Д.Тэрбишдагва: Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч байна гэж бид үзэж байгаа
МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.05.27

Д.Тэрбишдагва: Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч байна гэж бид үзэж байгаа

МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Танай намын Бага чуулган хуралдаж, Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Яагаад ийм шийд гаргах болсон юм бэ?

-МАХН-ын дарга Н.Энхбаяр ийм санал гаргасан юм. Намын даргаа хилс хэргээр шоронд байгаа ийм үед түүнийг хүндэтгэж, саналыг нь харгалзан үзэх ёстой. Нөгөө талаасаа Н.Удвал сайд бол Монголын эмэгтэй улстөрчдийн дунд нэр хүндтэй, өндөр мэдлэг боловсролтой хүчтэй хүн. Тийм учраас манай намынхан олон талаас нь харж байж сайд Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн юм. Энэ шийдвэрт миний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа.

-Танай намын бага чуулган хоёр удаа хойшилсон байх аа. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно, орохгүй гэж нэлээд маргалдсан сурагтай...

-Улс төрийн намд янз бүрийн шалтгаан бий шүү дээ. Сонгуульд өөр намтай хамтрах уу, дангаараа орох уу. Хэрэв сонгуульд оролцволхэнийг нэр дэвшүүлэх вэ гээд ярих зүйлүүд олон байсан. Хэтэрхий яарч хөнгөн хөдлөөд дутуу дулимаг шийдвэр гаргах вий гэсэн учраас хурлаа хоёр ч удаа хойшлуулсан даа.

-Таныг намаасаа нэр дэвших хамгийн их магадлалтай хүн гэж яригдаж байсан. Сүүлийн үеийн судалгаануудаар таны рейтинг өндөр яваа харагдсан. Гэхдээ та нэрээ татсан гэсэн үү?

-Тийм шүү. Хувь улстөрчийнх ч, манай намын рейтинг ч өндөр байгаа. Гэхдээ би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гээд нэрээ татсан юм. Мэдээж МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр намын дарга өөрийнхөө саналаа хэлэх эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд Н.Удвал сайдыг нэр дэвшүүлнэ гэсэн. Үүнийг нь эсэргүүцээд “Би нэр дэвшинэ” гээд зүтгээд байж болох л байсан байх. Гэвч надад тийм албан тушаалын хэнээ байдаггүй. Буруу ишилсэн сүх шиг зүтгэдэг ёс жудаггүй хүн ч биш.Тийм учраас намын даргынхаа эрүүл мэндийн байдлыг бодож, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэн хүлээн авснаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй нэрээ татах өөр шалтгаан ч байсан юм.

Учир нь өнөөдөр улс орон, ард түмний өмнө Шадар сайд гэдэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байна. Засгийн газрын түүчээ нь болж ажиллаж, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж, шударга ёсыг тогтоохын тулд хариуцсан зургаан агентлагийнхаа үйл ажиллагааг сайжруулж, жигдрүүлэхээр зүтгэж байна. Монгол Улсынхаа, ард түмнийхээ төлөө хийх зүйл надад их байна. Нөгөө талаарнамын даргаа хилс хэргээр шоронд хоригдож, эзгүй байгаа хойгуур түүнийг орлож, намаа хариуцан авч явах үүрэг бий. Тиймээс“би” гэдэг өвчин тусах шаардлага байгаагүй.

-Тэгвэл Н.Энхбаяр дарга Н.Удвал сайдыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлнэ, Ерөнхийлөгч болчих байх гэж хараад байгаа үндэслэл шалтгаан нь юу юм бол?

-Н.Энхбаяр дарга Н.Удвал сайдын талаар ямар бодол дүгнэлттэй байгааг би өмнөөс нь хэлж мэдэхгүй. Ер нь бол Монгол Улс эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчид түүхэндээ нэр дэвшүүлж байгаагүй. Энэ удаа манай нам эмэгтэй хүнийг нэр дэвшүүлж байгаа нь жендерийн тэгш байдлыг хангах үүднээсээ ч үнэхээр зөв шийдэл болсон гэж хувьдаа үзэж байна. Н.Удвалын өөрийнх нь хувь улстөрчийн рейтинг, намын болон Н.Энхбаяр даргын рейтингтэй нийлбэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд боломжийн санал авах байх. Тэр утгаараа Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч байна л гэж бид үзэж байгаа.

-Танай намтай эвсэл болж УИХ-ын сонгуульд орсон МҮАН Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжин оролцох шийдвэр гаргасан. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг нь тэд манай намын шийдлийг харзнаж байгаад шийдвэрээ гаргана гэж байсан. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг ингэжмэдэгдэж байсан удаатай. Гэвч МҮАН хурлаа хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжин ажиллана гэж зарласан. Манай намын зүгээс МҮАН-ын удирдлагуудад “Бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн бичиг хүргүүлсэнхариунь удахгүй ирнэ байх. УИХ-ын сонгуульд эвсэл байгуулж оролцон УИХ-д бүлэг байгуулан ажиллаж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд чхамтарна гэдэгт найдаж байна.

-Нэгэнт тэр нам Бүгд хурлаа хийгээд шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Одоо танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрээ өөрчлөх боломж байгаа юм уу?

-Мэдэхгүй юм. Ямар ч байсан УИХ-д нэг бүлэг болоод ажиллаж байгаагийн хувьд бид хүсэлтээ хүргүүлсэн.

-Танай хоёр нам УИХ-д нэг бүлэгт харьяалагдаж, хамт хуралддаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус тусдаа гаргасан шийдвэрээ бүлгийн хурал дээрээ хамт суугаад ярьсан уу?

-Яриагүй. Хуулиар бол парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа орох эрхтэй гээд заачихсан байгаа. Тийм учраас тус тусдаа хуралдаж шийдсэн хэрэг.

-Анхнаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцохоо хамт ярьчих хэрэгтэй байсан юм биш үү. Тэгээгүйг бодоход танай хоёр нам хэдийнэ хагаралдчихсан байжээ...

-УИХ дахь бүлэг дотор хагарал байхгүй, Н.Батцэрэг гишүүн бүлгээ сайн удирдан зохион байгуулж байгаа. Харин хувь хүмүүсийн зан ааш, авираас болж хагарал гарсныг үгүйсгэхгүй. М.Энхсайхан бол дандаа хувийн тоглолт хийдэг хүн шүү дээ. Нэг өдөр Н.Энхбаяртай, нөгөө өдөр Ц.Элбэгдоржтой нөхөрлөдөг. Хувь хүнийхээ үзэл бодлыг намын гишүүддээ тулгадаг юм шиг байна лээ. Тиймээс МҮАН-ын гаргаж байгаа шийдвэрийг намын бүх гишүүдийнзорьж байгаа зүйл гэхээсээ илүү М.Энхсайханы хүсэл зориг гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

-Гэхдээ М.Энхсайхан Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний лидер биш гэж үү?

-Үнэхээр Монголын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх лидер байсан юм бол өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймагт нэр дэвшихдээ гараад ирэх ёстой байсан. Гэвч тэр сонгуулиар маш бага санал авч, дарханчуудын итгэлийг хүлээж чадаагүй шүү дээ. Нэг тойргийн сонгогчдын итгэлийг хүлээж чадаагүй хүн нийт монголчуудын саналаар Ерөнхийлөгч болно гэдэгт нь эргэлзэж байна. М.Энхсайхан бол ямар ч цаг үед өөрийгөө мартуулахгүй байх пиар хийдэг улстөрч. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн нь түүний ээлжит нэг шоу байсан болов уу гэж бодож байна.

-МҮАН-ынхан МАХН, АН хоёрын хэн ньтүрүүлж санал тавих бол гэж хараад байсан юм болов уу. Тэгээд АН эхлээд сонгуульд хамтарч оръё гэдэг санал тавьчихсан юм уу гэж харагдаад байгаа...

-Хүлээгээд байх юм байхгүй шүү дээ. Нэгэнт нэг эвсэл болж, парламентад нэг бүлэг болоод явж байгаа, ойлгомжтой зүйл дээр ингэж хандаж болохгүй. Ийм бохир улс төр хийж таарахгүй л дээ.

-Эцэст нь асуухад танай нам саяхан У.Барсболдыг намаасаа хаслаа. Нэг алдаа гаргасных нь төлөө шууд хөөж туудаг хуучин коммунист арга барилаасаа МАХН салаагүй, шинэчлэгдээгүй байна гэдэг шүүмжлэл дагуулаад байгаа...

-Харин ч энэ үйл явдлаас хойш хүмүүс МАХН-ыг шударга зарчимч нам гэж хардаг болсон гэж ойлгож байгаа. “Шударга ёс” аяныг хөдөө орон нутагт явуулж байхад Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайтай холбоотой маш их гомдол мэдүүлж байсан. Хөшөөтийн уурхай олигархиудын мэдэлд очсон байна. Үүнийг стратегийн орд болгож, ард түмэнд өгөх ёстой. Тэгэхгүй бол У.Барсболд гэдэг хүн шүүхэд хүртэл мөнгөөр нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулж байна гэдэг шүүмжлэл ирж байлаа. “Та нар шударга ёсны төлөө явж байгаа юм бол өөрсдөө шударга байж, энэ хүнээ намаасаа зайлуулж өгөөч” гэдэг саналуудыг тавьсан юм билээ. Ийм учраас Гүйцэтгэх товчоо хуралдаж шийдвэрээ гаргасан. Үүнд нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Миний хувьд У.Барсболдыг сайн мэднэ. Улс төрд олон жил хамт явлаа. Хувь хүний харилцааны тал дээр бидний хооронд ямар ч асуудал байхгүй.

-Нарийн бичгийн даргынх нь албан тушаалаас буулгаад, намд нь үлдээж болоогүй юм уу гэж асуух хүмүүс ч байна лээ...

-Хөшөөтийн уурхайн асуудал шийдэгдээд, стратегийн орд болж, Ховдын ард түмний хүсэл зоригт нийцсэн тохиолдолд Барсболдод манай намын хаалга нээлттэй.