Шадар сайд Д.Тэрбишдагва, Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн нар орон нутагт ажиллалаа
Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ҮХАА-н дэд сайд Н.Туваан, ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай нарын бүрэлдэхүүнтэй ажлынхэсэг өвөлжилт хүндэрсэн
2013.01.24

Шадар сайд Д.Тэрбишдагва, Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн нар орон нутагт ажиллалаа

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос  өнөөдрийн байдлаар  ихэнх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлан шуурсан газартаа  60-130 см-т  хүрч 18 аймгийн 91 суманд зудын аюул нүүрлээд байгаа билээ. Энэ байдалтай танилцахаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагваар ахлуулсан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга С.Даваасүрэн,  Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ҮХАА-н дэд сайд Н.Туваан, ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай нарын бүрэлдэхүүнтэй ажлынхэсэг өвөлжилт  хүндэрсэн Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим сумдын нөхцөл байдалтай, малчдын хотонд очиж иргэд, малчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд  ирлээ.

Өнөөдрийн байдлаар дээрх таван аймгийн зарим сумдад их, бага хэмжээгээр цас орсны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтож,хүйтний эрч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 36-41 градус хүрч байна

 бэлчээр нягтарч хатуурсанаас малыг хөлөөр нь бэлчээрлүүлэх боломжгүй болж байнгын байрлалд нь тэжээх нөхцөл үүссэнээс өвөлжилтийн нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн байна.Түүнчлэн зарим сумдад намар эрт цас орж хайлан эргэж хөлдсөнөөс мөстлөг бий болсон, мөн цас олон жилийн дунджаас их хэмжээгээр орж хатуурч хунгарласанаас малын хөл, туурай нь мултарч  гэмтэх, хэт хүйтрэлтийн улмаас мал осгох, турж эцэх, хэвтэр бууц нь хөлдөх, цасанд дарагдах, зам даваа хаагдах ихээхэн хүндрэл гарсаар байгаа тухай малчид, орон нутгийн удирдлагууд танилцуулж байлаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн нөхцөлтэй урьдчилан танилцах зорилгоор хүндэрсэн 12 аймгийн нутгаар очиж ажиллаж, үнэлгээ дүгнэлт өгч урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн.

Засгийн газрын хуралдаанаар улсын нөөцөд бүрдүүлсэн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчдад олгохоор 5.6 мянган тонн өвс, 11.9 мянган тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан олгохоор шийдвэрлэсэн

Мөн орон нутгийн  малчид, иргэдэд эмнэлэгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг  хүргэх зорилгоор найман аймгийн  сум дундын эмнэлэг, Онцгой байдлын газар хэлтэс, цагдаагийн газарт УАЗ-31-512 маркийн туулах чадвар сайтай 16 автомашиныг олгож, мөн хүн малын биобэлдмэл, тээврийн болон бусад арга хэмжээний зардалд  шаардагдах аймаг тус бүрт 100-300 сая төгрөгийн нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс  гаргахаар шийдвэрлэж олгож байгаа хэдий ч  цаашид малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай туулах чадвар сайтай авто машины хэрэгцээ их байгаа талаарх хүсэлтийг  очсон газар бүр тавьж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.