УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.05.16

Ж.Эрдэнэбат: Тооцоо судалгааг бодитой гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуун, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Төсвийн төлөвлөлт гэдэг тухайн жилийнхээ эдийн засгийн үзүүлэлт, өмнө нь гарч байсан төсвийн гүйцэтгэлүүд гэх мэт олон зүйлд үндэслэгдэж байж төлөвлөгддөг. Гэтэл энэ төсвийн хүрээний мэдэгдлийг харахад баахан тоог тэнгэрээс аваад тавьсан юм шиг байна.

2014 оных дээр өнгөрсөн оныхоо тэнгэрийн тоог буцаагаад оруулаад ирж байгаад гайхаж байна. Хэдийгээр 2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 14,7 хувьтай байна гэж тооцсон ч орлого 2.2 их наяд төгрөгөөр өмнөх оны гүйцэтгэлээс нэмэгдэж орох эсэхийг сангийн яам тооцож үзсэн юм болов уу.

Өмнө нь 12,3 хувьтай байхад 637.6 тэрбум төгрөгийн орлого орж байсан. Гэтэл ДНБ-ий өсөлт нь 13,7 хувьтай гараад ирэхээр 2,2 их наядаар нэмэгдэнэ гэсэн тооцоо тэнгэрийн тоог хаанаас тавиад байгааг ойлгохгүй байна. 2013 оны төсөв хүндэрлээ гэдгээ Засгийн газар хүлээн зөвшөөрчихлөө.

2013 оны төсөв хүндэрлээ гэдгээ Засгийн газар хүлээн зөвшөөрчихлөө.

2013 оны төсвийг 2012 оны төлөвлөгөөтэй уялдуулж хийсэн. Гүйцэтгэлтэй нь уялдуулаагүй. Өнгөрсөн оны байдал энэ онд ахиад давтагдана. Түүнчлэн  ажил үйлчилгээний бараа үйлчилгээ худалдан авах зардал гэж байдаг. Энэ зардал цалин нэмэгдээгүй байхад 2012-2013 оны хооронд 407 тэрбумаар өссөн байна.

2013-2014 оны байдлаар 238,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж байгаа. Гэтэл 2011-2012 оны  бараа үйлчилгээ худалдан авах зардал нь 544,7 тэрбумаар нэмэгдсэн. Засгийн газар 30 хувиар цалин нэмэгдэж байхад ийм хэмжээний зардал нэмэгдэж байсан бол нэг ч төгрөгний цалин нэмэгдээгүй байхад 407 тэрбум төгрөгөөр 2012-2013 оны зардал өссөн байгаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр маш том заалт тусгасан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг аймаг дүүрэгт 3 тэрбумаас доошгүй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн эх үүсвэрийг 5 тэрбумаас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй байлгана гэж.

Энэ хөрөнгө энэ төсөвт хаана, ямар хэлбэрээр тусгагдсан бэ. Тооцоо судалгаагаа ул суурьтай хийж дахин оруулж ирвэл яасан юм бэ гэсэн саналтай байна гэлээ.