2013.02.25

Гэр хорооллыг дахин төлөвлөх журмыг байнгын хороод дэмжсэнгүй

НИТХ-ын дарга Д.Баттулга «Гэр хорооллыг дахин төлөвлөх журам»-ыг НИТХ-ын нэгдсэн хурлаар хэлэлцэхтэй холбогдуулан байнгын хороодын хурлаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд НИТХ-ын Барилга, хот байгуулалт, Гэр хорооллын хөгжлийг дэмжих байнгын хороод хамтарсан хуралдаан хийсэн байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах тухай нарийвчлан тусгасан энэхүү журмыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан.

Журмыг байнгын хороодын гишүүд хэлэлцсэн ч нэлээд шүүмжлэл дагууллаа.

Төлөөлөгчид эл журмыг судалгаа хийгээгүй, иргэдийн эрхэнд бүдүүлгээр халдсан зүйл заалт орсон, хариуцлагын тогтолцооны тухай огт тусгаагүй зэрэг дутагдал байна гэж үзжээ. Тиймээс журмыг дахин засварлах, боловсруулах үүргийг ажлын хэсгийнхэнд өгчээ. Түүнчлэн хэсэг төлөөлөгчид НИТХ-аар энэ журмыг хэлэлцэх нь буруу гэсэн байр суурьтай байсан юм. Энэ талаар зарим төлөөлөгчөөс тодруулав.

НИТХ-ын төлөөлөгч А.Гантулга

-Журам батлагдсаны дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлэх ёстой байгаа шүү дээ. Гэтэл журмыг дахин боловсруулах шийдвэр гаргалаа?

-НИТХ-ын чуулганаар гэр хорооллын 12 байршлыг дахин төлөвлөж төвийн дулаантай холбох тухай шийдвэр гарсан. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Э.Бат-Үүл даргад хүлээлгэсэн байгаа. Өөрийн эрх үүргийн хэмжээнд шийдвэрлэх журмын асуудлыг НИТХ-д дахин оруулж байгааг би хувьдаа дэмжихгуй байна. НИТХ-аар эл асуудлыг хэлэлцэж, батлах нь эцсийн хариуцлагыг үүрэхэд хүрч байгаа юм. Тиймээс энэ журмыг НИТХ-аар оруулж батлуулахыг эсэргүүцэх саналтай байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан

-НИТХ-ын тэргүүлэгчдийи хурлаас журмыг нэгдсэн хурлаар хэлэлцэж, батлах тухай шийдвэр гарсан. Харин байнгын хороодын хурлаас арай өөр шийдвэр гарах шиг боллоо?

-Энэ журмыг чуулганаар оруулж батлах нь буруу. Тиймээс журмыг НИТХ-аар хэлэлцэхгүй байх саналыг дэмжинэ. Байнгын хорооны хуралд оруулж ирсэн журмын төсөлд дутагдалтай зүйл нэлээд харагдаж байна. Тухайлбал, гэрээ байгуулахдаа өмчлөгч, эзэмшигч нар зөвшилцөөд, иргэдийн газрыг дундаж үнэлгээгээр үнэлнэ гэж заасан байна. Энэ нь иргэдийн газрыг дээрэмдэж буйгаас ялгаагүй. Энэ мэтчилэн нэг талыг барьсан, алдаатай зүйл заалт ч байна. Дахин боловсруулах хэрэгтэй.