор гарч ирсэн атал УИХ-д ийм тэгш бус хуваарилалт байж болохгүй. Тиймээс энэ эрх тэгш бус байдлыг арилгах ёстой гэж байлаа.

Харин Төрийн нууцын жагсаалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд болон бүлгийн дэд дарга С.Бямбацогт нар дараах байр суурийг илэрхийлэв.  

Н.Энхболд: Нууцын тухай хуулийн асуудлаар мэргэжлийн  хүмүүсээс мэдээлэл авбал илүү дээр байх. Манай байр суурь бол ойлгомжтой. Хувь хүмүүсийн талаархи мэдээлэл дээр анхааралтай хандах ёстой. НҮБ-ын зөвлөмж хүртэл гарсан байдаг юм. Хувь хүн өөрийнхөө талаар мэдээллийг нууцлах эрхтэй гэж. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжихгүй байхад маргааш нь Засгийн газрын хуралдаанаар дахиж зүтгүүлэхээр шийдэж байгаа нь сонин байгаа юм.

 С.Бямбацогт: Засгийн газар, олонхи маань хэт их хүч түрж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбоотой холбогдох албан тушаалтнууд энэ бол төрийн нууцад зайлшгүй байх ёстой асуудал гэж Ерөнхийлөгчийн асуултад хариулсан. Гэтэл иргэдийн мэдээллийг нууцын жагсаалтаас гаргаж болохгүй гэдэг байр суурийг байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ маш тодорхой илэрхийлж байсан Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг ажлаас нь халж байгаад асуудлаа дахин гаргаж ирж, УИХ-аар батллуулахаар улайрч байгаа нь хэт хүч түрж асуудлыг шийдэх гэсэн оролдлого болж харагдаж байгаа. Тэгэхээр үүний ард ямар асуудал байна вэ гэх хардлагыг улс төрч бидэнд төрүүлж байна.