Ганбаатар.С 2013.02.20

Оюу толгойн гэрээг өөрчлөхөд улстөрчид биш шинжээчид оролцож хийх хэрэгтэй

Оюу толгойн гэрээг өөрчлөхөд улстөрчид биш шинжээчид оролцож хийх хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай хэмээн манай тал үзэж хөрөнгө оруулагч талынхантай хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ сарын 6-нд хийсэн. Уг хурлаар талууд тодорхой шийдэлд хүрч чадаагүй бөгөөд сар шинийн баярын дараа үргэлжлүүлэн дахин хуралдахаа мэдэгдээд байгаа билээ. Манай тал гэрээний зарим зүйл заалтыг өөрчлөхөөс гадна монголын талд ашигтай байх ёстой гэж үзэж буй юм. Оюу толгойтой байгуулсан гэрээг маш муу болсон хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хууль тогтоох байгууллагад суухаасаа өмнө иргэний нийгмийн хөдөлгөөнийг удирдан эсэргүүцлээ илэрхийлж байсан.

Тэр бүү хэл энэ гэрээг байгуулсан тухайн үеийн Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарыг монголын ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж байв. Тэрбээр өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас бие даан нэр дэвшиж парламентад суух болсон. Гишүүн болсноосоо хойш уул уурхайн талаар нэлээд хүчтэй байр сууриа илэрхийлж буй. Түүнчлэн УИХ-ын зарим гишүүнтэй хамтран “Уул уурхайн түр хороо” байгуулсан. Түүнтэй Оюутолгойг тойрсон асуудлаар ярилцлаа.

-“Айвенхоу майнз” компани нэрээ өөрчилсөн гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?

-“Айвенхоу майнз” компани гэнэтхэн “Туркойз Хилл” гэдэг нэртэй болсон. Энэ компани манайд 2010 онд 50, 2011 онд 100 сая ам.доллар өгсөн. Гэхдээ энэ нь өр шүү дээ. Хүүг нь монголчууд одоо ч төлж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хүүнд нь 30 сая ам.доллар өгч байна. Энэ мөнгийг тус компанийнхан гэнэт олсон ашиг гэж үзэж байна. Мөн “Эрдэнэс Оюутолгой”-гийн баланст үндсэн хөрөнгө нь хоёр тэрбум ам.доллар буюу 2.345.218.603.073 төгрөг гэсэн. Гэтэл үндсэн хөрөнгө нь ийм байхад манай улсын эзэмших хэмжээ 34 хувь гэж үзвэл 393.454.970.000 төгрөг болох юм. Эрдэнэс Оюу толгойн өр 269 сая ам.доллар гэж бичсэн байна лээ. Тэгэхээр монголчууд 7.599.924.481.007 төгрөгийн хүү төлөхгүй. Өөрсдийнх нь тайлан дээр дурдсанчлан 269 сая ам.доллараас л тооцно. Ийм байхад Оюу толгой компанийнхан байнга худал ярьж байна шүү дээ. Мөн Оюу толгой эзэмшигчийн өмчийн бусад хэлбэр нэрээр луйвар хийж байна. Ийм нэрээр 1.169.902.909.767 төгрөг оруулсан. Энэ хэний мөнгө болохыг хэлэхгүй байна. Оюу толгойн нийт өмч 2.345.218.603.073 төгрөг. Тэд бидний нэрийг барьж 7.599.924.481.007 төгрөгийн зээл авчихсан. Өөрийн хөрөнгөнөөсөө 3.24 дахин илүү зээл авсан байгаа юм. Энэ бүх зээл хүүтэй. Үүнээс гадна Оюу толгойд хөрөнгө оруулсан гэж дундаас нь 18 сая ам.доллар завшсан байна. Энэ 18 сая ам.доллар бол жижиг асуудал. Харин их хэмжээний өр хаанаас гарч ирснийг монголчууд мэдэх хэрэгтэй байгаа юм.

-“Айвенхоу майнз” компанийн эзэмшдэг хувь нэмэгдсэн гэж ярьсан тань юу гэсэн үг вэ?

-Оюу толгойн гэрээ байгуулах хүртэл буюу 2009 он хүртэл хуучнаар “Айвенхоу майнз”, одоогийн “Туркойз Хилл” зургаан тэрбум ам.доллартай л компани байсан. Харин одоо 763 тэрбум ам.доллартай компани болчихсон. Анх хөрөнгөнийхөө дөнгөж долоон хувийг өөрөө эзэмшдэг байсан бол одоо 88 хувь болж нэсэгдсэн. Яагаад энэ мөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн нь тодорхойгүй. Нэг ёсондоо луйвар л юм даа. Мөн Оюу толгой ХХК татварыг хойшлуулсан дүнгээрээ 708.528.803.5 мянган төгрөг завших боломж олгосон. Энэ мөнгөөр 800 цэцэрлэг барих боломж байсан.

-Тэгэхээр Оюу толгойгоос өгч буй мэдээлэл бүгд худал хэрэг үү?

 -Үүнийг би яагаад хамгийн сайн мэдэж байна вэ гэхээр надтай монголын урдаа барьдаг 12 эрдэмтэн хамтарч ажилладаг болохоор би энэ бүхнийг сайн мэдээд байгаа юм. Оюу толгой дандаа монголчуудын тархи угаасан мэдээлэл хийдэг. Өнөөдрийг хүртэл анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын хэмжээг ч одоо хүртэл бид мэдээгүй. Оюу толгойгийнхон монголчууд байгалийн баялгаа 100 хувь эзэмшиж байна гэж хэлсэн ч үүнийгээ огт үнэлэхгүй байна. Тэгээд 5.6 сая тонн баяжмалыг маань биднээс асуухгүй ухаад гаргаад ирсэн. Одоо тэд дахин дөрвөн тэрбум ам.долларыг дэлхийн зах зээлээс босгохоор ажиллаж байгаа. Үүнийгээ тэд нэмж зээл авахад Засгийн газрын төлөх өрийн хэмжээ буурна гэж хэлж тайлбарлаж байгаа. Энэ шиг худлаа мэдээлэл байхгүй. Нэмж зээл авах тусам ноогдол ашиг авах хугацаа богиносно гэж буй нь худал. Хоёрхон жилийн дараа монголын говь цөл болно. Монголчуудыг бүү бас гэж хэлмээр байна.

-Манай тал ийм байдал үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Маш хурдан гэрээ хэлэлцээ хиймээр байна. Ингэхдээ бүх зүйлд нь манай тал хяналт тавих хэрэгтэй. Би тэднийг Оюу толгойгоос хөөж гарга гэж хэлэхгүй. Ямар нэг маргаан үүссэн тохиолдолд түүнийгээ яаж хамтарч шийдэх эсэхээ сайтар ярилцах ёстой юм. Манай Оюу толгой 100.8 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэсэн ТЭЗҮ байдаг. Үүний 50 хувь нь ашиг гэж үзвэл 27 тэрбум ам.доллар нь монголчуудад ирэх ёстой. Энэ мөнгөөр бартерийн гэрээ байгуулж ч болно. Тухайлбал, 1800 км төмөр зам, хоёр зэс хайлуулах үйлдвэр авна гэх мэтээр гэрээ байгуулах хэрэгтэй. Одоо монголын ард түмэн нэг талдаа гарч чадлаа. Тиймээс энэ гэрээг өөрчлөх гарц бол улс төрчид биш шинжээчид хэлэлцээрт орох л байгаа юм.