О.Баасанхүү: Намын хурал дээр Н.Удвал сайдыг би санал болгосон
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.05.17

О.Баасанхүү: Намын хурал дээр Н.Удвал сайдыг би санал болгосон

-Та Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санаачилга гаргаад байгаа. Сайдыг огцруулах гэсэн зорилго тань юу юм бэ. Эсвэл хувь хүнийхээ хувьд та хоёрт асуудал байдаг юм уу?

-Ер нь бол Х.Тэмүүжин байна уу, Дорж байна уу гэдэгтээ гол нь биш л дээ. Асуудлын гол нь эрх зүйн салбартаа байгаа юм.  Хууль зүйн сайдын чиг үүрэг гэж байдаг. Нэгдүгээрт эрх зүйн туслалцаа, хоёрдугаарт хууль зүйн туслалцааны асуудал. Гуравт, хил хамгаалах, дөрөвт гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилсан сэргийлэх гэх зэрэг. Хууль зүйн сайд маань өөрөө улстөрч хүн.

“Эрх зүйн шинэтгэл” гэсэн ганц үгээр уналтад орсон бусад зүйлүүдээ халхлаад байна. Энийг хууль мэддэг хүнийхээ хувьд би хэлэхгүй бол болохгүй биз дээ. Би тэр талаас нь л юм хэлээд байгаа хэрэг. Индэр дээрээс бол сайд гоё харагдаж болно. Эрх зүйн шинэтгэл ярьж байгаа залуу хүн, зөв зүгтээ явж байна гэдэг ч юм уу, харагдах байдлаасаа бол болж байна. Харин үр дүн гэж авах юм алга. Гэмт хэргийн тоо гурав дахин өслөө. Дээр нь, аудитын шалгалтад уначихсан, дөрөвдүгээр сарын 25 хүртэл аудитээ хийлгээгүй.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг БХЯ-ны эмнэлэгтэй нийлүүлэхдээ Төсвийн тухай хуулийг зөрчсөн гээд олон асуудал байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг БХЯ-ны эмнэлэгтэй нийлүүлэхдээ Төсвийн тухай хуулийг зөрчсөн гээд олон асуудал байна. Тэрнээс биш Х.Тэмүүжин гэдэг миний доод курсын оюутан Хууль зүйн сайд хийж байгаад баяртай байлгүй яахав. Бид хоёр энд тэнд таарахаараа найз нөхдийн харилцаатай байдаг юм. Нэг багштай учраас багшаараа дамжуулаад санал бодлоо хэлдэг л юм. Өөрөөр хэлбэл, асуудлын гол нь хүндээ биш гэсэн үг.

-Тэгэхээр цэвэр мэргэжлийн үүднээс шүүмжлэлтэй хандаж байгаа гэсэн үг үү?

-Эмч мэргэжилтэй хүн эрүүл мэндийн салбараа илүү сайн ойлгоно. Миний хамгийн сайн мэддэг зүйл бол Хууль зүйн салбар. Гэмт хэрэг өснө гэж юуг хэлдэг юм. Салбар удирдана гэж юу байдаг юм. Тэрийг би мэддэг л байхгүй юу. Өнөөдрийг хүртэл би Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг тавиагүй л байна шүү дээ. Яагаад гэвэл, асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй.

Эхлээд нотлох баримтуудаа судалж үзнэ. Төрийн байгууллагуудаар шалгалт хийнэ. Эхнээсээ ч шалгалтуудын дүн ирж байна. Эндээс Хууль зүйн сайдыг огцруулах үндэслэлгүй гэж үзвэл огцруулах асуудлыг тавихгүй ч байж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжинг огцруулах нь миний зорилго биш. Хууль зүйн салбарт алдаа байна гэж үзээд л судлаад явж байна. Хэрэв алдаа байхгүй бол сайдыг огцруулах албагүй.

-Хууль зүйн салбарт нэлээн шинэчлэл хийж байгаа. Магадгүй үүний дараа хууль зүйн салбарт олон дэвшил гарч болох юм. Тэгэхээр та яарч байгаа юм биш үү?

-Би 15 жил “Rule of law” буюу эрх зүйт төр гэсэн чиглэлээр америкуудтай хамтарч судалгаа хийсэн. Энэ утгаараа Х.Тэмүүжингийн ярьж байгаа зүйлийг мэдэж байгаа. Гэхдээ Х.Тэмүүжин бол хоёр юм уу, гурав дахь хүнээс сонссоноо яриад байгаа. Харин би оригиналаар нь сонссон байхгүй юу. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, иргэд туршилтын туулай болж болохгүй.

-Зарим хүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин МАХН-ын дарга Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа учраас О.Баасанхүү ингэж байгаа юм гэдэг шүү дээ.

-Нэгдүгээрт, шүүхийн асуудал байгаа. Захиалгын шүүх, прокурор энэ хэрэг дээр ажилласан. Одоо бол эрүүл мэндийн асуудал яригдаж байна.

Эмч нар намын даргын эрүүл мэндийн талаар таван удаа “Ноцтой” гэсэн дүгнэлт гаргачихаад байна.

Гэтэл энэ асуудлыг одоог хүртэл шийдэж өгөхгүй байгаа нь өөрөө инээдтэй хэрэг.

-Ямар шалтгаанаар шийдэж өгөхгүй байгаа юм бэ?

-Монголын анагаахын салбарын хамаг л нэртэй гэсэн доктор, профессоруудын гаргасан дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр баталгаажуулах юм гэсэн. Энэ хүрээлэн нь Хууль зүйн яамны харьяа газар шүү дээ. Ингэж харьяа газруудаа улстөржүүлэх шаардлагагүй л байхгүй юу. Эмч нарын дүгнэлт гол нь болохоос Шүүхийн шинжилгээний хүрээлэн шийддэг юм биш. Эсвэл ерөөсөө эмч, шүүх гэж байхаа болиод Шүүхийн шинжилгээний хүрээлэн бүх асуудлыг шийддэг болох юм уу.

-Та Н.Энхбаяр даргатай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Биеийн байдал нь ямар байна?

-10 гаруй хоногийн өмнө уулзсан юм байна. Биеийн байдал нь хэцүү байна лээ.

-Уулзахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх талаар зөвлөсөн үү. Н.Энхбаярын санал болгосноор Н.Удвал сайдыг нэр дэвшүүлсэн юм уу?

МАХН-ыг үүсгэн байгуулагчийн хувьд Н.Удвал сайдыг нэр дэвшүүлэхээр болсон хэрэг.

-Н.Энхбаяр даргын санал болгосноор нэр дэвшүүлсэн гэж ярих нь буруу л даа. Тэгж яривал миний санал болгосноор нэр дэвшүүлсэн байж болно шүү дээ. Жишээ нь, би намын хурал дээр Н.Удвал сайдыг санал болгосон. Үнэндээ бол манай намаас таван хүн өрсөлдсөн. Ний нуугүй хэлэхэд, УИХ-ын дэд дарга Л.Цог, Байнгын хорооны дарга Ц.Цолмон хоёрын хувьд судалгаагаар рейтинг нь муу гарсан. Шадар сайдыг өрсөлдүүлье гэхээр ёс суртахууны хувьд онцгүй харагдах гээд байсан. Ингээд л эмэгтэй хүн, МАХН-ыг үүсгэн байгуулагчийн хувьд Н.Удвал сайдыг нэр дэвшүүлэхээр болсон хэрэг.

-Уг нь МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн яриа байсан. Гэтэл АН-ынхан МАХН-ыг шахсаар байгаад нэр дэвшүүллээ гэсэн яриа гараад байгаа?

-Ардын намынхан л тийм юм ярьсан байх. Тэд л битгий нэр дэвшүүлээч гэж ярьсан шүү дээ. АН-ынхан шахсан гэдэг бүр ч утгагүй яриа. Би нэг зүйл дээр гайхаад байдаг юм. Яагаад МАН-аас нэр дэвшигч МАХН-ын нэр дэвшигчийн саналаас хуваалцаж болохгүй гэж. МАН үнэхээр АН-ын Ерөнхийлөгчийг яллахгүй гэж санаа зовж байгаа юм бол өөрийнхөө нэр дэвшигчийн нэрийг татуулж болно шүү дээ. Тэгээд МАХН гэсэн ууган “малгай”-н доороо ороод хамтдаа яв л даа.

-Н.Удвал сайд нэрээ та¬тах гэж байгаа юм биш үү?

-Наадахь чинь Н.Удвал сайдыг нэрээ татаасай гэж бодож байгаа хүмүүсийн тараасан цуурхал.  Манай нэр дэвшигч нэрээ татахгүй. Харин ч сонгогчдын дор хаяж 30 хувийн саналыг авна гэж бодож байгаа.

-”Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаагийн хувьд МҮАН танай нэр дэвшигчийг дэмжиж болоогүй юм байх даа?

-Хэнийг дэмжих нь тухайн намын л асуудал. Н.Батцэрэг даргын тайлбараар бол “Та нар нэр дэвшүүлэх эсэх нь мэдэгдэхгүй байсан болохоор бид түрүүлээд хурлаа хийчихлээ. Танайхаас хүн байхгүй болохоор Ардчилсан намыг дэмжинэ гээд хэлчихсэн шүү” л гэж хэлсэн. Бас “Хэрэв танайх түрүүлсэн бол эвсэл болж байгаагийнхаа хувьд танайхыг дэмжинэ”  гэж хэлж байна лээ. Харин М.Энхсайхан гээд төрийн өмчийн компанийн захирал нь Ц.Элбэгдоржийг дэмжинэ гээд л байсан. Төрийн өмчийн компанийн захирал ингэж улстөржиж байгаад жаахан гайхаж л суулаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн том давааны өмнө МАХН хэр эв нэгдэлтэй байж чадаж байна вэ. Саяхан  таныг 20, 30 хүн дагуулж очоод нэг даргатайгаа асуудал үүсгэсэн гэсэн мэдээлэл гарсан.

-Нуулгүй хэлэхэд, би У.Барсболд гэдэг хүнийг сайн танихгүй. Ганц хоёр удаа таарч байсан, мэндэлж байсан. Тэгээд л боллоо. Хамт ширээ тойрч суугаад бодлого боловсруулаад сууж байсан түүх алга. Би одоо 20 залуу дагуулаад явна гэж юу байхав. Би өөрөө хуульч хүн учраас аливаа юманд сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй. Сонин хэвлэлээс харж байхад У.Барсболд гэдэг хүн  тийм ч сайн нэртэй биш л юм шиг байна лээ.

-У.Барсболд таныг “Хувийн эзэмшлийн ресторанд нь дайрч орж ирсэн” гэж хэлсэн байсан?

-У.Барсболд хувийн өмч гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Ресторан чинь нийтэд үйлчилдэг газар биз дээ. Тэгээд ч нэг намын хүмүүс уулзаа л биз. Энд сүртэй юм юу байгаа юм бэ.

-Та хоёр маргалдсан юм биш үү?

-Сүртэй юм болоогүй ээ. Ямар ч маргаан байхгүй. Энэ нэг их ач холбогдол өгөөд байх сэдэв биш. Цаана чинь Монгол Улсад өчнөөн асуудал байна.

-Саяхан улстөрчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гарсан. Таны хувьд ямар нэгэн компанийн хувьцаа эзэмшдэг үү?

-Төрөөс өгсөн Тавантолгойн л хувьцаа байна. Өөр юм байхгүй ээ. Аав, ээжийнхээ байгуулсан жижигхэн компанид хүүгийн хувиар тодорхой байр суурь эзэлнэ. Ер нь хөрөнгө гэдэг миний хувьд харьцангуй ойлголт. Би дэлхийн 105 оронд очиход гэртээ оруулаад хоолоор дайлчих найз нөхөдтэй л хүн.

-Та бас цөөнгүй малтай юм билээ?

-Эмээ маань хэлмэгдэж явсан хүн. Нөхөн олговрын нэг сая төгрөгөө аваад хэдэн үхэр худалдаж авсан юм билээ. Эмээг өнгөрсний дараа аав, ээж хоёр маань үхрийг нь өсгөөд явж байгаа юм л даа. Тэд маань Монголд анх удаа хайрцагтай өрөм хийж худалдаанд гаргах зэргээр өрхийн жижигхэн үйлдвэрлэл эрхлээд л явж байна.

-Та Монгол судлалын академи байгуулах санал гаргаад явж байгаа. Тэр асуудал юу болж байгаа вэ?

-Энэ дээр академич, эрдэмтэд нэлээд аллергитэж байгаа. Уг нь би Монгол дархлааг л бий болгоё гэж бодсон юм. Өнөөдөр манайд Күнз, Орос, Хятад, Тайвань, Япон судлалын төвүүд ажиллаж байна. Гэтэл үүнийг бодлогоор зохицуулж байгаа юм алга. Тэдний зорилго бол өөрсдийнхөө соёлыг Монголд нутагшуулах. Монгол хүн өөрийнхөө соёлоор биш гаднын соёлоор бахархах зүйлийг л хийж байгаа. Бид ч гэсэн хилийн гадуур байгаа Монгол угсаатнууддаа зориулж судалгааны төв байгуулж болно. Энэ чинь эргээд манай соёлыг хамгаалах дархлаа бий болгоно шүү дээ. Даяаршлын үед улс үндэстэн соёлоо авч үлдэх нь чухал байна.

-Ажлын хэсгийг та ахалж ажиллаж байгаа юу?

-Ажлын хэсгийг А.Тлейххан гишүүн ахлаад ажиллаж байгаа. Харин санаачлагч нь болох намайг ажлын хэсэгт оруулдаггүй, ажлын хэсгийг ахалж болдоггүй л юм байна.