Д.Дамба: Ганцхан компанид зориулж хууль гаргадаг тогтворгүй төр байж болохгүй
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2013.04.30

Д.Дамба: Ганцхан компанид зориулж хууль гаргадаг тогтворгүй төр байж болохгүй

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай гадаадын хөрөнгө оруулалт, нүүрсний зах зээлийн талаар ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгааг эдийн засагчид, улстөрчид янз бүрээр л тайлбарлах юм. Тухайлбал гадаад зах зээлийн таагүй байдал, дотоодын хууль эрх зүйтэй холбож үздэг. Таны бодлоор аль шалтгаан нь давамгайлж байна вэ?

-Аль алинд нь байгаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт ямар шалтгаанаар буураад байна вэ гэдгийг хувилаад үзвэл манай улсын хууль эрх зүйн тогтворгүй, таагүй байдал 60-70 хувьд нь нөлөөлж байгаа.

Тухайлбал өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байна. Энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалтыг маш их хаасан.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах талаар хоёр жил ярьж байна. Монгол Улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого гэдэг зүйлээ тодорхой болгоогүй байгаа. Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагчид, цаашлаад үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдэд эргэлзээ төрүүлж буй юм.

Одоо хөрөнгө оруулалтаа түр хугацаагаар зогсоосон, гэрээгээ цуцалж буй гадаадын компаниудын тоо өдрөөс өдөрт олширсоор байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт хүн гайхахаар 60 хүртэл хувиар буураагүй. Учир нь өнгөрсөн гурван жилийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг Оюу толгой, Таван толгой төслийн хөрөнгө оруулалт эзэлж байсан шүү дээ?

-Оюу толгой, Таван толгойгоос өөр олон төсөл Монгол Улсад хэрэгжихээр төлөвлөгдөж, хэрэгжих шатандаа явж байгаад зогсонги байдалд орчихлоо.

Би өнгөрсөн сард Канадын Торонто хотод болсон геологи, уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтад оролцсон. Тэр үед манай хөрөнгө оруулагчдын хандлага өөрчлөгдсөн нь ажиглагдсан.

Ялангуяа дунд жижиг төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байсан аж ахуйн нэгжүүд хүлээлтийн байдалтай, Монгол төрийн шийдвэр хэрхэн гарах гэж байгааг ажигласан байдалтай байсан.

Уул уурхайн хөрөнгө оруулалт энэ онд эрс буурсан

Мөн хууль эрх зүйн орчинд таагүй уур амьсгал бий болсонтой холбоотой манай улсад үйл ажиллагаа явуулдаг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцаа бүгд доошилсон.

Өөр нэг зүйл нь Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулах сонирхолтой гадны компаниуд манай ассоциацид маш их ханддаг байсан.

Энэ хандлага 2013 оноос эрс буурсан гэж хэлж болно. Киргиз улсын нэг хүн ирснийг эс тооцвол бараг хүн ирсэнгүй. Гэтэл 2010, 2011 онуудад манайд хандах компанийн тоо олон байсан.

Гадаадын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр доошилж байгааг нотлох өөр нэг баримт нь манайд үйл ажиллагаагаа явуулж байсан гадаадын компаниуд салбараа татаж эхэлсэн. Мөн эхлүүлэх гэж байгаа төслүүдээ зогсоосон компаниуд нүүрсний салбарт их байгаа.

-Нүүрсний хувьд гадаад зах зээлийн эрэлт буурч байгаа учраас манайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм биш үү?

-Тийм ээ. Нүүрсний үнэ буурч байгаа гол шалтгаан нь Европын холбооны улсуудын эдийн засаг суларсантай холбоотой. Тодруулбал БНХАУ-аас авдаг гангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ эрс буулгасан.

Тиймээс зах зээлийн алтан зарчмаараа үнэ буухаас өөр аргагүй болж байна. Гэхдээ нүүрсний хамгийн том зах зээлтэй хаяа дэрлэж байгаа манай улс хэзээ ч зах зээлгүй болчихгүй. Тиймээс гэрээ хэлцлийн асуудлаа хэн хэндээ ашигтайгаар хийх нь хамгийн чухал.

-Гадаад зах зээлд таатай орчин бүрдүүлэхийн тулд хоёр хөрш улстайгаа учир зүйгээ олох нь хамгийн чухал гэж ярьдаг юм билээ?

-Сүүлийн үед манай төр засаг БНХАУ-ын Засгийн газартай нүүрсний салбарын хамтын ажиллагааны талаар ярилцахгүй байна. Ярилцахаараа буруу, алдаатай гэрээ хийдэг.

Өөрөөр хэлбэл «Чалко» компанитай өмнөх засагч, өнөөдрийн засагч буруу харьцаж байна. Өмнөх Зас- гийн газрын нүүрс худалдаалах гэрээ нь ашиггүй, алдаатай байсан нь үнэн.

Гэтэл шинэчлэлийн Засгийн газар гэрээг өөрчлөх талаар ярьсаар байгаад эцсийн дүндээ худалдан авалтын хэмжээг эрс бууруулж байгаа нь ажиглагдаж байна.

Мөн «Өмнийн говийн элс» компанийн хувьцаатай холбоотой зөвхөн Хятадын «Чалко» компанид зориулан Стратегийн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гаргасан. Ганцхан компанид зориулж хууль гаргадаг тогтворгүй төр байж болохгүй.

-Хувийн хэвшлийнхэн энэ тал дээр дуу хоолойгоо нэгтгэж, нүүрсээ урд хөршийн зах зээлд нийлүүлэх боломжийг судалж болохгүй юу?

-Манай улсаас нүүрс импортолж байсан Хятадын компаниуд ч гэсэн хүнд байдалд орж байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр аль аль талд нь хохиролтой байгаа учраас БНХАУ- ын Нүүрс импортлогчдын холбоо, манай УУҮА, Нүүрсний ассоциаци хамтран ямар гарц байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар ярилцаж байгаа.

Манай төр борлуулах зовлон багатай, хамгийн их эрэлттэй байдаг алтны салбарынхаа багалзуурыг барьчихсан
-Хурал хаана, хэзээ болох тов нь гарсан уу?

-БНХАУ-ын Хөх хотод зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж дан ганц хувийн хэвшлийнхнийг оролцуулахгүй, хоёр улсын төр засгийн байгууллагаас холбогдох хүмүүст нь урилга хүргэнэ.

Бидний зүгээс урд хөрштэй хэрхэн хамтарч ажиллах талаар уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, хэн хэнтэйгээ ашигтайгаар зөвшилцөж болно.

Харин төрийн байгууллагуудын шийдвэр л хэрхэн гарах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Төр үнэхээр л нүүрсний төлөө санаа зовж байгаа бол тэр уулзалтад оролцох ёстой.

-Өнгөрсөн хоёр төсвийн орлогыг голлон бүрдүүлсэн салбар нь яах аргагүй нүүрс. Гэтэл энэ жил нүүрсэнд найдлага тавих хэрэггүй болж байна гэж зарим мэргэжилтэн хэлж байна. Бусад эрдэс баялгийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ жил нүүрсний орлогод найдалтгүй болсон гэдэгтэй санал нэг байна. Тиймээс бусад эрдэс баялгийнхаа орлогыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх талаар төрөөс анхаарах нь зүйтэй.

Манай төр борлуулах зовлон багатай, хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг алтны салбарынхаа багалзуурыг барьчихсан.

Тодруулбал Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, «Урт нэртэй» гэгдэх Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар алтны салбарыг хөдлөх гарцгүй болгож орхисон гэхэд хилсдэхгүй.

Өнөөдөр гарын таван хуруунд багтах аж ахуй нэгжүүд энэ салбарт үйл ажиллагаа явуулж байна. Ураныг манайхан цөмийн зэвсгийн хэмжээнд ойлгож ярьдаг.

Үнэн хэрэгтээ орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр уран олборлоход ямар ч асуудал байдаггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байхад л пүү паа гээд байдаг. Ураныг ямар ч хор хөнөөлгүй ашигладаг технологи дэлхийгээр нэг байгаа.