С.Ганбаатар: Баримтгүйгээр байр сууриа илэрхийлэхэд хэцүү байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.04.26

С.Ганбаатар: Баримтгүйгээр байр сууриа илэрхийлэхэд хэцүү байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

- Та өмнө нь “Рио Тинто” компанийг Нидерландын Гаага хот дахь Олон улсын шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Холбогдох бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн үү?

Тийм ээ. Гаагын шүүхэд өргөдлөө явуулсан. Ойрын хугацаанд нэмэлт болон судалгааны материал явуулахаар ажиллаж байна. Энэ ажлыг миний хуулийн зөвлөх С.Наранбаяр удирдан ажиллаж байгаа.

Мозамбик улсын нуураа хамгаалж чадсан эмэгтэйтэй холбоо тогтоож чадлаа.

Монголын их, дээд сургуулиудын хууль эрх зүйн болон уул уурхайн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд баг болж ажиллаж байна. Шаардлагатай бол эрдэмтдийн багаа Монголын ард түмнийг ямар байдлаар өмгөөлж буйг мэргэжлийн талаас нь тайлбар гаргуулж олон нийтэд хүргэж болно.

Ямар ч байсан, шударга, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй эрдэмтдийн багтай хамтран ажиллаж байна.

- Гаагын шүүх таны өргөдлийг хүлээж авсан тухай ямар нэг хариу өгсөн үү?

Одоогоор хариу ирээгүй байна. Гаагын шүүх Мозамбикийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдэхийн тулд есөн жил зарцуулсан. Тодруулбал, энэ улсын жирийн нэг эмэгтэй эх орноо өмгөөлж, Гаагын шүүхэд хандсанаар том нуурыг хамгаалж чадсан.

Тэгэхээр “Рио Тинто”-г олон улсын шүүхэд өгсөн асуудлыг шийдвэрлэхийн тулд хугацаа их шаардах байх. Хамгийн гол нь, энэ асуудлыг өнөөдөр хөндөх нь бидний үүрэг бас ажил.

Би Гаагын шүүхэд хандаж улс үндэстнээ өмгөөлж байсан олон хүнтэй интернэтээр харилцаж, зөвлөгөө авч байгаа.

- Тухайлбал, хэнээс зөвлөгөө авав?

Мозамбик улсын нуураа хамгаалж чадсан эмэгтэйтэй холбоо тогтоож чадлаа. Бид маш сайн харилцаж байгаа.

-“Эрдэнэс Таван толгой” компани “Чалко”-той тохиролцоонд хүрч, нүүрсээ алдагдалгүй үнээр экспортолж эхэлсэн гэсэн. Тэд ямар тохиролцоо хийсэн юм бол. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

Тохиролцоо хийсэн тухай сонссон. Тиймээс холбогдох яамд руу хэлэлцээрийн үеэр юу ярьсан, ямар тохиролцоонд хүрсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсч хандсан байгаа. Тийм учраас одоогоор ямар нэг баримт, тооцоо судалгаагүйгээр энэ тухай байр сууриа илэрхийлэхэд хэцүү байна.