УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.05.23

С.Эрдэнэ: Төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой саналуудыг тусгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, гишүүд, тухайн аймаг орон нутгийн байгууллагуудын санал гомдлыг хэр тусгаж боловсруулсан бэ гэв.

Мөн тэрээр “Би нэг зүйлд сэтгэл дундуур явдаг. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулахдаа гишүүдийн өгсөн саналыг тухайн үед авдаг хэдий ч дараа нь аливаа асуудлыг өөрсдийхөөрөө боож, боловсруулаад ороод ирдэг. Түүнийгээ тулган, ярихаар та нараас санал авсан, бид тохиролцоо биз дээ гээд явдаг. Ийм буруу жишиг байна” гэлээ.

Түүнчлэн Засгийн газар дээр энэ асуудал яригдсан, тодорхой түвшинд гишүүд санаа оноогоо өгсөн зүйлүүд бий. Гэхдээ энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд гишүүд болоод аймаг орон нутгаас гаргасан саналууд хэр бодитой тусч чадсан талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд Эдийн засгийн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн хязгаарыг тогтоож өгч байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд ирэх жилийн эдийн засгийн боломжинд тулгуурлан, тэр шалгуур үзүүлэлтээр төсвийн хязгаарыг тогтоож өгсөн.

Энэ хязгаарын хүрээнд ямар хөрөнгө оруулалт хийгдэх, ямар асуудал шийдэх вэ гэдэг нь шинэ төсвийн хуулиараа таны хэлсэн хэлэлцүүлэг хийгдэж, иргэдийн саналыг авч байж, тухайн салбаруудын саналыг авч байж тусгадаг болсон гэсэн хариултыг өглөө.