Гарамгайбаатар.Б 2013.02.25 | Сонин: Үндэсний Шуудан

Б.Гарамгайбаатар:Засгийн газар бондын мөнгөөр ямар төсөл санхүүжүүлэхээ УИХ-аар хэлэлцүүлэх албагүй

Б.Гарамгайбаатар:Засгийн газар бондын мөнгөөр ямар төсөл санхүүжүүлэхээ УИХ-аар хэлэлцүүлэх албагүй
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

Засгийн газрын гадаад зах зээлд гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийг хэлэлцэж, шалгаруулах бодлогын зөвлөл дөрвөн төсөлд хөрөнгө оруулалт хийх зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Тодруулбал, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1347 км авто зам, нийслэл хотын дахин төлөвлөлт, Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барих, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан юм. Энэхүү зөвлөмжийн талаар Бодлогын зөвлөлд УИХ-ыг төлөөлөн оролцож буй хоёр гишүүний нэг, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.ГАРАМГАЙБААТАРААС тодрууллаа.

-Бодлогын зөвлөл 1.5 тэрбум ам.дорлларын бондын хөрөнгөөр санхүүжүүлэх дөрвөн төслийн талаар зөвлөмж гаргалаа. Бэлэн байгаа хамгийн сайн гэсэн дөрвөн төсөл нь энэ гэж ойлгож болох уу?

-Болно. Шулуухан хэлэхэд бэлэн болсон төслүүд нь энэ байгаа юм. Тиймээс бондын хөрөнгөөс эхний ээлжид энэ дөрвөн төсөлд зарцуулах боломжтой гэсэн зөвлөмж гаргасан.

-Тэгэхээр энэ дөрвөн төсөлд хөрөнгө оруулалт хийх нь тодорхой боллоо гэсэн үг үү?

-Засгийн газрын хуралдаанаар энэ зөвлөмжийг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэнэ. Түүний дараа аль төсөлд нь хэдэн төгрөгийн санхүүжилт олгох нь тодорхой болно. Харин бодлогын зөвлөл энэ дөрвөн төсөл шаардлага хангаж байна гэдгийг л хэлж байгаа хэрэг. Түүнээс илүү шийдвэр гаргах эрхгүй.

-Энэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр боллоо гэдэг шийдвэрээ УИХ-д албан ёсоор танилцуулж хэлэлцүүлэхгүй юм уу. УИХ-ын гишүүд, тэр тусмаа цөөнхийн гишүүд танилцуулах ёстой гэж үзэж байгаа байх аа?

-УИХ бонд гаргах нь зүйтэй, бондын хөрөнгийг ийм чиглэлд зарцуулах естой гээд шийдвэр гаргачихсан шүү дээ. Хэрэгжүүлэх эрхийг нь Засгийн газарт өгсөн. Засгийн газар бодлогын зөвлөмжийн дагуу хуралдаж гаргасан шийдвэрээ УИХ-ын даргад албан тоотоор өгөх ёстой. УИХ-д танилцуулгыг нь оруулах байх гэж бодож байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан бодлогын зөвлөлд УИХ-ын төлөөлөл болгон Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны дарга нарыг оруулсан. УИХ-ын төлөөллийг бодлогын зөвлөлд оруулсан шалтгаан нь санхүүжилт хүссэн төслүүдийн эдийн засгийн үндэслэл, тооцоолол нь зөв байна уу, зөв төсөлд хөрөнгө оруулалт хийж байна уу гэдгийг хянах юм. Тэгэхээр УИХ-д заавал танилцуулж, хэлэлцүүлэхгүй байсан ч болно л доо.

-Зөвлөмжид оруулсан дөрвөн төсөл хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө гэж үзэж байгаа юм бэ. Авто зам болон бондын хөрөнгөөр санхүүжүүлэхэд ашиггүй төсөл гэсэн шүүмжлэл байгаа шүү дээ.

-Хөрөнгө оруулалтаа нөхөж, зээлээ төлөх нь өөр асуудал шүү дээ. Томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр бараа бүтээгдэхүүний эргэлт хурдсах, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх зэргээр эдийн засагт эерэг нөлөө гарна. 

Улмаар улс орон хөгжиж бондын зээлээ төлөх мөнгөтэй болно гэсэн үг. Зургаан аймгийг авто замаар холбоход зарцуулсан мөнгө хэзээ төлөгдөх вэ.

Замд орсон мөнгө эргэж төлөгддөггүй гэх зэргээр янз бүрийн өнцгөөс ярьж байна.

Гэхдээ зургаан аймгийг Улаанбаатар хоттой автозамаар холбосноор орон нутгаас хот руу чиглэсэн нүүдлыг зогсоох, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутагт үйлдвэрлэл нэмэгдэх гэх мэт олон давуу тал бий болно.

-Бодлогын зөвлөл дараагийн төслүүдийн зөвлөмжийг хэдийд гаргах вэ. Дээрх дөрвөн төслөөс гадна бэлэн болсон төсөл бий юү?

-Бодлогын зөвлөл бэлэн болж байгаа төслүүдийг үе шаттайгаар хэлэлцэж байгаа. Тухайн төсөлтэй холбогдлуулан албаны хүмүүсээс тайлбар авах, тооцоо судалгааг нь нарийвчилж үзэх гэх мэтээр сайн нягталж байж зөвлөмжөө гаргаж байгаа юм. Тухайлбал, одоогоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн төслүүд дээр ажиллаж байна.

-Бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн талаар зөвлөмж гаргахдаа яамдын төслийг тэнцүү хэмжээгээр хамруулах зарчим барьж байгаа юу. Тухайлбал, яам тус бүрээс нэг нэг төсөл гэдэг зарчим. Яагаад гэвэл сайд нар өөрийнхөө салбарт харьяалагдах төсөлдөө санхүүжилт авахын тулд нэлээн өрсөлдөж байгаа байх?

-Заавал яам тус бүрээс төсөл оруулна гэдэг асуудлыг сонсоогүй юм байна. Яам болгон л өөрийнхөө чухал гэсэн төслүүдэд санхүүжилт авахаар Эдийн засгийн хөгжлийн яаманд өгсөн нь ойлгомжтой. Хамгийн гол нь бондын зэнэл эргэн төлөгдөх нөхцөлийг бүрдүүлэх төслүүдийг л шалгаруулж байгаа.

-1.5 тэрбум ам.доллараар ойролцоогоор хэдэн төслийг санхүүжүүлэх бол? 

-Санхүүжилт авах хүсэлтэй маш олон төсөл Эдийн засгийн хөгжлийн яаманд ирсэн юм билээ. Эдийн засгийн хөгжлийн яам төслүүдийг ач холбогдол, бэлтгэл зэргээр нь эрэмбэлээд бодлогын зөвлөлд оруулж ирж байгаа юм. Бодлогын зөвлөл оруулж ирсэн төслүүдийг нь хэлэлцээд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн төслүүдээр нь зөвлөмж гаргаж байгаа, Яг хэдэн төсөлд хөрөнгө оруулалт хийхийг одоо хэлэх боломжгүй. Томоохон хэмжээний төслүүдээр тооцвол, 1.5 тэрбум ам.доллар их мөнгө биш шүү дээ. Хэдхэн төсөлд хөрөнгө оруулалт хийгээд л дуусна.