Л.Болд сайдын өргөдөлд АТГ-аас хариу өгчээ
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.05.03

Л.Болд сайдын өргөдөлд АТГ-аас хариу өгчээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Авлигатай тэмцэх газарт хандаж, өргөдөл гаргасан билээ.

Тэрээр өргөдөлдөө, Т.Дашдэлэг нарт холбогдуулан шалгаж байгаа хэрэгт өөрийг нь хамаатай мэтээр хэвлэлээр зохион байгуулалттайгаар бичих болсон тул энэ хэргийг тодруулж, гүтгэлгийн ард хэн байна вэ гэдгийг тодруулж өгөхийг хүссэн юм.

Дээрх гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газраас Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг хянаж үзээд, сайд Л.Болдод өчигдөр дараах хариуг явуулсан байна.

Түүнд “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа Т.Дашдэлэг нарт холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан таныг Батлан хамгаалахын сайд байх үедээ хууль бус ажилд оролцсон, албаны эрх мэдэл албан тушаалаа ашигласан үндэслэлээр шалгасан, шалгаж байгаа зүйл байхгүй болохыг мэдэгдье” гэсэн байна.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, бичигдсэн зүйлийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, шалгах эрх хууль эрх зүйн хүрээнд байдаггүй болохыг онцлоод энэ асуудлаа цагдаагийн байгууллагад хандан тавьж шийдвэрлүүлэх боломжтойг сануулжээ.