УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас асуулт асуулаа
2013.06.03

Зарим сумдын инженерийн шугам сүлжээг зайлшгүй шинэчлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Сум хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ жил улсын төсөвт 60 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Монгол улс 330 сумтай. Жил бүр гурван суманд 60 тэрбум төгрөг төсөвлөөд байвал 110 жилийн дараа бүх сум энэ жилийн 20 тэрбум тавьсан сумдын хэмжээнд очно.

Энэ дээр Засгийн газар тодорхой бодлого гаргасан эсэхийг асуулаа. Орон сууцны хөтөлбөрийн хувьд орон нутгийн иргэд тодорхой хэмжээнд дэмжлэг авах сонирхол ихтэй байдаг. Ийм дэмжлэгийг үзүүлэх талаар засгийн газар тооцсон уу.

Жил бүр гурван суманд 60 тэрбум төгрөг төсөвлөвөл 110 жилийн дараа бүх сум энэ жилийн 20 тэрбум тавьсан сумдын хэмжээнд очно.

Шинээр инженерийн шугам сүлжээ тавихаасаа илүү хуучин инженерийн шугам сүлжээгээ засаж сэлбэх ажил эхний ээлжинд хийгдэх ёстой гэж бодож байна. Сум орон нутгийн инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд Засгийн газарт хэр хугацаа шаардлагатайг тодруулав.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан: Шинэ сумын төв гэдэг дээр дөрвөн яамнаас явсан ажлын хэсгийн дүнг их хурлын гишүүд танилцуулах байх. Тэр үед сумдад ямар ажил нь хэдийд хийгдэх, иргэдийн саналаар шийдэх ажлууд их хурал дээр яригдана гэж бодож байгаа.

Ихэнх сумдууд инженерийн шугам сүлжээтэй болох хүсэлтээ тавьсан. Олон хүн амтай, газар тариалан хөгжсөн сумдууд инженерийн шугам сүлжээгээ шинэчлэх зайлшгүй шаардлагатай.