Сүхбаатар.Ж 2013.05.24

Ж.Сүхбаатар: Шинэчлэл хийнэ гэдэг ярьсан зүйлээ өөрөө үлгэрлэж, манлайлах явдал

 Ж.Сүхбаатар: Шинэчлэл хийнэ гэдэг ярьсан зүйлээ өөрөө үлгэрлэж, манлайлах явдал
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар

Энэ удаагийнхаа зочноор УИХ-ын гишүүн асан, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг урьсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж буй энэ цагт түүний байр суурийг сонслоо.

-Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдав. Бусад нэр дэвшигчдийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн албан ёсны сурталчилгааны ажил үнэмлэх авсан өдрөөс эхлэх ёстой. Хуульд зааснаар 35 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах ёстой байдаг. СЕХ энэ үүргээ гүйцэтгээд ажилладаг. Энэ бүхнээс харахад төрөөс шалтгаалах сонгуулийн хэсгийн хороод байгуулах ажлууд явагдаад дуусч байна.

Энэ процессоос харвал хууль зөрчсөн, улстөрийн соёлгүй, үлгэргүй байдал гарч эхэлсэн. Тухайлбал ИТХ-аас санал авч аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг томилох асуудал маргаан дагууллаа.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулахад ИТХ засаг захиргааны нэгжийн хуулиараа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад тусалдаг, тэр ч үүднээсээ СЕХ-ны бүрэлдэхүүнд орох хүмүүсээ сонгох саналыг явуулдаг. Гэтэл нилээд хэдэн аймгуудын ИТХ огт өөр зүйл бодож олоод тодорхой нам эвслийн хүмүүсээ зориуд оруулсан байгаа. Энэ асуудлыг СЕХ-нд тавьсан, харамсалтай нь засахгүй байна.

Бид хуулийн хүрээнд харилцах гэсэн боловч хуулийн хүрээнээс даваад явчихлаа.

Хоёр дахь том асуудал бол сонгуулийн сурталчилгааны хуулиуд зөрчиж байгаа Ц.Элбэгдоржийн дагнасан сурталчилгааны нэвтрүүлгүүд, мэдээллүүд бүх сувгаар явж байна. Хэвлэл мэдээллийн мониторинг хийгээд үзэхээр нийт хэвлэлийн 70 гаруй хувь нь зөвхөн энэ нэр дэвшигчтэй холбоотой мэдээ материал тавьж эхэллээ.

“Хаан шалдан байна” гэж олон хүн орилоогүй, нэг нөхөр “Хаан шалдан байна” гэж хэлсэн гэдэг шиг. Одоогийн Ерөнхийлөгч маань хамгийн их хууль биелүүлэх тухай ярилаа. Хууль зөрчөөгүй юм шиг хууль зөрчөөд яваад байгааг нь бид хэлэхгүй яахав дээ. Өөрийнх нь хууль зөрчин тарааж байгаа “Онч мэргэн үг” гээд ном байна.

Энэ номон дээр нь хууль зөрчөөгүй мэт хууль зөрчихийг авилга гэнээ гэж. Яг ийм байдлаар ажиллаж явна. Сонгууль дөнгөж гараанд гарч байхад яагаачгүй нэг нөхөр нь сурталчилгааны ажилдаа түрүүлж ороод гараанаас гараад явчихсан, бусдыгаа хууль биелүүл гээд шаардчихсан байдаг.

Дээрээс нь төрийн бүх төсөв хөрөнгийг зарцуулдаг бүх сайд нар нь өөрийнхөө ажилтан албан хаагчдаа дагуулан хөдөө орон нутагт болон гадаадад төвлөрсөн арга хэмжээг зохиогоод явж байна.

Төрийн өмч хөрөнгийг урьд хожим байгаагүйгээр ашиглан дайрч байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн, үл тоомсорлосон, хуулийг уландаа гишгэлж төрийн эрх мэдлээр лаахайдаж бүх хяналтын эрх мэдэл бүхий байгууллагуудыг өөрийн намын хүмүүсээр дүүргэчихсэн.

Тэгээд өөртөө хяналт тавихгүй өрсөлдөгч нараа хянана, цагдана, бооно, хаана ийм л байдлаар сонгуулийг явуулж дуусгана гэсэн бодлого барьж байна. Би МАН-ын сонгуулийн бүрэлдэхүүний хууль зүйн ажлын хэсгийг удирдаж байгаа хүний хувьд бүх баримт нотолгоог хүлээн авч холбогдох газрууд руу нь явуулж байгаа. Бид хуулийн хүрээнд харилцах гэсэн боловч хуулийн хүрээнээс даваад явчихлаа.

-Сонгууль тойрсон маргаанууд хуулийн хүрээнд шийдэгдэхгүй тохиолдолд яасан нь дээр вэ. Хувь тавилантайгаа эвлэрэх үү?

-Хамгийн аюултай нь улстөрийн бүх дээд эрх мэдэл улстөрийн нэг хүчинд очихоор хяналтгүй болдог. Хяналтгүй болсон тал чинь хууль шударга ёсыг өөрийнхөөрөө тайлбарлаад эхэлдэг. Бусдад хамаатай, өөрсөддөө бол хамаагүй мэт.

Тэгээд дураараа авирлах, давардаг эрх мэдэлтнүүд гарч ирнэ гэсэн үг. Ийм үед зогсоох хөшүүрэг өнөөдөр байгаа. Нэг талаас эд нар маань өөрсдөө дүгнэлтээ хийх ёстой,  бид ч шаардана. Нөгөө талаас түмний хяналт гэж байдаг. Иргэд санаа бодолдоо үргэлж дүгнэж байдаг. Сонгуулийг шүүдэг.

МАН-ын нарийн бичгийн дарга

Хэдийгээр зарга заальхай хэрэглээд явсан ч гэсэн ард түмний хяналт, шүүлтүүрийг арай ч давж гарч чадахгүй. Олон түмэн харж байна шүү дээ, хууль шударга ёсыг нэг талдаа яриад нөгөө талдаа түүнийхээ эсрэг юм ярихаар яахав. Ер нь тэгээд хүн ярьж байгаа зүйлээ яг хийдэг л баймаар байна. Тэгэхгүй ардчилал шударга ёс, хууль биелүүлэх тухай амаа цуцахыг мэдэхгүй ярьдаг хүн өөрөө үлгэрлэж манлайлахгүй байгаа юм.

-Өмнө нь та нар яг ингэж л ажиллаж ирсэн шүү дээ гэх хүмүүс олон байгаа даа?

-Өмнөх үед нь тэгж явсан гэвэл өс хонзонгийн зарчим болно. Ер нь улстөрийн өрсөлдөөн  юугаараа ялгардаг, өрсөлддөг вэ гэхээр аль болох илүү ардчилсан байхаараа өрсөлддөг. Илүү ардчилсан байна гэдэг бол илүү олон түмэнтэйгээ зөвлөдөг, асуудаг, түмнийхээ эрх ашигт нийцүүлдэг, даруулгатай байхын төлөө өрсөлддөг байхыг хэлнэ.

Бид эрх барьж байсан нь үнэн. Энэ дээр бид шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм байдал харьцангуй засагдсан. Түүний үр дүнд сонгууль тайван замаар болж өнгөрсөн шүү дээ. Өнөөдөр шүүмжлүүлээд байгаа зүйлүүд энэ бүхний үр дүнд маш бага гарсан. Бид засахгүй дүлий дүмбэ оргиод суугаад байсан юм биш.

Одоо тэгж хэлж байгаа шүү дээ. Та нар л УИХ-ын сонгуулийн хууль шинэчилсэн, түүний чинь дагуу бид зөв байна гээд явсан. УИХ-ын сонгуулийн хуулийг дөрвөн жил хоорондоо ярилцаж ойлголцож, зарим үед сөрөг хүчин маань завсарлага авч хурал хаяж гарч олон сараар гацаасны эцэст ойлголцсон.

Тэгэхээр улстөрд өс хонзонгоор уралдах гэж өрсөлддөггүй юм. Улстөрд илүү ардчилсан байх  бодлогоор өрсөлддөг. Өшөө авах нь зөв гэж боддог бол Монгол улс маань өөрөө угсардаг тоглоом биш. Ийм байдлаар юмыг зөвтгөх гэж байгаа бол манай улс аль замаар явах вэ.

Төрд ээлжилж орж ирээд өс хонзон авдаг энэ зарчим явбал ямар ч ардчилсан орны тухай яриад хэрэггүй. Яваандаа дарангуйлсан засаг тогтоно. Одоо ч үнэртэж байна. Манай намын үед намаар нь ялгаварлан гадуурхах байдал харьцангуй байхгүй болсон.

Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараачаас эхлээд “ Намгүй бол чи хэн ч биш шүү” гээд явж ирсэн бодлогын ажлыг 10 жилээр ухраагаад нураачихсан. Одоо төрийн албанд энэ намчирхлыг салгах гэж дахиад 10 жил зарцуулахаар болчихож байна. Хамгийн гол эмгэнэл нь  ардчиллыг том стандарт гэж үзвэл өмнө нь засч ирсэн тэр бүхнээсээ шал дордуулчихлаа.

Бид дордуулах гэж ажиллаагүй. Энэ бүх асуудлаа зарим нэг ажлаар халхавчилж бид зөв юм хийж байна. Та нар дуугүй бай. Хэрвээ олон юм яривал та нар ч гэсэн тухайн үед хачин юм хийгээд байсан гэдгийг чинь ярина шүү гэдэг болчихож. Бид тооцоо боддог биш том бодлогоо хараалж ажилладаг байх ёстой. Тооцоо бодох шиг амархан юм байхгүй.

1996 онд маш их өмч хувьчлагдсан. Тэр хувьчлалыг шударга болсон гэж үзэх үү. Тэрнээс болж хэрэг зөрчил гарч хариуцлага тооцогдсон хүн бий юу. Яагаад гэвэл 2000 оны сонгуулийн дараа манай нам засгийн эрхэнд гарч ирэхэд тухайн үеийн Ардчилсан хүчний зарим удирдлагууд “Улстөрийн өш хонзон болов оо.

Тооцоо бодохгүй биз дээ” гэж ярьж байсан юм гэнэ билээ. Энэ бол нэг талдаа улстөрийн соёлын хүрээнд ойлголцсон гэж хэлж болох боловч нөгөө талдаа асуудал байсан гэж ойлгож болно. Авилгатай тэмцэнэ гэдэг авилгач нэрээр хэдэн зуугаар нь шоронд хорихыг хэлэхгүй. Хамгийн гол нь ухааруулж сэнхрүүлж соён гэгээрүүлэх ажлыг хийж ялангуяа зөв хүмүүсийг удирдлагад гаргаж ирэх хэрэгтэй.

Яагаад авлига энэ олноороо гараад байдаг юм бэ гэхлээр буруу хүмүүсийг дагаж буруу үйлдэл хийдэг тийм арга загвараар амьдардаг ажилладаг улсууд гарч ирээд байгаагийн илрэл. Тэгэхээр зөв хүмүүсийг дэмжье гээд байгаа юм. Үнэхээр хууль зөрчсөн асуудлууд байдаг юм бол төрийн төмөр нударгыг харуулах хэрэгтэй.

Аажимдаа шударга ёс тогтоод ирэхээр ядуурал тэгш бус байдал чинь гайгүй болдог. Барьцах үзэгдэл Монголын улстөрд зонхилоод байна. Бүгд барьцдаг, барьцаалдаг. “Чи өмнө нь тэгж байсан” гэж нам дотроо ярина. Өнөөдөр Монголын улстөр барьцаалдаг биш чөлөөт, үзэл бодлоо зөв илэрхийлж чаддаг тэр хүмүүсийн өрсөлдөөний талбар байх хэрэгтэй байна шүү дээ.

Сайн хүн сайхан хүн байж болно. Түүний ард ямар баг байгааг харах хэрэгтэй. Д.Бямбасүрэн гуай нэг хэлсэн байна билээ. “Б.Бат-Эрдэнэ аваргын ард муу муухай улс нуугдахгүй ээ. Тэрбээр ямар нэгэн юманд туйлширч явдаггүй” гэж. Манай нэр дэвшигчийн хувьд Монголын төрд гологдохгүй итгэл дүүрэн, одоогийн Ерөнхийлөгчөөс илүү аваад явна гэдэгт хүмүүс итгэж байгаа.

Хамгийн гол нь нэр цэвэр, ажил хэрэгч төрийг засах арга ухаанд суралцсан зөв хүмүүсийг л дэмжиж ажиллана гэж байгаа юм. Энэ бол өөрийнх нь баримтлах гол чиг шугам юм билээ. Мань хүн чинь хийсэн зүйл хэлэх үгтэй хүн. Монголын төрийн түшээгээр гурван удаа сонгогдохдоо газар шороо, байгаль орчноо хамгаалахын төлөө хүчтэй байр суурин дээр зогссон. Зарим нэгэн нь түүний хийсэн бүтээснийг мушгидаг.

Гэхдээ тэр хүний гавьяа зүтгэлийг олон түмэн үнэлж хүндэлж байна. Анхнаасаа мордохын хазгай байхгүй байлгах үүднээс бид зөв гараанаас тэгш өрсөлдөж, улстөрийн соёлтойгоор харгүй сайхан өрсөлдье гэж. Хожим бие биенийхээ сэтгэлд төдийгүй олон түмнийхээ сэтгэлд хүртэл сэв суулгаагүй үлгэр дууриалал, жудагтай хэлсэн ярьсандаа байдаг баймаар байгаа юм.

Гол нь дараачийн Ерөнхийлөгчид сонгогдоод ямар чиг шугам, үзэл баримтлалаар явах вэ. Алдсан оносон нь юу байв гэдгийг л ярих ёстой шүү дээ. Бусдаар энэ улсуудыг мянга сурталчлаад хэрэггүй. Ийм онцлогтой сонгууль. Энэ сонгууль өөрөө жишиг болж үлдэх ёстой. Тийм болох байх гэж бодсон.

Харамсалтай нь сая төрийн эрх мэдлийг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа болон зохион байгуулж байгаа байдалд эргэлзээ төрж эхэллээ. Энэ утгаараа манай нэр дэвшигчийн хувьд сонгуулиа сайхан явуулъя. Дараа нь тэрнээс болсон гэдэг элдэв зүйл сонсохгүйгээр үнэн хүчийг үзнэ гэдэг шиг сэтгэл оюуныхаа үнэн бядыг уралдуулъя.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн шинэлэг тал нь юу байна. Сул тал нь хаана байна?

-Энэ хуулийг хийсэн улсууд нь тодорхой нэр зүстэйгээ байгаа. Р.Амаржаргал гишүүн ч гэсэн хэлсэн шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол хариуцлагатай чухал хууль байсан. Цөөнхийн бүлгийн оролцоогүйгээр баталсан нь энэ сонгуулийн хууль ёсны байдалд эргэлзээ төрүүлэх ийм л ардчилсан бус арга барилаар явчихлаа гэсэн.

Би санал нэг байгаа. Энэ хууль яахав УИХ-ын сонгуулийн олон дэвшилттэй заалтуудыг өөртөө авсан. Нэг дутагдалтай томоохон зүйл бол санал тоолох машин дээр эргэлзээтэй байгаа асуудлууд. Ялангуяа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг газруудад хяналтын тооллого бага байгаа.

Дүүрэг дээр хоёр удаа,  /хот арван найман хэсэгтэй/ бусад газруудад тухайлбал суманд нэг гэж тоолдог. Дархан, Эрдэнэтийн хувьд 20-30 сумыг тэнцүүлсэнтэй ижил байхад нэгхэн хэсэг гэж байгаа нь дутагдалтай асуудал.

Дээр нь энэ сонгуулийн хороодын үйл ажиллагаан дээр тавих хяналтын асуудал сул байна. Дээр нь төрийн эрх мэдлийг нэг нам дангаараа бүх хяналтандаа авчихсан үед зөвхөн нэг талд үйлчлэх ийм боломжийг хааж чадаагүй гэх мэт ярих зүйлүүд энэ хуулинд их бий. Ямар ч байсан УИХ-ын сонгуулийн хуулиас ихэд тусгасан учраас өмнөх хуулиас нилээд дээрдсэн.

Дордуулсан зүйл ч бас байна. Уг нь СЕХ гэдэг чинь дарга нарийн бичиг нь хоёр өөр намаас байх ёстой гэсэн механизмыг бид шигтгэж өгсөн. Сая бол цөөнхийн бүлгийн оролцоогүйгээр дангаараа бүрэлдэхүүнээ томилчихсон. Шинэчлэл хийнэ гэдэг маань яриад байгаа зүйлээ өөрөөсөө үлгэрлэж манлайлах явдал. Хүмүүс үүнийг ойлгомоор байгаа юм.

-Танай намын зүгээс өмнөх сонгуулиар гаргасан алдаагаа давтахгүйг хичээнэ биз дээ?

-Ойлгомжтой. Энэ тухай сая намын хурал дээр ч ярьсан. Тэгэхээр дээр хэлсэнчлэн харгүй сайхан өрсөлдөж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, жудагтай байя. Манай нэр дэвшигчдийн хоорондын ялгарах ялгаа бол олон түмэнд өөрийгээ таниулах л явдал. Тэртээ тэргүй олон түмэн мэдэж л байгаа. Улстөрийн зангарагаараа энэ улсууд бие биендээ хүндэтгэлтэй хандах хүмүүс.

Бид ч нэр дэвшигчийнхээ баримталж байгаа бодлогыг барих нь чухал. Мэдээж хэрэг бусдыг гүтгэн гүжирдэх, хуурамч мэдээлэл тараахгүй байх асуудал дээр хатуу байр суурьтай хандана. Тэртээ тэргүй сонгуулийн хуулинд нь заачихсан.

Аман цуурхал хар пиар явуулах нь нэр дэвшигчдээ оноо авчрахгүй хойш татах явдал. Тиймээс үндэс, угсаа гарал байдлаар нь хувь хүнийг эмзэглэхээр хувийн шинж байдалтай холбоотой асуудлуудаар бусад өрсөлдөгчөө муулах зүйлийг гаргуулахгүй.

- Тэгвэл өнөөдөр намын шинэчлэлийн ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Нэгдүгээрт нэг зүйлийг хэлье. Парламентын сонгууль бол улстөрийн намын гол үнэлэлт дүгнэлт олон түмний итгэл үнэмшлийн жин нөлөө ямар байгааг тодорхойлдог шалгуур болдог. Дэлхийн улс орнуудад сонгууль хоорондын зай нь нилээд хугацааны дараа болдог.

Энэ хугацаанд улстөрийн аль ч намууд дүн шинжилгээгээ хийж намаа шинэчлэн зохион байгуулах ажил руу анхаарлаа хандуулдаг. Гэтэл Монголын нөхцөл байдал тэс өөр шүү дээ. Манайх чинь жил дараалан гурван сонгууль болдог учраас улстөрийн нам өөрийгээ шинэчлэн зохион байгуулах дүн шинжилгээ хийж амжихад хэцүү байдаг.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр намын удирдлагууд огцорно, орон нутагт ялагдал хүлээвэл тухайн орон нутгийн намын удирдлага огцорно гээд заасан байдаг. Дараалсан сонгуулиудаас шалтгаалаад энэ өөрчлөлт дорвитой хийгдээгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Эв нэгдлийн элчээ ард түмнээсээ тодруулъя гэдэг хэлэлцүүлэг явуулсан.

Энэхүү хэлэлцүүлгээ хоёр үе шаттайгаар явуулсан. Нэгт нь шинэ цагийн Ерөнхийлөгчийн бодлого үйлчилгээ ямар байгаасай гэж хүсээд байгаа вэ гэдгийг тодруулъя, дараа нь энэ шаардлагад илүү хэн нийцэх вэ гэдгийг тодруулсан.

Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр бид үйл ажиллагааны арга барил бодлогын хувьд шинэчлэлийг хийж байгаа харин ул суурьтай, улстөрийн томоохон дүгнэлтээ гаргаж ажиллах асуудлаа намын их хурлаар ярихаар хойшлуулсан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлэх нь намын шинэчлэлийг улам хурдасгаж ард түмний өмнө дахин итгэл найдвар хүлээж ачаа үүрэх чадвартай гэдгээ харуулах том сорилт.

-Муу амалж байгаа юм биш шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж танай намын удирдах аппарат дахин огцрох уу?

-Яахав. Намын дүрмээр бол тийм заалт байхгүй. Тиймээс намын их 27-р их хурал дээр удирдлагуудын асуудлыг авч үзэх нь тодорхой. Бид бол ялахын төлөө зүтгэж яваа улс. Намын их хурлаар одоогийн удирдлагуудад итгэл найдвар хүлээлгэх үү, дахин шинэчлэх үү гэдэг асуудал яригдана.

-Намын лидерүүд нь гэрээ орхиод яваад өглөө. Цөөн хэдэн хүмүүс хотоо манаж үлдлээ гэж их ярих болж. Хуучин лидерүүд чинь дахиж нам дээрээ төвлөрнө биз дээ?

-Хүмүүс янз янзаар л улстөрийн дүгнэлт хийж байгаа. Улстөр гэдэг бол өөрөө нарийн ажил, шүүмжлэл дунд явдаг. Магтаал дунд ч явах үе байдаг. Манай нэртэй, зүстэй Монголын төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэсэн хат суусан туршлагатай хүмүүсийг би хувь хүнийхээ хувьд хүндэлдэг бас хайрладаг. Тэд маань бас сайн сайхан, муу муухайгаараа  хэлүүлж явсан улс.

Нэгэн цагт хүчтэй үед нь ашиглаад тодорхой итгэл дэмжлэг суларсан гэдэг шалтгаанаар тэдэндээ хүнлэг бус байдлаар хандвал улстөрийн зөв соёл тогтохгүй. Бид хамт зэрэгцэж явсан нөхдүүд, ахмадууддаа хүндэтгэлтэй хандахгүй бол дараа нь бид биедээ хүндэтгэлтэй хандаж чадахгүй.

Энэ хэдийгээ Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их дайчилж ажиллана. Зохих газруудад нь ажиллуулна. Зөвлөгөө авах болон орон нутагт ажиллуулах гэсэн хуваариуд байгаа. Ер нь бол аливаа команд дангаараа цул болдоггүй. Бид эвийг эрхэмлэж Зөвийг дэмжинэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.