Ганхуяг.Д 2013.05.14 | Сонин: Ардчилал

Д.Ганхуяг: Уул уурхайн компаниудаар нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулна

Д.Ганхуяг: Уул уурхайн компаниудаар нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулна
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг

 Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд ухаж сэндийчсэн газраа нөхөн сэргээдэггүйгээс болж, байгаль орчинд сөрөг үр дагавар гарах болсон. Манай улс 2008 он хүртэл уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар нэгдсэн бодлого, стандартгүй явж ирсэн нь ашигт малтмал олборлогч компаниудад хуулийн цоорхой ашиглах боломж олгосон. Тиймээс хуульд энэ асуудлыг нарийвчлан тусгаж өгөх үүднээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Нөхөн сэргээлтийг тодорхой мэргэжлийн байгууллагын эрх авсан компаниуд хийдэг юм байна. Тэр эрхийг нь БОНХЯ тодорхой журам аргачлалын дагуу өгдөг байсан бол энэ жил байгаль орчны аудитын журам шинээр батлагдсан аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь тухайн компани ингэж нөхөн сэргээнэ гээд ажлын төлөвлөгөө гаргачихаад, хэрэгжүүлдэггүй. Холбогдох байгууллагынхан ч хойноос нь хяналт тавьдаггүй байж. Тиймээс БОНХЯ байгаль орчны аудитын хэлтэс шинээр байгуулжээ. Шинэ журмаар тухайн компанид хөндлөнгийн хяналт тавьдаг болох юм. Жишээ нь, тухайн ашигт малтмал олборлож буй компани зардлаа гаргаад өөр аж ахуйн нэгжээр байгаль орчны аудит хийлгэснийх нь дараа хяналт тавих гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.

-Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулдаг болно. Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуульд тухайн компани нөхөн сэргээлтэд тодорхой хэмжээний хөрөнгө байршуулна гэж заасан байдаг ч өмнөх парламентын үед 120 сая, 1.2 тэрбум төгрөг гэсэн маш бага тоо сонсогдож байгаад нам жим болсон. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Уул уурхайн салбараас олж буй ашгийн хуваарилалт болон эрдэс баялгийн салбарын бодлогод судалгаа хийлээ. Төр татвараа авахын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгж татвар төлснийхөө дараах ашгийн хэмжээнээс хамаарч орон нутгийн хөгжилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байх, түүнийг орон нутаг нь зөв зарцуулах хуулийн заалт оруулж өгмөөр байгаа юм. Энэ талаар хуулийн төсөл санаачиллаа.

-Уул уурхайн компаниуд олборлолт явуулж дууссаныхаа дараа өөр аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгэнэ гээд мөнгө өгчихдөг. Гэтэл тэр мөнгө нь хүрэлцдэггүй. Энэ асуудлыг хянах боломж бий юү?

-Нөхөн сэргээлт хийсэн компани газраа орон нутагт хүлээлгэж өгдөг, үүнд яам давхар хяналт тавина. Нөхөн сэргээлтэд компаниуд туслан гүйцэтгэгч гэсэн нэр томъёо гаргаж ирээд байгаа.

Өөрөөр хэлбэл, алтыг нь ухчихаад нэг компанийг нөхөн сэргээлт хий гээд бага хэмжээний мөнгө өгчихдөг. Өвөрхангайн Уянга, Архангайн Цэнхэр суманд ийм асуудал үүссэн.

Бид өнгөрсөн хугацаанд алтыг нь авчихаад нөхөн сэргээлгүй хаясан компаниудын тоог гаргасан. Энэ компаниудад холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Цаашлаад, энэ салбарт үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.