2013.06.03

Ж.Эрдэнэбат: Монголчуудын ажил хийдэг улирал дууслаа шүү дээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

- 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталлаа. Энэ төслийн талаар та ямар дүгнэлттэй байгаа вэ?

-Төсвийн байнгын хорооны хурал дээр ч, чуулган дээр ч ийм төслийн хүрээний мэдэгдэл баталж болохгүй гэж хэлсэн. Яагаад гэхээр 2013 оны төсөв дээр тулгуурлан энэ мэдэгдлийг хийсэн байна лээ. 2012 оны төлөвлөлт алдаатай болсон учраас оны төгсгөлд тодотгол хийж байсан. Ингээд тухайн ондоо хийнэ гэсэн хөрөнгө оруулалтын ажлуудын заримыг нь хийж амжихгүй болчихоод 2013 он руу шилжүүлж байлаа.

Ер нь төсвийн төлөвлөлтийг өмнөх оныхоо гүйцэтгэл, эдийн засгийн өсөлттэй уялдуулж хийх ёстой. Гэтэл 2013 оны төсвийн төлөвлөлтийг өмнөх оныхоо гүйцэтгэлтэй уялдуулаагүй. Ийм мөртлөө дээрээс нь дахиад төсвийн хүрээний мэдэгдлээ 2013 оны төсвийн төлөвлөлтөд үндэслэн гаргахаар учир дутагдалтай болчихоод байгаа юм. Нөгөө талаар Засгийн газар энэ жил цалинг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. Нэмэхгүй гэдгээ ч хэлсэн. 2014 оноос л инфляцийн өсөлттэй уялдуулж нэмнэ гэсэн юм ярьж байна. Гэтэл 2013 оны бараа ажил үйлчилгээний зардлын өсөлт нь 2012 оныхоос 400 гаруй тэрбум төгрөгөөр их байна. Ийм байхад цалин нэмээгүй. Тэгсэн хэрнээ 2014-2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж ирснээр зардал 200 орчим сая төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оныхоос бага байхад. Цалин нэмнэ гээд байгаа. Энэ нь Засгийн газрын оруулж ирсэн төслийг худлаа гэж харагдуулаад байна.

- Ч.Улаан сайд худлаа төсөл боловсрууллаа гэдэг шүүмжлэлд нэлээд өртсөн байх аа?

-Өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан. Их л зарчимч, шударга хүн шүү дээ. Яагаад ийм төсөл оруулж ирснийг нь өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Сая оруулж ирсэн Төсвийн хүрээний мэдэгдлийг олон жил Сангийн сайдаар ажилласан хүн боловсруулсан гэхэд итгэмээргүй л юм байна лээ.

- Жишээ нь юу нь буруу болчихсон гэж?

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 14 хувиар өссөн юм билээ. Гэтэл төсвийн орлого нь 680 тэрбум төгрөгөөр өссөн байна.

-Их эзэн Чингэс хаанаараа овоглосон өрийн бичиг байна аа даа. Энэ өрийн хүүгээ төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан хэрнээ энэ бондын мөнгийг юу юунд зарцуулж, яаж зарцуулж, ямар бүтээн байгуулалт хийхээ тусгаагүй байх жишээтэй. Яагаад тусгаагүйг нь асуухад “Хууль эрх зүйн орчинд нийцэхгүй” гэхээс өөрөөр олигтой юм хэлж чадаагүй. Мөн 2013 оны төсөв хүнд байгаа шүү гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн. Тэгсэн мөртөө төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвөөсөө муу байгааг нь гайхаад байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 14 хувиар өссөн юм билээ. Гэтэл төсвийн орлого нь 680 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ийм өсөлттэй хэрнээ 2013 онд төсвийн орлогын төлөвлөгөө нэлээд тасарсан шүү дээ. Сангийн яамны сая оруулж ирсэн төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засаг 14.6 хувиар өснө гэсэн байгаа. Тэгтэл төсвийн орлого нь дөнгөж 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж төлөвлөсөн байна. Ийм байх ямар ч үндэслэлгүй. Эдийн засаг 14 хувийн өсөлттэй байхад төсвийн орлого 680 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бодит жишээ байсаар байтал энэ Засгийн газар 2.2 их наядаар нэмэгдэнэ гээд байгаа нь бодит биш байна. Магадгүй тэд нар Төсвийн хүрээний мэдэгдэлдээ дахиад өөрчлөлт оруулна гээд оруулж ирэх байх.

- Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол ойрын хоёр жилдээ Монгол Улсын төсөв ийм л хэмжээнд төлөвлөгдөнө гэдэг чигийг тодорхойлж өгч байгаа хэмжүүр нь биз дээ?

-Өмнө нь гаргасан төсвийн хүрээний мэдэгдлийнхээ хүрээнд төсвөө төлөвлөдөг шүү дээ. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол хууль. Энэ нь алдаатай гарчихвал бид 2014 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа дахиад худлаа тоо хийхээс өөр аргагүй болно гэсэн үгч Яагаад гэвэл Төсвийн тухай хуулиа Төсвийн хүрээний мэдэгдэлд л нийцүүлж гаргана шүү дээ. Ийм л юм байгаа юм.

- Сүүлийн үед эдийн засаг унаж байна л гээд байх юм. Манай эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар болчихоод байгаа юм бэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа нь ойлгомжтой. Экспортод гаргаж байгаа нүүрс буурсан байна. Гадаадад гаргаж байгаа манай бүтээгдэхүүний үнэ муу байна. Төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, мөнгөний эргэлтээ нэмэгдүүлж байх ёстой. Энэ хөрөнгө оруулалтын ажлыг хувийн хэвшлүүд гүйцэтгэнэ шүү дээ. Гэтэл эхний улирлын байдлаар энэ хөрөнгө оруулалтын ажил дөнгөж 26хувьтай, дөрөвдүгээр сарын сүүлчээр 36 хувьтай явж байна.

Энэ нь зах зээл дээр гаргах мөнгийг төр өөрөө хязгаарлаад байна гэсэн үг. Үүнээс болж хүмүүсийн худалдан авах чадвар буурсан. Мөн гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. Төр өөрөө зах зээлд гаргах мөнгөө гаргахгүй учраас мөнгөний хомсдол бий болж, эдийн засагт бууралт гарч байгаа юм.

- Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ гээд шуугиад байсан. Гэтэл энэ нь хөөсрөл байсан гэж Ч.Улаан сайд тайлбарласан. Үнэндээ Монголын эдийн засгийн бодит дүр төрх одоогийн энэ байдал юм биш үү?
Монгол Улсын ДНБ-ний өсөлт, улс орны эдийн засагт үүссэн нөхцөл байдал хий хоосон хөөсрөлт биш.

-Өөрсдийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа өмнө нь засаг барьж байсан хүмүүсийнхээс муу болоод ирэнгүүт атаархсандаа ийм зүйл яриад байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Эдийн засгийн хөөсрөл байх тохиолдол бий. Гэхдээ Монгол Улсын ДНБ-ний өсөлт, улс орны эдийн засагт үүссэн нөхцөл байдал хий хоосон хөөсрөлт биш. Хамтарсан Засгийн газрын үед улс орны хэмжээнд олон ажил урагшилсан шүү дээ. Үүний үр дүнд гадаадын улс орнууд манайхыг сонирхсон. Хэрвээ Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөөс байсан юм бол яагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн юм бэ. Монголын эдийн засгийн өсөлт хөөс байсан юм бол гадаадын том том эдийн засагчид юу гэж орж ирэх юм бэ. Гэтэл одоо яаж байна. Монголд гадны хөрөнгө оруулагчид орж ирэх нь битгий хэл, оруулаад ирчихсэн хөрөнгө оруулалтаа хүмүүс татаж байна. Үүнийг эдийн засгийн өсөлт гэх юм уу, уналт гэх юм уу.

- Хөрөнгө оруулагчдыг үргээгээд байсан гэх Стратегийн ач холбогдолтой аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд өөрчлөлт оруулчихсан. Одоо гадаадын хөрөнгө оруулалт сайжрахгүй юу?

-Цаг хугацаа л харуулах байх. Сайжруулахын төлөө бүгд явах хэрэгтэй байна. Үнэндээ манай улс 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгө авахаасаа өмнө хийх ажлаа сайн төлөвлөх ёстой байсан. Монголбанк өөртөө байгаа валютын нөөцөөрөө Монголын эдийн засгийн мөнгөний эргэлтийг зохицуулаад явах боломж байсан шүү дээ. Энэ бондын мөнгөтэй мөнгөгүй болох байсан. Тэр битгий хэл Монголбанк илүүдэл мөнгөө гадаадын банкинд маш бага хүүтэйгээр хадгалуулаад явж байсан шүү дээ. Ийм байхад баахан өр тавьж мөнгө авчирсан. Ингээд биднийг шүүмжлэхээр “Та нар мууллаа" гээд байна. Харин одоо бондын мөнгөө нэг ч ашигласангүй, өнөөдрийг хүрлээ. Энэ хооронд өдөрт хий хоосон хүү төлөөд сууж байна. Ингэж байтал монголчуудын ажил хийдэг улирал дууслаа. Наадмын дараа намар гэдэг шүү дээ. Тэгтэл яриад байгаа сайхан ажлуудын нэг нь ч эхэлсэнгүй.