Өөрчлөлт шинэчлэлтийг хамтран хийх багийнхандаа нээлттэй ажиллахыг зөвлөлөө
Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг
2013.02.26

Өөрчлөлт шинэчлэлтийг хамтран хийх багийнхандаа нээлттэй ажиллахыг зөвлөлөө

Шинэчлэл, өөрчлөлтийг Засгийн газрын гишүүд болоод аймаг, нийслэлийн  дарга нар хийхгүй, иргэдээ сонсож, шийдвэр гаргахдаа тэдний санал, хүсэлтийг оролцуулбал сая шинэчлэл бий болно гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нарт хандаж хэллээ.

Төрийн албаны нэрээр түмний мөнгөөр тоглодог, гадаадад багаараа зугаалдаг, ашигтай ажилласан нэрээр мөнгө хувааж идэж нэгэндээ найр тавьдаг буруу жишигт цэг тавьсан шүү. Дарга гэдгийг мөнгө үрдэг, хүн загнадаг хүн гэж ойлгож болохгүй. Төрийн албыг өөрийгөө хамгаалах байгууллага гэсэн буруу ойлголтыг халахын тулд өөрчлөлт, шинэчлэлт хийхээс аргагүй байна. Бүхнийг дарга шийддэг байдлаас татгалзаж, иргэдээрээ хэлэлцүүлж, тэднийг  сонсож ажиллах учиртай гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо. Ингэхдээ иргэдийн саналын мөрөөр хийж буй ажлыг жижиг гэж голж болохгүй. Тухайлбал, нэг тн нүүрсний үнийг 200 мянган төгрөг байсныг 80 мянга болгож хямдруулсан нь зарим хүнд хамаагүй ч нийслэлийн 180 мянган өрхийн амьдралд их тустай. Иргэдийн саналд тулгуурласан энэ мэт ажлыг сэтгэл гарган хийж, эргээд тайлагнаж танилцуулдаг байх нь чухал гэлээ.

Нэг тн нүүрсний үнийг 200 мянган төгрөг байсныг 80 мянга болгож хямдруулсан.

Шинэчлэлийн Засгийн газар өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгахын тулд хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ хүрээнд үнийн өсөлт саарч, суурь инфляц багасах үр дүн гарч байна гэсэн мэдээллийг өгөөд Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх ажлуудыг танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.Нийслэл хотод “Гудамж” төсөл хэрэгжиж, 33 замын уулзварыг дөрвөн замын уулзвар болгоно. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ. Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах, цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барина.

Шинэ төмөр зам хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах 1800 км замын бүтээн байгуулалтад санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн гэдгийг танилцуулаад Ерөнхий сайдын төсвийн багцын хөрөнгөөс аймгуудад битүү зах барих, оношлогооны төв байгуулах ажлыг хийнэ. Энэ ажилд орон нутгийн удирдлагууд санаачилгатай оролцохыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үүрэг болголоо.

Үйл ажиллагаагаа тунгалаг, нээлттэй байлгаж орон нутагт хийх ажлаа олон хүний оролцоотой төлөвлөж зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум дүүргийн удирдлагуудад зөвлөөд өөрчлөлт, шинэчлэлтийг хамт хийх багийнхандаа ажлын амжилт хүслээ. Орон нутгийн удирдлагуудад зориулсан нэгдсэн сургалтад Засгийн газрын гишүүд оролцож, салбарын бодлого, хийх шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.