Хуулийг засаж сайжруулах ажлын хэсэг байгуулжээ
2013.05.07

МАН-ын бүлэг 200 гаруй хуульд өөрчлөлт оруулна

УИХ дахь МАН-ын бүлэг хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо эхлээд үндсэн хууль болон бодлогын чанартай зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 410 хууль байдгаас УИХ дахь МАН-ын бүлэг 200 гаруй хуулийг засаж сайжруулах шаардлагатай гэж үзэн ажлын хэсэг байгуулжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Цаашдаа МАН 2012 оны болон Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр томоохон бодлого тусгасан хуулиудыг энэ жагсаалтад оруулах ёстой гэж үзэн ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон.

Монгол Улс нэгдсэн төсвөөс гадуур хоёр гурван төсөвтэй болсон.

Өнөөдөр Монгол Улсын төсвөөс гадна Чингис бонд, Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд  төсвөөс гадуур хоёр гурван төсөвтэй болсон.

Засгийн газар Монгол банктай хамтарч үнэ тогтворжуулах хөтөлбөрт 1.9 их наяд төгрөг гаргасан. Эдгээр нь улсын нэгдсэн тайлан, төсөвт суухгүй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдсан гэж үзэж байна. Ямар засаглал, институтын эрх мэдэл, ямар хуваарилалттай байх ёстой вэ гэдэг асуудал зарчмын хувьд бага зэрэг алдагдсан учраас манай улс парламентийн засаглалтай ч юм шиг, Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг байдлаар үйл ажиллагаа явж байна.

Иймд төрийн эрх мэдлийн тэнцвэржүүлэх байдлын эрх мэдлийн хуваарилалтыг эргэж харах шаардлагатай байна.