Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ногоон байгууламжийг оруулаагүй
НИТХ-ын төлөөлөгч, Экологи, байгаль орчны байнгын хорооны дарга Б.Саранчимэг
2013.02.05

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ногоон байгууламжийг оруулаагүй

Гэр хорооллыг дахин төлөвлөж, амины тохилог орон сууцтай болгох газрын байршлуудыг НИТХ-аас саяхан баталсан. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд хийх тохижилт, ногоон байгууламж ямар байх талаар НИТХ-ын төлөөлөгч, Экологи, байгаль орчны байнгын хорооны дарга Б.Саранчимэгээс тодруулсан юм.

Дахин төлөвлөлт хийгдэх гэр хорооллын байршил тодорхой боллоо, Удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж байна. Харин дахин төлөвлөлт хийснээр ногоон байгууламжид ямар өөрчлөлт орох вэ?

-Гэр хорооллыг дахин төлөвлөж, амины тохилог сууц, ниитиин орон сууц барина гэдэг нь цаг үеэ олсон чухал шийдвэр. Энэ хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ бүтээн байгуулалтын гол цөм хэсэг нь ногоон байгууламж байдгийг санах хэрэгтэй. Эрүүл, цэвэр агаартай, тохилог орчин бүрдүүлье гэвэл ногоон байгууламжаа улам нэмэх хэрэгтэй. Дахин төлөвлөлт явуулах эдгээр газарт ч энэ зарчмыг алдахгүй байх ёстой.

-Гэхдээ ногоон байгууламж гэж тусгайлан зааж өгөөгүй байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Гэр хорооллыг эхнээс нь төлөвлөж байгаа шиг ногоон байгууламжийг ч мөн адил төлөвлөх хэрэгтэй.

Ногоон байгууламж гэдэг хүний эд, эрхтэн шиг л зайлшгүй байх ёстой, бүтээн байгуулалтын чухал бүрдэл.

Гэтэл дахин төлөвлөлтөд энэ талаар тусгайлан зааж өгөөгүй. Тиймээс манай хорооны гишүүдийн шийдвэрээр дахин төлөвлөлтөд ногоон байгууламжийг тусад нь заалт болгож оруулах санал хүргүүлсэн.

-Тэгэхээр танай хороо ногоон байгууламжийг хариуцна гэсэн үг үү?

-Хариуцахаас илүүтэй хяналт тавьж ажиллана. Бүтээн байгуулалтын яг хэдэн хувь нь ногоон байгууламж байх вэ, түүнийг яаж бүтээх вэ, хэн гардаж хийх вэ зэрэгт зөвлөмж өгч, биелэлтийг нь хянана гэсэн үг.