Батболд.Су 2013.02.04 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ

Төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ
Улсын их хурлын чуулган 2013.02.01 -ны өдрийн хуралдаан

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний нэг нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл байв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Сү.Батболд нар танилцууллаа.

Төсөл санаачлагчид төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, цомхон, чадварлаг болгох, төрийн суурь үйлчилгээг хүргэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

    Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан төрийн албыг улс төрөөс ангид байлгах, төрийн захиргааны шинэтгэл хийх ажлын хэсэг байгуулж, асуудлыг цогцоор нь шийдвэрлэх; гишүүн М.Батчимэг өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах; гишүүн А.Бакей Засгийн газар болон Төрийн албаны зөвлөлийн хоорондын харилцаа, статусыг тодорхой болгох; гишүүн Н.Энхболд Төрийн албаны тухай одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах; гишүүн Сү.Батболд төрийн албыг тогтвортой байлгах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасан байна.

   Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзжээ.

   Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 34 нь буюу 81 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 19 цаг 50 минутад өндөрлөлөө.