Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо
Данийн Вант Улсын Фолькетинг /Парламент/-ийн дарга Могенс Ликкетофтод Гадаад харилцааны сайд Л.Болд бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов.
2013.03.05

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай оронд албан ёсоор айлчилж буй Данийн Вант Улсын Фолькетинг /Парламент/-ийн дарга Могенс Ликкетофтод /гуравдугаар сарын 4/ үдээс хойш Гадаад харилцааны сайд Л.Болд бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Л.Болд энэхүү айлчлал нь Монгол-Данийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог болохыг дурдав.

Данийн Засгийн газар манай орны ардчилсан өөрчлөлтийг бүр эхнээс нь дэмжин тусалж, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд  ардчиллыг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд, ялангуяа чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснийг монголчууд ихэд үнэлдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр мөн Монгол Улсаас Данийн Вант Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх, улс төрийн харилцааны өнөөгийн түвшинг дээшлүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход чухал ач холбогдолтой айлчлал болж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн сацуу газар нутаг, байгалийн баялаг зэрэг олон талаараа адил төстэй манай хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам үр өгөөжтэй өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж байгааг тэмдэглэлээ.