2013.05.23

С.Ганбаатар: Цементийн үйлдвэрлэлийг стратегийн салбарт оруулахыг дэмжинэ

Манай улс цементийнхээ жилийн хэрэглээний 70-80 хувийг БНХАУ-аас авдаг. Үлдсэнийг нь Хөтөлийн цементийн үйлдвэрээс хангаж байна. 2015 он гэхэд цементийнхээ хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангадаг болно гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлж байлаа. Учир нь, Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болгох зорилгоор Хөгжлийн банкнаас тус үйлдвэрт санхүүжилт өгсөн.

Мөн “МАК” компани жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр барьж байгаа юм. Үүнээс гадна аймаг, сумдад жижиг цементийн үйлдвэрийг өргөтгөх, шинээр барих ажил хийж байгаа ажээ. Улмаар 2015 он гэхэд ойролцоогоор дотооддоо гурван сая гаруй тонн цемент үйлдвэрлэх тооцоо гарчээ.

Гэтэл түүнээс өмнө БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани Төв аймгийн Сэргэлэн суманд жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж дотоодын зах зээлийг эзлэх нь гэж Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлэл хийсэн. Улмаар тэд цементийн үйлдвэрлэлийг стратегийн ач холбогдол бүхий салбарт оруулж төрийн бодлогоор зохицуулахыг шаардаж байсан. Энэ асуудлаар Ерөнхийлөгч болон Засгийн газарт танилцуулахаа мэдэгдсэн юм.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа ийнхүү илэрхийллээ.

-Төв аймгийн Сэргэлэн суманд 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих гэж байгааг цемент үйлдвэрлэгчид эсэргүүцэж байна. Манай улсын цементийн жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тэгэхээр Хятадын компани үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээлийг эзлэх нь гэх шүүмжлэл ч гарч байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Төв аймгийн Сэргэлэн суманд 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих гэж байгааг цемент үйлдвэрлэгчид эсэргүүцэж байна.

-Манай улстөрчид, шийдвэр гаргагчид, ялангуяа Засгийн газрын шийдвэр гаргагч нар зах зээл өөрөө өөрийгөө зохицуулж удирддаг гэсэн утгагүй бодлоосоо салах хэрэгтэй байна. Чөлөөт зах зээлийн эдийн засаг далд гар гэдэг зүйлээс татгалзаад байна. Далд гарыг хэн удирдаж байна вэ. Хятадууд нөлөөлөөд байгаа юм уу. Үүнийг хэн ч мэдэхгүй байна.

Тиймээс одоо энэ утгагүй тогтолцоогоо өөрчлөөд үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлоготой болох хэрэгтэй. Финландаас эхлээд олон улс орон үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалсан бодлоготой байдаг. Манайх шиг эмзэг зах зээлтэй жижиг орон цементийн болон уул уурхай зэрэг стратегийн гол салбаруудаа хамгаалсан бодлоготой болж үндэсний үйлдвэрлэгчиддээ өсч томрох боломж олгох хэрэгтэй. Ингэхгүй болохоор Хятадын цементийн үйлдвэр ямарч саадгүйгээр Монголд орж ирээд цементийн нийлүүлэлт, зах зээлийг бүхэлд нь авна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг зохицуулсан шийдвэрээ шийдвэр гаргагчид эргэж харна гэдэгт итгэлтэй байна.

-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж бий. Энэ хууль мэдээлэл шуудан, харилцаа холбоо, уул уурхай, банк санхүүгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг. Үүн дээр нэмээд цементийн үйлдвэрлэлийг оруулах санал гаргаж байгаа юм билээ. Та энэ саналыг дэмжих үү?

Төрийн ордонд төрийн өндөрлөгүүдтэй уулзаж явдгаа зогсоо гэж хэлмээр байна.

-Би энэ саналыг дэмжинэ. Үүнээс гадна Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах газар гэж байдаг. Энэ газарт эрх мэдэл олгох, тэнд байгаа хүмүүсийг ажилтай болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах газар буюу Засгийн газрын агентлагаар дамжихгүйгээр шууд шийдвэр гаргагч сайд, дарга нартай яриад байгаа учраас ийм байдал үүсээд байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад хандан Засгийн газрын агентлагийг алгасаад Төрийн ордонд төрийн өндөрлөгүүдтэй уулзаж явдгаа зогсоо гэж хэлмээр байна. Манай улс бол өөрийн гэсэн төртэй, хуультай улс.

-Та цементийн үйлдвэрлэлийг манай улсын эдийн засагт хэр чухал нөлөө үзүүлдэг гэж боддог вэ?

-Эдийн засаг хөгжихийн хэрээр барилга ихээр баригдана гэсэн үг. Барилга барих ажлыг талх хийхтэй зүйрлэвэл гурил нь цемент, хөөлгөгч нь арматур төмөр. Тийм болохоор цементийн үйлдвэрлэл, дотоодынхоо зах зээлийн аль нэг гадаадын компанид хянуулмааргүй байна.