Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралдааны талаар мэдээлэл хийлээ
2013.04.25

Сайд нарын хуралдаанд оролцохоор 1215 төлөөлөгч бүртгүүлжээ

Монгол Улсад энэ сарын 27-29-ний өдрүүдэд Ардчилсан  орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болно. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Ганболд, С.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга Ё.Батбаяр, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII хурлын гол хуралдаан даваа гаригт болох аж. Хөтөлбөрийн дагуу 27-нд Төрийн ордонд Парламентчдын чуулга уулзалт болно.

Бэлтгэл ажлын хүрээнд Төрийн ордны шилэн хана, Чингисийн хөшөө, хуралдааны томоохон танхимуудыг угааж засварлалаа

Бага хурлын хүрээнд сайд нарын хуралдаанаас гадна үндсэн таван чиглэлээр чуулга уулзалтууд явагдах юм байна. Одоогийн байдлаар хуралдаанд оролцохоор 104 орны 1215 төлөөлөгч бүртгүүлжээ. Үүнээс дэд сайд, сайдаас дээд түвшний төлөөлөгч илгээж байгаа орны тоо 50 орчим байгаа аж.

Тухайлбал Ерөнхийлөгч нэг, Дэд ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд нэг, шадар сайд дөрөв ирэх гэнэ. Бусад төлөөлөгчид нь сайдын түвшний хүмүүс бөгөөд иргэний нийгмийн төлөөлөл, удирдлагууд юм байна. Түүнчлэн Нобелийн шагналт дэлхийд нэр хүндтэй хоёр эмэгтэй ирж байгаа гэнэ.

Харин хурлын үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын хэвлэл, мэдээллийн 50 гаруй байгууллага мэдүүлгээ өгчээ. Мөн дотоодын хэвлэл, мэдээллийн 200 гаруй байгууллага бүртгүүлсэн байна.

Хурлын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд энэ сарын 27-29ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дугаарын хязгаарлалт хийгдэнэ.

Эдгээр ажлыг жийхэд нийт 300-400 орчим сая төгрөг зарцуулсан аж.

Мөн онцын шаардлагагүй бол хотын төв рүү тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байгаа аж. Түүнчлэн энэ өдрүүдэд томоохон захын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орох юм байна. Харин үзвэр үйлчилгээний газрууд, бар, рестораны ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй гэдгийг хэлж байв.

Хуралдааныг зохион байгуулагчдын зүгээс олон улсын арга хэмжээг хүндэтгэн үзэж,энэ өдрүүдэд аль болох машин хэрэглэхээс татгалзан, хотын төв хэсэгт томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж буй бол татгалзах, түр хугацаагаар хойшлуулахыг уриалж буйгаа энэхүү мэдээллийн үеэр мөн уламжилсан юм.

Уг хуралдаантай холбогдуулан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас Төрийн ордонд сар гаруй хугацаанд засварын ажил хийж зочид, төлөөлөгчид хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангажээ. Ингэхдээ Төрийн ордны шилэн хана, Чингисийн хөшөө, хуралдааны томоохон танхимуудыг угааж засварласан байна. Мөн 150 орны төрийн туг, далбааг даавуун дээр 1.5хЗ-ийн хэмжээгээр Төрийн ордоны хэвлэлийн үйлдвэрт хэвлэжээ. Өмнө нь туг, далбааг Хятад улсад захиалга өгч хийлгэдэг байсан аж.

Түүнчлэн Төрийн ордны хашааны хаалга, 00ийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарахад нь зориулсан зам хийжээ. 800 гаруй төлөөлөгчид зориулсан чихэвч бүхий тоног төхөөрөмжийг бэлдсэн байна.