Батболд.Су Бурмаа.Р Батхүү.Г 2013.05.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгууллаа

Хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгууллаа
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдлаа.

Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж Төрийн албаны зөвлөлд зарим хуулийн хэрэгжилттэй танилцахаар болж байгаа тул төсөл санаачлагч гишүүн Су.Батболд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

 Иймээс байнгын хорооны хурлаар эхлээд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Гишүүн Г.Батхүү "Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах" төсөл санаачилж Засгийн газрын санал авахаар хүргүүлээд байгаа тул үндсэн чиглэлийн төсөлд нэмж тусгах санал гаргалаа.

"Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах" төсөл санаачилж Засгийн газрын санал авахаар хүргүүлэв.

Мөн Төрийн хэлний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын тухайд гишүүн М.Батчимэг зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах биш шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүн Су.Батболд бас дэмжиж энэ асуудлыг нэмж тусгахаар боллоо.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд “Төрийн албаны зөвлөл дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, ажлын хэсгийг гишүүн Су.Батболдоор ахлуулан гишүүн Ж.Батзандан, Г.Батхүү, Н.Батцэрэг, Р.Бурмаа, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан саналыг хэлэлцэх үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлууд хөндөгдөж байсан.

Иймээс тус намын бүлгээс УИХ-ын даргад өгсөн албан бичгийн дагуу байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж зарим хуулийн хэрэгжилттэй танилцах нь зүйтэй гэж үзсэн байна. Ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлт, шийдвэрийн төслийг энэ тавдугаар сард багтаан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.