Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралд оролцож байна.
2013.05.22

Манай улс Дуньзян боомт дахь 10 га газар эзэмшинэ

Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол БНХАУ-ын засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралд оролцож байна.

Энэхүү хуралдааны үеэр тус улсын Тяньжин хотын Бинхай дүүрэг дэхь Дунзяны гаалийн баталгаат боомтод 10 га газар авах тухай асуудал яригдахаар болж шадар сайд Д.Тэрбишдагва төлөөлөгчдийн хамтаар айлчлалынхаа эхний өдөр Тяньжин хотноо ажилласан юм. 12 сая гаруй хүн амтай Тяньжин хот нь дэлхийд дөрөвт бичигдэх томоохон усан боомтоо түшиглэн олон улсын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс болон өргөжжээ.

Цаашдаа хот хүрээгээ тэлж, зөвхөн ачаа бараа хүлээн авах боомт байгаад зогсохгүй аялал жуулчлалын төв хот болохоор төлөвлөж байна.

Цаашдаа хот хүрээгээ тэлж, зөвхөн ачаа бараа хүлээн авах боомт байгаад зогсохгүй аялал жуулчлалын төв хот болохоор төлөвлөж байна.

Тиймээс Тяньжин хотын ирээдүйн төлөвлөгөөнд дэлхийн улс үндэстэн бүрийн өнгө төрхийг харуулсан үзэсгэлэнтэй гудамж талбайг байгуулах явдал багтаж байсан. Яг өнөөдрийн байдлаар Тяньжин хотод дэлхийн 500 том компанийн 300 орчим нь өөрийн гэсэн салбараа нээж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай улсын хувьд тус боомтод өөрийн гэсэн газар эзэмших санамж бичгийг 2009 онд байгуулсан боловч хөрөнгө санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон.

Хоёр орны засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан Бээжин хотноо үргэлжилж байна.

Харин энэ хавар болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар газар авах ажлыг түргэтгэх шийдвэр гарсан. Тиймээс шадар сайд Д.Тэрбишдагва айлчлалынхаа үеэр Тяньжин хотын нэгдүгээр орлогч дарга Цуи Жиндөтэй уулзаж энэ ондоо багтаан монгол улсын засгийн газар Дуньзян боомт дахь 10 га газрыг авахаар болсоноо мэдэгдсэн юм.

Хэрвээ манай улс Дуньзяны боомтод өөрийн гэсэн газартай болвол ачаа эргэлт нэмэгдэхийн сацуу монголын брэнд бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм байна. Одоогийн байдлаар төлөвлөж буй 10 га газарт Монголын төмөр зам төрийн өмчит компани бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллахаар болж байна.