Бямбацогт.С Оюунхорол.Д Санжмятав.Я Энх-Амгалан.Л 2013.04.10 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Малчин өрхийг дэмжсэн эдийн засгийн бодлого үгүйлэгдэж байна

Малчин өрхийг дэмжсэн  эдийн засгийн бодлого  үгүйлэгдэж байна
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьлаа

Малчид болон малчин өрхийг дэмжсэн  эдийн засгийн бодлого  үгүйлэгдэж байгаа  учраас  Жижиг, дунд үйлдвэрийн  тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Я.Санжмятав, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нарын гишүүдийн хамт  санаачлан өргөн барьлаа.

Жилийн  дөрвөн  улирлын   эрсдэлтэй хүнд нөхцөлд үйлдвэрлэлээ  явуулдаг малчид, малчин  өрхийг жижиг дунд үйлдвэрлэгч хэмээн хуульчлахаар  хуулиийн төслөө боловсруулсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар хуулийн төслөө өргөн барьлаа

Монгол Улсын Засгийн газар хуралдаанаараа энэ хуулийг дэмжсэн. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн үр  ашигтай өрсөлдөх  чадвартай  болгоход малчид хамгийн чухал үүрэгтэй байдаг.

Малчид ажлын байраа өөрсдөө бий  болгож, төр засагт ямар ч ачаалал дарамт  үзүүлэхгүйгээр  бие даан үйл ажиллагаагаа явуулж, амьжиргаагаа авч явахад нь чухал дэмжлэг болно. Малчид, малчин өрхийг  дэмжсэнээр малчдын   залуу халааг  системтэйгээр  бэлтгэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.    

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

 Сүүлийн  жилүүдэд төр засгаас хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх,  хувийн  хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин эрх  зүйн таатай  орчин бүрдүүлэх, мал аж ахуйн салбарт  зарцуулах төсвийн хөрөнгийг нэмэгдүүлсээр ирсэн боловч малчид болон малчин өрхийг дэмжсэн  эдийн засгийн бодлого  үгүйлэгдсээр  байна.

Монгол улсын Үндсэн хуульд “ Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэж заасан. Манай улсын мал аж ахуйн салбар нь дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувийг, хөдөө аж ахуйн  гаралтай бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний  гуравны нэг нь энэ  салбарт ажиллаж байна.  Сүүлийн  жилүүдэд мал сүрэг ч ихээр өсч, малын тоо 2011 онд 36.3 сая толгойд хүрч, 2010 оныхоос 3.6 сая толгой буюу 11 хувиар өссөн дүн байдаг.  Мал аж ахуйн салбарт 2011 онд нядалгааны жингээр 208.0 мян. тн мах, 458.6 мян. тн сүү, 176 мян. тн хонины ноос, 4.4 мян. тн ноолуур, 8.8 сая ширхэг арьс шир бэлтгэсэн нь малчид, малчин  өрхийн улсынхаа эдийн засагт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт хэмээн үзэж байна. 

Хувийн малтай өрхийн тоо 2011 онд нийт өрхийн 27.9 хувь буюу 211.7 мян байгаагийн 154.9 мян нь малчин өрх байна. Мал аж ахуйн салбарт нийт 311.2 мян малчид ажиллаж байна. Нийт малчин өрхийн 87.8 хувь нь цахилгааны эх үүсгэвэртэй, 1.8 хувь нь трактортай, 78.1 хувь нь малын хашаатай, 21.4 хувь нь худагтай, 31,3 хувь нь автомашинтай, 48,3 хувь мотоцикльтой байгаа нь  малчин өрх  жижиг, дунд үйлдэрлэл эрхлэх нөхцөлөө бүрдүүлсэн байна.

Иймээс  хүрээлэн буй орчин,  ус цаг уур амьсгалын шууд нөлөөн дор жилийн дөрвөн  улиралд  эрсдэлтэй хүнд нөхцөлд үйлдвэрлэлээ  явуулдаг онцлогтой  үндэсний  баялаг  бүтээгч  малчдыг жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн үзэж, малчид болон малчин өрхийг эдийн засгийн хувьд төрөөс дэмжих  зайлшгүй шаардлагатай  байна. 

Малчидаа бид жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн хуульчилснаар байгалийн баялагаасаа ч мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхийн дахины эдийн засгийн өрсөлдөөнд оролцох боломжийг   бүрдүүлж мөн малчдыг  эрчимжсэн мал аж ахуй эрхэлж фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг болно. 

Үндэсний  баялаг болсон мал сүргтээ онцгой анхаарч  мал аж ауйн үйлдвэрлэлээ эдийн засгийн үр  ашигтай өрсөлдөх  чадвартай салбар болгоход малчдын үүрэг нэн  чухал  байгаа. Мал аж ахуйгаа хөгжүүлж улс орныхоо стратегийн ач холбогдолтой салбар  чиглэл гэдгийг  төр засаг  бодлогоор дэмжиж малчид болон малчин өрхийг дэмжсэн тохиолдолд малчдын   залуу халаагаа  системтэйгээр  бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр болно.  

  Монгол малаас гарал үүсэл нь  баталгаатай органик мах, сүү, чанартай ноос ноолуур, арьс шир  бэлтгэн  эдийн засгийн эргэлтэнд оруулж,  мал аж ахуйн салбарыг   тэргүүлэх салбар болгон улсын эдийн засгаа хөгжүүлэхэд малчин болон малчин өрхийн үйлдвэрлэл, тэдний хөдөлмөр чухал ач холбогдолтой  байна.

Малчид нь  өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ажлын байраа бий  болгож, төр засагт ямар ч ачаалал дарамт  үзүүлэхгүйгээр  бие даан үйл ажиллагаагаа явуулж, амжиргаагаа авч яваа  жижиг, дунд үйлдвэрлэгч  хэмээн  үзэх нь  энэ хуулийн үзэл баримтлал болно. Төрөөс  малчдад олгож байгаа сүү, ноос, ноолуурын урамшуулал нь тэдний үйлдвэрлэлийг дэмжин  олгож байгаа  төрийн дэмжлэг төдийгүй   жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдгийг  нотолж  байна.

Малчдын амьжиргааг дээшлүүлэх  гадаад дотоодын хэрэгжүүлж буй   төсөл, жижиг дунд үйлдвэрийг  дэмжих  чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг тэдэнд чиглүүлэх, банкнаас зээл авах, цөөн  малтай малчин өрхүүдийг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гээд  тэдний хүнд  нөхцөлд явуулж  буй  үйлдвэрлэлийг дэмжих  хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг болох юм. Иймд  “Жижиг, дунд үйдвэрийн тухай“ хуульд нэмэлт оруулж байна.

Үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаврын талаар

Хуулийн төсөл батлагдсанаар улсын нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс сөрөг үр дагавар гарахгүй. 

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

Уг хуулийн төсөл боловсруулж батлуулахтай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хууль байхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.