УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.08

Улс төр гэдэг бол аргачлал

ТВ9 телевизийн Довтлогч Хамгаалагч нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо.

Тэрбумтан төрдөг төрийн саарал ордноор сонин сайхан юу байна?

Ойрын үед Иргэний эрүүл мэндийн даатгал дээр ажиллаж байна. Миний зүгээс иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг санаачлан 11 гишүүнтэй хамтран өргөн барьсан байгаа.

Та эмнэлэгүүдээр явж үзсэн үү?

Би энэ хуультай зургаан жил зууралдаж байна. Дөрвөн жилийн өмнө хуулийнхаа үзэл баримтлалыг гаргасан. Засгийн газар миний хуулийн үзэл баримтлалыг хүндэтгэж хүлээн зөвшөөрч байгаа. Өнөөдөр иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд  132 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгдөг.

Таны энэ хууль батлагдах уу?

Батлагдахгүй бол би маш хүчтэй тэмцэл явуулна.

УИХ-ын гишүүн байх хэр таалагдаж байна вэ?

Би эртхэн гишүүн болохгүй яааваа гэж бодож байна. Үйлдвэрчний мянга мянган гишүүд, Дарханчуудаа төлөөлж би УИХ-д орсон. Хүмүүсийн төлөө үйлчлэх ямар агуу их боломж байдгийг би улам их мэдэрч байна. 

Таны ярьдаг луйварчид, хулгайч нар одоо ч тэр танхимд байгаа. Захаасаа илэрч байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

Улстөрчдийг битгий муул зөвхөн соль гэдэг алтан дүрэм бий.

Би өнөөдөр намайг сонгосон ард түмэн, үйлдвэрчний төлөө сайн шийдвэр гаргуулахаар зүтгэж байгаа. Оюутолгой гэдэг ямар аймшигтай зүйл хийгдсэн гэдгийг иргэддээ ойлгуулах нь миний эхний зорилго.

Бид Монголоо ямар хямдхан худалдсан бэ. Үүний ард авлига, луйвар байх үндэс маш өндөр хувьтай байгаа. 

С.Баярцогтийн сая доллар ямар учиртай юм бол. Та юу гэж бодож байна. Дэд даргаас буулгах санал хураалт дээр та эсрэг санал өгсөн. Ямар учиртай вэ?

Би дэд даргаас нь буулгамааргүй байна. УИХ-ын гишүүнээс нь буулгамаар байна. Дэд даргаас нь буулгана гэдэг бол хошин шогийн жүжиг.

Парламентийн гишүүд шударга ёс, сайхан сэтгэл, жудаг ярьж байна лээ. Тэгвэл МИАТ-ын олон арван тэрбум төгрөг идсэн хүмүүсийг жудаг гаргаад чөлөөлөөч.

Та намд элсэх үү?

Би 2016 хүртэл бие даагч гэсэн статус дээрээ ард түмэндээ зүтгэнэ.