2013.02.19

Дахин төлөвлөлтийг иргэдийн 100 хувийн саналаар явуулсан гэв

Нийслэл Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт  хэсэгчилсэн төлөвлөгөөг  урьдчилсан байдлаар боловсруулсан билээ.

Улаанбаатар хотын 2020 хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн 1000, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан бөгөөд эдгээр газруудаас гадна нэмж долоон байршилд  гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргажээ. Үүнээс Сүхбаатар дүүргийн арвантавдугаар хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газрыг дахин төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг даргын ажлын албаны Барилга хот байгуулалтын хэлтсийн архитектор Д.Хан-Уулаас зарим асуултад хариу авлаа.

 -Нийслэлийн дахин төлөвлөлтөд нийт долоон газар ороод байгаа үүнээс Сүхбаатар дүүргийн арвантавдугаар хорооны 13 га газар ороод байгаа. Энэ ажлын талаар тодруулах гэсэн юм?

Дахин төлөвлөлтийн ажил 3-р сараас эхлэнэ

-Улаанбаатар  хотын   2020  хүртэл ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн арвантавдугаар хорооны 58 дугаар сургуулийн ойр орчмын нийт 13 га газар дахин төлөвлөлтөд ороод байгаа билээ. Энэ тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэдийн 100 хувийн саналаар хэрэгжихээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тус 13 га газарт нийт 189 өрх айлын 756 хүн оршин суудаг. Төлөвлөлтийн дагуу нийтийн орон сууцанд 104 айл, Таун хауст 21 айлын оршин суух байдлаар тусгаж өгсөн байгаа юм. Үүнд иргэдийн саналыг тусгаж өгсөн байгаа. Энэхүү дахин төлөвлөлтийн ажлыг ирэх гуравдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

-Зарим иргэдийн зүгээс дахин төлөвлөлт хийх гэж байгаа учраас хашаа байшингаа бусдад шилжүүлэх, худалдаалахыг хориглоно гэсэн мэдээлэл ирээд байна. Энэ талаар ?

-Тийм ямар нэгэн зүйл одоогоор байхгүй. Хувь хүний эд хөрөнгө учраас бидэнд худалдаалах эс худалдаалах нь хамаагүй. Манай зүгээс бол иргэдэд орон сууц эсвэл газраа худалдах гэсэн саналыг л тавина.

-Дахин төлөвлөлтөд ороод байгаа айлуудыг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байхад хаана оршин суулгах вэ?
Одоогоор 300 айлын түр оршин суух байрыг бэлдээд байгаа юм

-Бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө эхэлж иргэдийг саналыг авсны дараагаар газраа худалдах аль эсвэл орон сууцанд орно гэсэн саналын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Одоогоор Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг 300 айлын түр оршин суух байрыг бэлдээд байгаа юм. Хамгийн гол нь үүнд иргэдийн санал маш чухал байгаа.

-Дахин төлөвлөлт хийж байгаа газруудын дулаан, цахилгаан, цэвэр бохир усны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Дахин төлөвөлөлСБД-ийн ЗДТГазраас 300 сая төгрөгөөр 58-р сургуулийн гаднах талбайн тохижилтыг хийжээ

-Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн уурын зуухыг түшиглэн бид зураг төслөө гаргасан. Энэхүү уурын зуухыг дахин шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байна. Цэвэр бохир усны хувьд энэхүү сургууль нь өөрөө цэвэр бохирын төвийн системд холбогдсон байгаа юм. Ингэснээр бидний ажлыг улам хөнгөрүүлж байгаа гэж ойлгож болно.

-Тэгэхээр дахин төлөвлөлтөд орсон газруудад хэдий хугацааны дараа хороолол бүрэн босох вэ?

-Ямар нэгэн хүндрэл гарахгүй бол 1-2 жилийн дотор ашиглалтад ороод эхэлнэ. Нийт 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр босгох уг хороололд 3.1 км автозам хүртэл тавигдахаар төлөвлөгдөөд байгаа юм.