Д.Галсандорж: “Чалко” компанитай байгуулсан гэрээг шууд цуцалж болохгүй
Монголын Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2013.02.26

Д.Галсандорж: “Чалко” компанитай байгуулсан гэрээг шууд цуцалж болохгүй

Монголын Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээний асуудлаар ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой”,  “Чалко” компанийн хооронд байгуулсан гэрээг Монголын тал шууд цуцлах нь зөв үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн байдлаас болоод үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжлээ. Шалтгаан нь БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан нүүрс худалдан авах гэрээ болон нүүрсний үнийн уналттай шууд холбон тайлбарлаж болно. Гэхдээ шалтгаан нь муу гэрээнд бус муу засаглалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, компани хооронд байгуулсан гэрээнд Монголын төрийн оролцоо хэт өндөр байсан. “Эрдэнэс Тавантолгой” бус Монголын төр “Чалко” компанитай шууд гэрээг баталгаажуулсан. Тиймээс гэрээний мууг гайхах бус муу засаглал ямар үр дүнд хүргэдэг болохын тод жишээг бид харж байна. Ийм эдийн засгийн хохиролтой гэрээг хэн баталгаажуулсан юм бэ. Эндээс л шалтгааны уг үндсийг хөөх хэрэгтэй болов уу. Төрийн өмчит компани гэдэг түмний хөрөнгө. Тиймээс хариуцлагатай хандах учиртай. “Чалко” компанитай байгуулсан гэрээг шууд цуцалж болохгүй. Цуцална гэдэг компани ашигтай ажиллахын нэр биш.

-Яагаад?

-Үүссэн асуудлыг олон улсын зарчмаар шийдэх учиртай. Түүнээс сэтгэлийн

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-той байгуулсан гэрээг цаг алдалгүй зохицуулах хэрэгтэй.

хөөрөл байдлаар огцом эргэлт хийж болохгүй. Энэ нь тухайн цаг үедээ зөв мэт харагдах боловч дунд болон урт хугацаандаа олон сөрөг зүйлийг дагуулах эрсдэлтэй. Тэр тусмаа манайх шиг уул уурхайн салбараа түшиглэн эдийн засаг нь хөгжиж яваа оронд халгаатай. Монголд уул уурхай хөгжөөд багагүй хугацааг орхилоо. Зах зээлийн зарчмаар эрдэс бүтээгдэхүүний арилжаа наймаа явуулаад 20 гаруй жилийг үдэж байна. Цаашид ашигт малтмалын үнийг тогтооход аль болох төрийн оролцоо бага байгаасай. Төр бодлогыг нь оновчтой, зөв тодорхойлж байвал бизнес эрхлэгчдэд таатай байх нь мэдээж. Түүнээс төр нь хутгалдаад байвал салбарын хөгжил унана, улсын хөгжил ч удааширна. Өөрөөр хэлбэл, төр аль болох саад болохгүй байх хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-той байгуулсан гэрээг цаг алдалгүй зохицуулах хэрэгтэй. Гэхдээ хурдан гээд “түүхий” шийдэж болохгүй.

-Гэрээ буруу тийшээ эргэвэл бид эрсдэл хүлээхийн зэрэгцээ өр төлнө. Одоо ч өртэй байгаа.

-Тиймээс зөв л нүүцгээе. Олон улсын чанартай гэрээг цуцлах асуудлыг болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Гэрээ байгуулсан талтайгаа харилцан тохиролцож, нэг шийдэлд хүрэх учиртай. Түүнээс бие биедээ хатуурхаад сууж болохгүй. Хятадад нүүрс, Монголд мөнгө хэрэгтэй байна. Тиймээс гэрээний зарим зүйл заалтыг шинэчлэх, нүүрсний үнийг дэлхийн зах зээлд ойртуулах талаас ярилцах нь зөв. Түүнээс цуцална гээд байвал дахиад асуудал, үл ойлголцол үүснэ. Уул уурхайн яамнаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжинэ гэж байна. Төсвийн орлогод үзүүлэх нүүрсний нөлөө сүүлийн жилүүдэд огцом өссөн. Өөрөөр хэлбэл, нүүрсний эдийн засагт үзүүлэх орон зай халагдаагүй гэж хэлж болно. Монголын нүүрсийг яг одоо худалдан авах зах зээл, хэрэглэгч Хятадаас өөр байна уу. “Чалко” компаниас өөр худалдан авагч бий юү. Үндсэндээ бидэнд сонголт маш бага үлдсэн. Тиймээс “Чалко” компанитай ойлголцох, учир зүйгээ ололцох л хэрэгтэй.

-“Эрдэнэс Тавантолгой”, “Чалко” компанийн хооронд үүссэн гэрээний асуудал Монголыг гадаад талд хэрхэн харагдуулж байгаа бол. Тухайлбал, хөрөнгө оруулагчдад.
Монгол, Хятадын хоёр компанийн асуудал биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-“Чалко” компанийн хувьд Монголоос нүүрс авах сонирхолтой байгаа ч урд хөршийн нүүрсний зах зээлд олон тоглогч гарч ирж байна. Нүүрс худалдан авах гэрээний асуудал зөвхөн Монгол, Хятадын хоёр компанийн асуудал биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Олон улсын хэмжээнд Монгол гэж хэн бэ гэсэн асуултад хариулт өгөх хэмжээний үйл явдал өрнөж байна. Хөрөнгө оруулагчид үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Монголын нүүрсийг “Чалко” компани хямд үнээр авсан гэхээс илүүтэй монголчууд бизнесийн соёлгүй, эргэж буцдаг, дураараа гэрээгээ зөрчдөг гэсэн сэтгэгдэл төрүүлж мэдэхээр байна. Нэр хугарахаас яс хугар гэдэг шүү дээ. Гэхдээ уул уурхайн баялаг бол өнөөдрийн бидэнд заяагдаагүй. Ирээдүй, түүний ирээдүй хойчид үлдэх өв хөрөнгө. Дахин хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээг аль болох эв зүйгээр харилцан ойлголцлын түвшинд шийдэх учиртай. Хэрэв шийдэхгүй бол ихээхэн хэмжээний алдагдал хүлээхийн сацуу торгууль төлж мэдэхээр байгаа.