Зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар нээх тогтоолын төслийг баталлаа
Тогтоолын төслийг 60,4 хувь нь дэмжсэнээр баталлаа.
2013.06.07

Зарим улсад Дипломат төлөөлөгчийн газар нээх тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Шинээр нээх Дипломат төлөөлөгчдийн газруудын байршлыг сонгохдоо Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь тухайн улсын нэр хүнд, нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тэнд оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол зэргийг харгалзан үзсэн гэдгээ Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ. Ингээд тус тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж нийт гишүүдийн 60,4 хувь нь дэмжсэнээр баталлаа.