“Ахмад настаны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөлдөх уулзалтад зориулсан илтгэл
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.02.07

“Ахмад настаны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” үндэсний зөвлөлдөх уулзалтад зориулсан илтгэл

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө,

Хатагтай, ноёдоо!

   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа “Ахмад настны хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого” Үндэсний Зөвлөгөөнд оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!

   Өнөөдөр дэлхийд 10 хүн тутмын 1 нь 60-аас дээш насны ахмадууд байгаа бол манай улсын хувьд 20 хүн тутмын 1 нь 60-аас дээш насны өндөр настнууд байна. Гэхдээ хүн амын насны бүтцэд өөрчлөлт орж, дундаж наслалт уртасч байгаатай холбоотойгоор энэ тоо ойрын жилүүдэд 2 дахин өсөхөөр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад өндөр настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Энэхүү үүсч байгаа насжилтийн үзэгдэл нь Монголд төдийгүй дэлхий дахинд зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна. 

   Хүн амын насжилтыг угтахад баримтлах Монгол төрийн бодлогыг 2009 онд тодорхойлж, ахмад настны аж байдлыг сайжруулах, тэднийг нийгмийн амьралд оролцох нийгмийн идэвхитэй гишүүн байх тааламжтай орчныг бий болгох, эрүүл насжих нөхцлийг нэмэгдүүлэх үндэсний бодлогыг баталсан байна. 

   Шинэчлэлийн Засгийн газраас ахмад настны амьдралын чанар, аж байдлыг сайжруулах бодлогод онцгой анхаарч ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө энэ чиглэлээр тодорхой зорилтуудыг тусган ажиллаж эхлээд байна. 

   Энэхүү илтгэлийнхээ эхэнд би ахмад настны хөгжлийн тухай асуудлыг хамгийн түрүүнд хөндмөөр байна. Ахмад настны хөгжил гэдэг асуудлын талаар бидний ойлголт, мэдлэг, энэ чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаа өнөөдөр туйлын хангалтгүй байна. 

   2012 оны байдлаар ахмад настанд зориулсан ахмадын хөгжлийн 112 танхим, ахмадын сувилал, ахмад настны нөхөн сэргээх 76 төв, 4 ордон үйл ажиллагаа явуулж байгаа байна. Гэхдээ эдгээрийн үйл ажиллагаа нь тогтмол биш, хамрах хүрээ бага, үйлчилгээний стандартын шаардлага хангадаг нь цөөн, материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр дутмаг, төсөв хөрөнгө нь хүрэлцдэггүй гээд олон дутагдал байгаагийн зэрэгцээ ажил хариуцсан хүмүүсийн санал санаачилга шаардлагатай түвшинд хүрэхгүй байгаагаас болж олон дутагдалтай асуудлууд байгааг онцолмоор байна. Жишээ нь, Монголын хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Нийслэлд гэхэд Ахмадын хөгжлийн нэг ч төв байхгүй байна.

   Өнөөдөр ахмадууд нийгмийн гадна үлдэхгүйн тулд нийгмийн хурдацтай хувьсал, хөгжлийг дагаж хөгжих зайлшгүй шаардлагатай байна, цахим ертөнцтэй харьцаж, чийрэгжүүлэлт, бодибилдинг, хийн дасгал, ахмадын спортын төрлүүдээр хичээллэх хэрэгцээтэй байна. Тэд зөвхөн уламжлалт зан заншлын дагуу гэр бүлийн хүрээнд ач гучаа харсан нэртэй гэрийн хорионд байж, хүүхэд өсгөх хөлсгүй хөдөлмөр эрхэлсээр байх уу гэдэгт бид дүгнэлт хийх ёстой. Зуны цагт сүүдэр бараадаж гадаа нарлахаас өөрөөр тэдэнд хөгжих боломж, нөхцөл, орчин, санхүүгийн чадавхи алга байна. Өндөр хөгжилтэй орнуудад насан туршийн боловсролын бодлого, хотжилт, эдийн засаг, техник технологийн дэвшил нь ахмад настны нийгэмд эзлэх байр суурийг улам баталгаажуулж байхад манайд энэ бүхэн эсрэгээрээ ахмад настнууд залуучуудын нийгэм, эдийн засгийн хөгжлөөс улам бүр хоцрогдож, зах зээлээс шахагдаж, хүчгүйдэж байна. Энэ бүхэн нь ахмад настныг сэтгэл гутралд оруулж, нийгэм, гэр бүлдээ хэрэгцээгүй илүүдэл, хоцрогдсон хүн мэт сэтгэгдэлтэй хоцроход хүргэдэг. Гэтэл ахмад настны нийгэмд гүйцэтгэх үүрэг яг л залуу идэр чийрэг насныхантай адил зайлшгүй чухал юм. Тэдэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их туршлага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна. 
Иймд бид ахмадуудын хөгжлийг хангах үйл ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлж, орчин үеийн техник тоноглолтой, тохь тухтай орчинд ахмад настнуудыг хөгжих нөхцөлийг бүрдүүлж, энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх хувийн хэвшлийн санаачлагыг дэмжиж ажиллах болно. 

   Ахмад настанд хөгжлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн наад захын үйлчилгээнүүдийг тэдэнд хүртээмжтэй хүргэх шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд өндөр настандаа анхаарал халамж тавихгүй байх, гадуурхах, дарамт хүчирхийллийн дор байлгах, тэднээс харилцаагаа таслах, сураггүй алга болох улмаар хаях явдлууд гарах болж эцэг эх, үр хүүхэд, Монгол хүн хоорондын харилцаа эрс өөрчлөгдөх эмгэнэлт дүр зураг бий болох хандлагатай байна. Уул нь Монголчууд бид өвөг дээдэс, ахмад настнаа хүндэтгэн өөрсдийн гар дээр асрамжлан хамгаалдаг нандин уламжлалаа хадгалж үлдсэн цөөхөн ард түмний нэг. Энэ уламжлалыг бид таслах учиргүй, ингэх ч эрхгүй байх ёстой. Иймд ахмад настны гэр бүлийнхэнтэй ажиллах нийгмийн ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, ахмадуудад эрүүл мэндийн болоод нийгмийн үйлчилгээг хүргэх, хууль эрх зүйн мэдээлэл өгөх, гэрээр асрах, эрхийг нь хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг нэн түрүүнд зохион байгуулж ажиллахаар зорьж байна. Энэ хүрээнд “Эрүүл насжилт - эрүүл мэнд ” үндэсний хөтөлбөрийг ЭМЯ-тай хамтран боловсруулахаар ажиллаж эхлээд байна.

   Дараагийн зайлшгүй хөндөж тавих учиртай асуудал бол ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудал юм. Ахмадууд нэг талаас төрийн халамж, хамгаалалд байх нь зайлшгүй боловч нөгөө талаас тэд хамгийн туршлага, мэдлэгтэй ажиллах хүчний нөөц гэж үзэж байна. Тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажлуулах зэргээр мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх” зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. 

   Ахмад настан нь нийгмийн эрх тэгш, идэвхтэй гишүүний хувьд баталгаатай орлоготой байж, хэрэгцээтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүртэж, гэр бүл, нийгэм, хамт олны дунд утга төгөлдөр амьдрах эрхтэй. Тиймээс тэдэнд хөдөлмөр эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөрийнхөө үр шимээс хүртэж орлогын баталгаагаа нэмэгдүүлэх боломжийг олгох хэрэгтэй байна. Үүний эхний алхам болгож 40-өөс дээш насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг шинэ оны өмнө батлан гаргаснаар ахмадуудын хуримтлуулсан мэдлэг, чадвар, дадлыг нийгэм, олон нийтэд тустай хэлбэрээр ашиглах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдээд байна. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн талаарх санал, санаачилгыг бодлого, үйл ажиллагааны хувьд дэмжилгүйгээр өдий хүрсэнд бид шүүмжлэлтэй хандаж, энэ талаар бодитой ажлуудыг хийж эхлэх ёстой. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчинг бий болгож, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Насжилтийн үндэсний стратегийг хэрэгжүүлэх дунд хугацааны “Ахмад настны хөгжил, хамгаалал” хөтөлбөрийг боловсруулан батлуулах шаардлага урган гарч байгаа учраас Засгийн газраас энэ бүхнийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна. Ажил хийх сонирхолтой ахмад настныг бүртгэн тохирсон ажилд зуучлах, эрдэм боловсрол, арвин их туршлагатай ахмадуудыг зөвлөхөөр авч ажиллуулах асуудлыг холбогдох яамтай хамтран шийдвэрлэж, цэцэгжүүлэлт, ногоон ажлын байранд ахмадуудыг ажиллуулах сайн дурын хөдөлгөөнүүдийг бид дэмжин ажиллах болно.

   Өөр нэг хэлэлцэх чухал асуудал бол ахмад настны нийгмийн хамгааллын тухай юм. Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, зүтгэж ирсэн ахмадуудаа өтөл насанд нь орлогын баталгаагаар хангаж, ядуурлаас сэргийлэх нь нэн тэргүүний анхаарууштай бодлого юм. Хүн бүр өтөл насандаа ядууралд өртөх вий гэдэг айдасгүйгээр амьдрах бололцоог төрөөс бүрдүүлэх ёстой. Манайд өнөөдөр нийт ахмадууд 100 хувь тэтгэвэртэй байхаар нийгмийн даатгал, халамжийн хуулиудад хуульчилсан. Энэ бол том амжилт. Гэхдээ энэ дүр зураг ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй. Хөдөлмөрийн насны олон иргэд янз бүрийн шалтгааны улмаас тэтгэврийн даатгалд хамрагдахгүй байгаа нь тэднийг ирээдүйд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсгэхгүй нөхцөлд хүргэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг хийх асуудал Засгийн газрын том зорилтын нэг болж байна. 

Хэдийгээр ахмадууд тэтгэвэртэй боловч тэр нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар гомдол хамгийн их ирдэг. Нийгмийн даатгалын сангаас олгодог өндөр насны тэтгэврийг 205,0 орчим мянган ахмад настнууд авч байгаа бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ 228,0 мянган төгрөг байна. Харин нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байна. Сонгууль болох хугацаатай уралдаж тэтгэврийг үе үе нэмэгдүүлдэг, тэр нь үнэ ханшийг өсгөх шалтгаан болдог гээд учир дутагдалтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Зүй нь бол үнэ ханш өөрчлөгдөх үед түүнийг нөхөхүйц байдлаар автоматаар тэтгэврийг нэмэгдүүлдэг улс төрөөс хараат бус зөв бодлогыг нэвтрүүлэх учиртай. Иймд бид энэ чиглэлээр өөрчлөлт, шинэчлэлт хийх дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. 

   Ахмад настнуудын хэрэглээнд хүнд дарамт үзүүлдэг зардлын төрөл бол эм, эрүүл мэндийн үйлчилгээний зардал юм. Ахмадуудыг төрөөс хариуцаж эрүүл мэндийн даатгалд хамруулдаг хэдий ч даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийг бодитой эдэлж чадахгүй, халааснаасаа эмийн зардлаа шууд төлж байгаа нь тэднийг орлогын хомсдолтой байдалд оруулах гол хүчин зүйл болж байна. Иймд эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, халаасаа тэмтэрч биш даатгалаараа төлж эм, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг шинэ систем рүү бид явах ёстой. Энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар санаачлан ажиллаж байна. 

   Ахмад настны орлогын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг авч үзэн ялангуяа уул, уурхайн баялгийн орлогоос ахмадууддаа хүртээх асуудлыг зайлшгүй авч үзэх ёстой. Эхний ээлжинд ахмадууддаа 1,0 сая төгрөгийн хишиг хувийг хүртээлээ, үүний дараа орлогын дахин хуваарилалтыг хэрхэх асуудлыг зайлшгүй хэлэлцэх учиртай. Насжилттай холбоотойгоор ирээдүйд зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх хөрөнгийн нөөцийг бүрдүүлж, хойч үедээ өнөөдрийн баялгийн орлогоос хүртээхийн тулд “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан”-г уул, уурхайгаас олох орлогын тодорхой хэсгээр бүрдүүлэх асуудлыг хуульчилахаар ажиллана гэж бодож байна. 

Олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа манай улсад төдийгүй зарим улс оронд байдаг байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтанд орох, хөгшрөлтийн үйл явц хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Иймд ахмад настны тэтгэврийн орлогын баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэврийг тодорхой хувь хэмжээгээр өвлүүлэх талаар “Давхар тэтгэвэр”-ийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаагаа дурдахад таатай байна.

   Шинэчлэлийн Засгийн газраас нийгмийн халамжийг зорилтот бүлэгт буюу төрийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэсэгт түлхүү чиглүүлж, хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд ядууралд өртсөн ахмад настан, асран халамжлах хүнгүй ганц бие ахмадуудад үзүүлэх төрийн халамжийг “хүртээх” төдий биш “хүргэх” зарчим баримтлан ажиллана гэдгийг энд тэмдэглэе. Ахмадын нийгмийн халамжийн асуудлаар нэн тэргүүнд шинэчлэл хийхээр бодож байгаа салбар бол ахмад настны байнгын асрамжийн газруудын шинэчлэлийн асуудал юм. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд “Өндөр настны асрамжийн төв байгуулах хувийн хэвшлийн санаачлагыг дэмжинэ”, “Сэтгэцийн өвчтэй, оюуны хомсдолтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай асрамжийн газрыг бий болгоно” гэсэн зорилтууд туссан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлж, ахмад настны асрамжийн газрыг төрөлжүүлж, стандартыг нь сайжруулан мөрдүүлж, асрамжийн газрын хөрөнгө оруулалт, хүн хүчний нөөцийн чадавхийг нэмэгдүүлнэ. Ахмадын асрамжийн газруудыг өнөөгийн хэцүү, өрөвдөлтэй дүр төрхөөс нь ангижруулж, ахмадууд амар тайван амьдарч, эрүүл мэндийн чанартай тусламж авдаг, нөхөн сэргэдэг, хөгждөг дэлхийн нийтийн жишигт хүрсэн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх том зорилтыг тавьж байгаа. Үүнд хүрэхэд бидэнд хөрөнгө, хүн хүч дутагдаж болох ч хүсэж зорьвол бүтэхгүй зүйл гэж үгүй гэж бодож байна. Энэ ажилд хувийн хэвшлийнхний санал санаачлага бидэнд зайлшгүй дэмжлэг болно гэж үзэж байна. 

   2010 оны судалгаанаас харахад 60-аас дээш насныханы 42 хувь, 70-аас дээш насныханы 54,6 хувь, 80-аас дээш насныханы 68 хувь нь эхнэр, нөхөргүй ганц бие ахмад настнууд байна. Иймээс ахмадын байнгын асрамжийн газраас гадна бид ахмад настныг сэтгэл зүйгээр дэмжих, олны дунд байлгах, хөгжүүлэх, дэмжих зорилгоор Ахмадын хөгжлийн төв, өдөр өнжүүлэх төвүүдийг шинээр нээж ажлуулах, одоогийн ахмадын рашаан сувилал, амралтын газруудын үйлчилгээний чанарын стандартыг дээшлүүлэхийг зорьж байна. Түүнчлэн амралт сувилалд ахмадуудыг зөвхөн хооллож, сувилахаас гадна тэднийг хөгжүүлэх олон нийтийн үйл ажиллагааг явуулж ахмадуудыг дэмжиж, шинэ эрч хүч өгөхөд бид онцгойлон анхаарах болно.

   Эцэст нь, Холын Америк, Япон, Герман, Английн хөгжлийг шагшиж, биелэгдэшгүй мөрөөдөл болгон ярих бус тийм хөгжил, нөхцөл орчныг бид эх орондоо бий болгох том зорилтыг өөрсөддөө тавьж, сэтгэл зүрх гарган идэвхитэй ажиллаж чадвал эдийн засгийн хурдацтай хөгжлийн ирмэгт ирсэн бидэнд боломжгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэж бодож байна. Бид зоригтой санаачилж, зөв шийдлийг олж, амжилттай хэрэгжүүлж, эв нэгдэлтэй ажиллаж чадвал өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлыг хөгжлийн гараа болгон өөрчилж чадна.

  Ингээд ахмадын асуудлаар бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчид, олон нийт, ТББ-ууд, анхдагч нэгжийн түвшинд ажиллаж байгаа ажилтнууд болон манай ахмадуудын санал, санаачилга, үзэл бодол бидний цаашдын үйл ажиллагаанд үнэтэй байгаа учраас Та бүхнээсээ сонсохоор бид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Иймд Та бүхэн зөвлөгөөндөө идэвхитэй оролцож, шинэ бүтээлч санал, санаачлага гаргаж, үр дүнтэй хэлэлцүүлэг хийж Үндэсний зөвлөгөөнөөс үнэтэй зөвлөмж гаргана гэж итгэж байна.

   Та бүхний Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсээд ирэх усан могой жилдээ эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан байхыг хүсэн ерөөе.