2013.05.15

Төмөр замын дэрийг модоор хийхийг хоригложээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Мод, модон материалын импортыг дэмжих талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн наймхан хувийг ой эзэлдэг ч мод, модон материалын жилийн хэрэглээ гурван сая 107 мянган шоо метрээр хэмжигддэг. Үүнээс түлшний хэрэглээний мод 60 орчим хувийг эзэлдэг байна. Барагцаагаар жилдээ хоёр сая орчим шоо метр модыг түлшинд хэрэглэдэг гэсэн үг аж.

“Монгол Улс жилдээ 2 сая орчим шоо метр модыг түлшинд хэрэглэдэг. Орон нутгийн төвшинд төвлөрсөн халаалт байдаггүйгээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа нь өвөлдөө асар их модыг түлшний зориулалтаар хэрэглэж байна.

Ойн нөөц багатай Монгол орны хувьд цаашид мод, модон материалын импортыг дэмжих шаардлагатай. Энэ хүрээнд импортын мод, модон материалыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэхийг шаардаж байгаа аж.

Уг нь ой модоо хамгаалах зорилгоор 2005 онд импортын мод, модон материалыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг гаргаж байсан удаатай. Гэвч жилийн дараа нь буюу 2006 онд НӨАТ-ыг буцаан сэргээсэн байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ОХУ-аас гуалингаар мод орж ирэхэд Гааль болон НӨАТ-ыг аль алийг ноогдуулдаг бол зүсэж боловсруулсан модыг Гаалийн албан татвараас чөлөөлж НӨАТ-ыг ногдуулдаг. Шинэчлэлийн Засгийн газраас энэ байдалд дүгнэлт хийж, аль ч хэлбэрээр импортоор орж ирсэн мод, модон материалыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэх мэдээллийг сайд С.Оюун энэ үеэр онцоллоо.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зүгээс Зам, тээврийн яаманд хандаж төмөр замын дэрийг модоор хийхгүй байх хүсэлтийг тавьж, энэ чиглэлээр мод бэлтгэхийг хориглосон аж. Үүнийг ч салбар хариуцсан яам нь хүлээж авсан. Ингэснээр жилдээ төмөр замын дэр модонд зориулж 40 мянган шоо метр нойтон мод бэлтгэгддэг байсныг зогсоож чаджээ.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улс жилдээ 2 сая орчим шоо метр модыг түлшинд хэрэглэдэг. Орон нутгийн төвшинд төвлөрсөн халаалт байдаггүйгээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа нь өвөлдөө асар их модыг түлшний зориулалтаар хэрэглэж байна.

Эл хэрэглээг зохицуулахгүй бол ойрын хугацаанд 5-6 аймаг ойгүй болно гэсэн судалгаа бий. Шинэчлэлийн Засгийн газраас ойг хамгаалах зорилгоор түлшинд хэрэглэж байгаа модны хэрэглээг багасгахын тулд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ” гэдгийг тодрууллаа.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Орон нутаг дахь түлшний модны хэрэглээг хязгаарлахын тулд сэргээгдэх эрчим хүч, илүү шаталттай уурын зуухаар халаалт, дулааныг шийддэг байх нь чухал болж байгаа. Энэ чиглэлээр Японы талтай судалгааг эхлүүлсэн ажил явж байна” гэдэг мэдээлийг өгөв.

Мөн ойг хамгаалах зорилгоор төмөр замын дэрийг бетоноор хийх, шонгийн тулгуурт мод хэрэглэхийг хориглох зэргээр эхний шатанд ажлууд хийгдэж байгааг бас тодотголоо.

УИХ-ын гишүүн Ц.Цолмон импортоор орж ирэх мод, модон материалыг татвараас чөлөөлөх нь хэр оновчтой вэ. Хэдхэн компанийн бизнесийг дэмжээд ар талдаа үндэсний үйлдвэрүүдээ татаж унагах юм руу орчих вий. Өнөөдрийн байдлаар мод, модон материалаар үйлдвэрлэл эрхэлдэг хэчнээн компани байна.

Хуучин төмөр замын дэр мод бэлтгэдэг тусдаа компани байсан, төмөр замын дэрийг бетоноор хийх болсноор эдгээр ажилчид ажилгүй болсон уу, аль эсвэл өөр газар луу шилжүүлж зохицуулсан уу гэдэгт хариулт хүсэв.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны холбогдох газрынхны мэдээллээр 400 гаруй мод боловсруулах үйлдвэрт 5000 орчим иргэн ажилладаг. Төмөр замын дэр мод бэлтгэдэг байсан ажилчдыг бетонон дэр үйлдвэрлэх компани руу шилжүүлж, зохицуулсан юм байна. ОХУ-аас импортоор орж ирж байгаа 1 куб модыг 270 мянгаас 350 мянган төгрөгийн хооронд үнэлж зардаг.

Хэрвээ энэ төрлийн бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт эдлүүлбэл эргээд барилгын үнэ ханш өсч байгаа үед модоор барих барилгын үнийг буулгах, мөн энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлдэг ажилчдын тоо 2000-аар нэмэгдэж 7000-д хүрэх бололцоотой зэрэг нааштай үзүүлэлтүүд бас гарч ирэх бололцоо байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо.