Э.Бат-Үүл: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
2013.02.01

Улаанбаатарыг Вашигтон шиг болгоно

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа

Гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох НИТХ-ын тогтоолыг  ээлжит 7-р хуралдаанаар хэлэлцэн баталлаа. НИТХ-ын 2013.01.31-нд болсон ээлжит 7-р хуралдаанд  нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт,  хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд  хийх  урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.

Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд СХД-ийн 10-р хороо Баянхошуунд  2,3 га газарт дахин төлөвлөлт хийнэ.  Энэ хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад уламжилсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  зураг төслийг нь урьдчилсан байдлаар гаргасан байна.  Тухайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ барьж байгуулахад 3,3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

СБД-ийн 15 хороо, Дамбадаржаагийн 58-р сургуулийн орчимд 13 га газар 190 өрхийг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон байна. Энэ төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээг барихад 8,5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. 58-р сургуулийн эргэн тойронд эмнэлэг, үйлчилгээний 10 орчим байгууллага байдаг. Тэдгээр нь тус бүртээ халаалтын зуухтай юм байна. Эдгээрийг нэгдсэн шугам сүлжээтэй болгосноор тэдгээр зуухны утаа үйлдвэрлэлт бүрэн зогсоно гэсэн тооцоо хийжээ.

 Мөн Чингэлтэй дүүрэг 13,15-р хороо 72 –р сургуулийн орчимд  15 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Төлөвлөлтийн инженерийн  байгууламж барихад 2,7 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд иженерийн байгууламжаас гадна энэ орчимд 3,6 км авто зам барихаар төлөвлөлтөд тусгажээ.

СХД-ийн 5,6-р хороо Ханын материал орчимд дахин төлөвлөлт  хийхээр зураг төслийг боловсруулсан байна.   Уг төлөвлөлтөд 130 га газрыг хамрах бөгөөд 12156 хүн оршин сууна гэж тооцсон байна. Мөн энэ хэсэгт хотын захиргааны барилгыг барихаар төлөвлөжээ.

БЗД-ийн 8,16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн эргэн тойронд 93,8 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энд инженерийн байгууламж барихад 13,3 тэрбум төгрөг зарцуулна. Мөн сургууль, цэцэрлэг барихад 4,5 тэрбум төгрөг зарцуулах нь.

Чингэлтэй дүүрэг 7-р хороо МҮОНРТ-ийн орчимд 9,2 га газрыг  дахин төлөвлөнө. Энэ хэсэгт инженерийн байгууламж барихад 1,6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнээс гадна 2,2 км автозам барина.

БЗД-ийн 12-р хороо Ботаникын орчимд 15,2 га газарт дахин төлөвлөлт хийхээр боллоо. Гурван тэрбум төгрөгөөр инженерийн байгууламж барьж байгуулахаас гадна  3,7 км автозам барихаар төлөвлөжээ.

НИТХ-ын Төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хамгийн гол нь төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэхийг хариуцсан албан тушаалтнуудад сануулж байлаа.   НИТХ-ын дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр  бид алдах эрхгүй. Алдаа гарвал дахин ямар ч улс төрийн хүчин юу гэж ярьлаа ч иргэд итгэхгүй байх болно. Тогтоол батлах нэг хэрэг. Харин гэр хорооллоор яваад , зураг төсөл гаргаад ажил болгох  гэдэг нүсэр шүү” хэмээн онцолсон юм. Эхний хэсэгчилсэн дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлсэнээр хотын  утаа , хөрсний бохирдол гэх мэт өнөөдрийн гамшигт байдал алга болж, Нийслэлийн иргэд тэр дундаа гэр хорооллын иргэд хүсэж, төсөөлж байсан шигээ сайхан орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ  гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл онцолсон юм.  Ингээд  НИТХ-ын төлөөлөгчид  гэр хорооллыг дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох асуудлыг 100 хувь дэмжин баталлаа. Энэхүү ажлыг бүрэн дуусгахад 6 жил зарцуулна гэж  албаныхан хэлж байна.