Су.Батболд: МАН сөрөг хүчний хувьд чадлаараа л “хэрэлдэж” байгаа
УИХ-ын гишүүн Су.Батболд
2013.05.27

Су.Батболд: МАН сөрөг хүчний хувьд чадлаараа л “хэрэлдэж” байгаа

УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар 2014-2016 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Төслийг харахад Засгийн газрын амлаж, мөрийн хөтөлбөр болгосон зүйлүүдийн гол нуруу босч чадах нь уу?

-Үндсэн чиглэлээ хавар  баталж байх хуультай. Гэхдээ үндсэн чиглэлийн тухайд би шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл улсын төсөв, үндсэн чиглэл хоёр уялддаггүй. Гишүүд үндсэн чиглэлд нэлээн мөрөөдлийн шинжтэй зүйлүүдийг жагсаачихдаг.

Цэцэрлэг, сургууль, зам төчнөөгийг барина гэх мэтээр. Гэвч энэ нь төсөвтэйгөө уялддаггүй. Манайхан хэзээ ч хэрэгждэггүй мөрөөдлийн жагсаалтаас нь тэс өөр төсөв баталдаг байх жишээтэй.

-Төсөвтэй уялддаггүй, мөрөөдлийн жагсаалт юм бол үндсэн чиглэлийг заавал батлах шаардлага байгаа юм уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд жил бүрийн үндсэн чиглэлийг хэлэлцэнэ гээд орчихсон байдаг. Улс орнууд урт хугацааны бодлогуудаа тав, арав, арван тав, хорин жилээр нь гаргаад, үүндээ тохирсон төсвийг жил жилдээ баталдаг. Гол анхаарлаа төсөв дээр л хандуулдаг. Манайх ч гэсэн цаашдаа ингэж ажилламаар байгаа юм.

-Гол бодлогоо урт хугацаагаар гаргаж болох ч манайх шиг дөрөв дөрвөн жилээр солигдох, Засгийн газарт залгамж чанар гэж байдаг юм уу. Өмнөх Засгийн газар зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг батлахад, дараагийнх нь гарч ирээд “дампуурал” гээд зарлачихаж байна шүү дээ?

-Монголд хамгийн болохгүй байгаа зүйл нь бодлогын залгамж чанар. Төр улс юм бол урт хугацааны бодлоготой байж, түүндээ аль ч нам, улс төрийн хүчин нь захирагдаж явах ёстой. Тийм байдлыг бий болгох гээд бид чадахгүй байна л даа. Монгол Улсад урт хугацааны бодлого байгаа юу гэвэл байгаа.

Өмнөх парламент “Мянганы хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталсан. Энэ бодлогодоо урт хугацаанд Монгол Улс яаж хөгжихийг тусгаад өгчихсөн. Харамсалтай нь Засгийн газар энэ бодлогоо барьж чаддаггүй.

Мэдээж ямар ч Засгийн газар гарч ирэх, Ерөнхий сайд тодрох бүртээ өөрийн тэргүүлэх чиглэлээ зарладаг. Жишээлбэл,  манай кабинет ядуурлыг бууруу­лахад гол анхаарлаа хандуулна, эсвэл ажилгүйдлийг бууруулна гэх мэтээр. Үүнийхээ хүрээнд зохистой бодлогуудыг явуулах нь зүйтэй.

Гэхдээ огт өөр гаригаас ирсэн юм шигээр өмнөхөө бүгдийг нь үгүйсгэж, биднийх сайн сайхан байх ёстой гэдэг байдлаар хандаж болохгүй. Манайхны хамгийн дутагдалтай тал нь, гарч ирээд олон нийтэд таалагдахын тулд ямар ч бодлогын баримт бичгээ судлахгүйгээр ярьдаг. Энэ нь л биднийг дөрөв, дөрвөн жилээр амьдрахад хүргээд байгаа юм.

-Улирлын онцлогоос шалт­гаалаад манайд одоо л бүтээн байгуулалтууд эхэлж байна. “Чингис” бондоор босгосон 1,5 тэрбум ам.доллараас 400 орчим сая л үл­дэж, бусад нь тодорхой төслүүдэд зарцуулагдсан байна. Энэ их мөнгө зөв зүйл рүүгээ орж чадсан гэж та харж байна уу?

-Энэ чинь өрийн бичиг шүү дээ. Дараа нь олох мөнгөө барьцаалж, гаднаас зээлж идэж байна гэсэн үг. Тиймээс бондын мөнгө  үр ашгаа өгөхүйц төсөлд зарцуулагдах ёстой юм. Зээлийн хүүгээс гадна тав, арван жилийн дараа үндсэн зээлээ төлж эхэлнэ. Тиймээс маш няхуур хандах ёстой.

Тэгэхгүйгээр төсвийн цоорхойг нөхөх, эсвэл үр ашиггүй төсөлд зарцуулбал дараагийн Засгийн газарт  өр болж үлдэнэ. Ер нь бонд босгоно гэдгийг энэ Засгийн газар гэнэтхэн санаачлаад хийчэхсэн юм биш л дээ. Аль ч Засгийн газар бондоор мөнгө босгох бололцоо байсан.

Монголд хамгийн болохгүй байгаа зүйл нь бодлогын залгамж чанар. 

Юунд няхуур хандаж байв гэхээр “Энэ бондын хөрөнгийг Монгол Улс шингээж чадах уу”, “Эдийн засгийн үр шимээ өгөхүйц төсөл бэлэн байна уу” гэдэг үүднээс авч чаддаггүй байсан. Гэхдээ “Чингис” бондоор хөрөнгө оруулалт хийж буй бүх төслийг буруу гэж харахгүй байна.

Гагцхүү бэлэн төсөлгүй байж бонд авдаг нь л буруу. Тиймээс яаж ч ашиглаагүй хэрнээ өчнөөн сая ам.долларын хүү төлж байна шүү дээ. Одоо байгаа төслүүд үр ашгаа өгч өрөө төлөх үү гэдэг нь бас эргэлзээтэй.

Тиймээс сөрөг хүчин гэдгээрээ МАН-ын бүлэг  зарцуулалтад нь анхаарлаа хандуулж байна. Одоогоор “ийм зүйлд хуваарилна” гээд цаасан дээр баталчихсан ч төслүүд нь бэлэн биш гэдэгт л гол аюул байна. Аваад бараг хагас жил болчихлоо.

-Өмнө нь тодорхой хүчин зүйлээс шалтгаалаад авч чаддаггүй байсан бондыг энэ Засгийн газар босгочихсон гэхээр манай улсын эдийн засаг шингээх түвшинд хүрсэн гэж ойлгож болох уу?

-Бололцоо бол бий. Мэдээж бондыг худалдаж авч байгаа талууд Монгол Улсын эрсдэлийг харж л мөнгөө өгч байгаа. Гэхдээ үүнийг иж бүрэн шингээж чадахуйц төсөл манайд байхгүй.

-МАН-ын бүлэг бондын  зарцуулалтад хяналт тавьж байгаа. Гэхдээ та бүхний тавьж байгаа хяналт Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрт нөлөөлж чадах уу?

-Цөөнх Засгийн газрын шийдвэрт нөлөөлж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ бидэнд ард түмнээс олгосон мандат нь олонхид хяналт тавих учраас ямар нэгэн хэмжээгээр санал хэлэх нь зайлшгүй.

-УИХ-ын 20 гаруй гишүүн  Өршөөлийн тухай хууль  санаачилсан. Үүнийг та дэмжиж байгаа юу?

-Улс төрийн намууд зөвшилцөж байгаад үе үе Өршөөлийн тухай хууль гардаг л даа. Би бол дэмжинэ. Цаад талынх нь улс төрийн үр дагаврыг тооцоолохгүй байна. Ер нь бол гарах нь зөв. Давтамж нь ойртож байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Энэ хууль гарсны дараа гэмт хэргийн тоо өссөн гэх үзүүлэлт ажиглагддаг л юм билээ. Тиймээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд, санамсар болгоомжгүйгээс  ял сонссон хүмүүст өршөөл үзүүлэхэд татгалзах зүйлгүй.

-Тэгвэл энэ удаад чухам юуг тохиолдуулан Өршөөлийн тухай хууль гаргах гэж байгаа нь тодорхойгүй байна. Магадгүй энэ тодорхойгүй байдлаас болоод МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан хууль гэж тодотгож байгаа байх?

-Харин тийм. Тиймээс та бүхэн санаачилсан хүмүүсийг нь сайн хараарай.

-Та дэмжиж гарын үсгээ зурсан уу?

-Үгүй ээ. Би тэр 20 хүний дунд байхгүй байгаа.

-Гэхдээ төсөл УИХ-аар ороод ирвэл дэмжинэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Миний дээр хэлсэн үндэслэлээр бол дэмжинэ.

-Саяхан хоёр гишүүн тангаргаа өргөж, УИХ элэг бүтэн боллоо. Гэхдээ МАН хохироод үлдчихэж байгаа юм биш үү?

-Өнгөрсөн 20 жил ард түмний саналыг засварлаж байгаагүй нь ардчиллын давуу тал. Сүүлийн үед үүнийг засварлах, булхай луйвар болгодог байдал гарч ирж байна. Ер нь сонгуулийн хуулийг боловсруулж байхад хамгийн их санаа зовж байсан нь сонгуулийн маргааныг яах вэ гэдэг.

Жилээс жилд сонгуулийн маргаан маш олон  гарч, бие биенээ гүтгэж, юугаар ч далимдуулан санал хураалтын үр дүнг эргүүлэх байдал бий болоод байгаа юм. Сонгуулийн маргааныг шийдвэрлэх улс орны туршлагууд янз бүр байдаг.

Гэхдээ шүүхээр л лав шийдвэрлэж болдоггүй юм байна гэдэг нь харагдлаа. Шүүх гэдэг сонгуулиас өөр ертөнцөд амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

-Тэгэхээр сонгуулийн маргааныг хэн эцэслэн шийдвэрлэх ёстой гэж?

-СЕХ болон тойрог, хэсгийн хороо шийдвэрлэх нь зөв юм байна. Тийм бишээс болж нэг шүүгчийн алхны цохилтоор   хэдэн мянган сонгогчийн санал алга болж байна. Би С.Чинзоригийн хувьд маш харамсч байгаа.

-С.Чинзориг  “Би тангараг өргөөгүйд МАН ч гэсэн буруутай” гэж мэдэгдсэн. Танай намын удирдлага, УИХ дахь бүлэг олоод ирсэн нэг суудлыг баталгаажуулаад авч чадсангүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Хүн уурлаж, бухимдсандаа юунд, яаж хандах нь тэр хүний эрх. Мэдээж С.Чинзоригт хэцүү байгаа. Гэхдээ бид чадлаараа зүтгэсэн гэж бодож байна.

Сөрөг хүчний гол зэвсэг бол хурал хаях.

Анх Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг тангараг өргүүлэхгүй гээд “Буйдантай жагсаал” гэх алдартай зүйл хийж л байлаа. Монгол Улсын хуулийн хүрээнд хийж болох бүхнийг бид хийсэн. Гэхдээ эрх баригчид олонхи гэдгээрээ хүч түрэмгийлсэн.

-Эрх баригчид хүч түрэмгийллээ л гэдэг. Гэхдээ МАН сөрөг хүчин гэдэг утгаараа үүргээ хэр сайн гүйцэтгэж байна вэ?

-Сөрөг хүчний гол зэвсэг бол хурал хаях. Цөөнхийн хувьд үгээ хэлэх эрх байна. Олонхи ирцээ бүрдүүлээд, түүгээрээ шийднэ шүү дээ. Түүнээс өөрөөр бид яах юм бэ. Зодолдох уу, эсвэл хэрэлдэх юм уу.

Ер нь бол чадлаараа л хэрэлдэж байна. Хүмүүс яг яах ёстой гэж хараад байгааг ойлгохгүй байна. Хуулийн дагуу сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа.