С.Ганбаатар: Монгол Улс өөрийн гэсэн байр суурь бодолтой байх ёстой
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.15

С.Ганбаатар: Монгол Улс өөрийн гэсэн байр суурь бодолтой байх ёстой

Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэхтухай болон Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулахаар УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж эхлээд байгаа.  Хэрэв энэ хуулиудыг ирэх сарын 1 гэхэд УИХ-аар батлахгүй бол Монгол Улс хар дансанд орно гэх мэдээлэл ч гараад байна.

Энэ талаар С.Ганбаатар гишүүний байр суурийг сонслоо.

-Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

-Монгол бүрэн эрхт тусгаар тогтносон улс. Хар дансанд хэн, ямар үзүүлэлтээр оруулах гээд байгааг тодорхой болгох хэрэгтэй. Хар дансыг хэн хөтөлдөг, үүнд орсноороо хэн бидэнд шахалт үзүүлэх гээд байгааг ч мэдмээр байна.

Энэ бүхнийг тодорхой болгоогүй байж "Хар дансанд орох нь, хуулиа хурдан батлаарай" гэж болохгуй биз дээ. Мөн Монгол Улс олон улсын банк санхүүгийн байгууллагын шахаанд орж болохгүй.

Оюу толгой бол гадаадын хөрөнгө оруулагч компани биш.
-Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа вэ. Монгол Улс саарал дансанд орсон гэж яриад байна. Хар, саарал данс гэж ямар учиртай зүйл болохыг тайлбарлаж өгөөч?

-Хар, саарал данс гэдэг нь гадаадад мөнгөө байршуулж хүүлдэг олон улсын маш хүчтэй банк санхүүгийн байгууллагын нэгдэл юм. Үүнд Монгол Улс өөрийн гэсэн байр суурь, бодолтой байх ёстой. Монголчуудад мөнгө яахаараа өндөр очдог юм.

100 төгрөгийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай нийлж Монголын төр хэд дахин нугалж худалдаж байгаа нь сонин байна. Үүнийг хямдруулах боломж байгаа бол бид бололцоогоо ашиглах ёстой.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж яриад байгаа. Үүнийг нааштайгаар шийдвэрлэх гарц харагдаж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй. Оюу толгой бол гадаадын хөрөнгө оруулагч компани биш. Зээл зуучлагч компани болчихоод байгаа. Бидэнд зээл зуучлагч хэрэггүй.

Харин туршлага мэдлэг, тоног төхөөрөмжөөрөө хөрөнгө оруулж байгаа компаниуд манайд хэрэгтэй байна. Тиймээс зээл дамлан зуучлах нь зөв, буруу эсэхийг манайхан эргэж харах ёстой байх.