“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр үнэт цаасны зах зээл, хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн талаар ярилцлаа.
2013.06.10

Монголын эдийн засгийн өндөр өсөлт иргэддээ хүрэхгүй байна

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр үнэт цаасны зах зээл, хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар хөтлөн явуулав.

-Сая парламент маш чухал хууль батлан гаргасан нь үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Энэ талаар ямар бодолтой байна вэ? Энэ хуулийг хэрэгжүүлэх үндэс суурь нь тавигдсан уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэн. Өмнө нь төрийн болон нийгмийн өмч байсан ч хувийн өмчийн тогтолцоо байгаагүй. Зах зээлийн харилцаанд шилжин, хувийн өмч эдийн засагт орж ирсэнээр үнэт цаасны ойлголт яригдаж эхэлсэн.

С.Бямбацогт: Хувьцаа эзэмшсэнээр өмчтэй болж, ноогдол ашиг авах гээд олон давуу талтай.

Парламентийн засаглалтай болоод улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд нилээн хөгжиж байгаа ч хамгийн удаанаар явж байгаа нь хөрөнгийн зах зээл, үнэт цаас хувьцааны асуудал. Анх бид 1990  онд цэнхэр ягаан тасалбартай, өмчтэй болсон.

Гэтэл өнөөдрийг хүртэл иргэд маань бүрэн ойлголттой болж чадаагүй. 1994 онд хууль нь батлагдсан. 1996 онд хөрөнгийн биржээр үнэт цаасны хоёр дахь арилжаа эхэлсэн. Хөрөнгийн биржээр чөлөөтэй арилжаална гэсэн ч одоо болтол байхгүй байгаа.

Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар нь хөрөнгийн бирж нь ажиллаасай, үнэт цаасны хууль нь батлагдаасай гэсэн хүлээлттэй байдаг. Бид сая хуулийг баталлаа. Энэ хууль батлагдсанаар яг хэзээ үр дүнгээ өгч эхлэх вэ.

Ямар ач холбогдолтой, ямар зорилготой вэ. Иргэдийн хүсэн хүлээж буй тулгамдсан асуудлыг хурдан шийдвэрлэж чадах уу үгүй юу гэдэг дээр тулгуурлаж ярих ёстой байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Энх-Амгалан: Сая батлагдсан үнэт цаасны тухай хуулийг ихээхэн дэвшилтэй хууль боллоо гэж харж байгаа. Тэр тусмаа иргэдийн өмнө хүлээгдэж буй нэг асуулт бол манай 2,8 сая иргэд бүгд 1072 ширхэг хувьцааны эзэн болсон.

Энэ 1072 ширхэг эрдэнэс тавантолгойн хувьцаа ямар үнэ цэнэтэй юм бэ. Энэ компаний үнэлгээ үнэ цэнэ нь яг юу юм. Өнөөдөр иргэдийн хүний хөгжлийн дэвтэр дээр бичилт хийгээд олгосон хувьцаагаа тэр хүн өөрөө захиран зарцуулах эрхтэй байна уу.

Л.Энх-Амгалан: Хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирсэнээр банк өрсөлдөөд хүүгээ бууруулна гэж ойлгож байгаа.

Үнэхээр эрдэнэс тавантолгойн хувьцаа эзэмшигч нь монголчууд мөн юм бол компаний засаглал дээр өөрийн төлөөлөл байх ёстой гэх мэтчилэнгийн асуудлууд өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаа.

Сая батлагдсан хуулиар эрдэнэс тавантолгой компанийхаа дүрмийг өөрчилж жинхэнэ утгаар нь нээлттэй, хувьцаат компани хэлбэрээр хөгжүүлж өсгөх бололцоог илүү түлхэж давуу эрх олгож байгаа.

Мөн монголд үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн өсөлтүүдийг хийж буй уул уурхайн компаниуд хөрөнгө босгохдоо дандаа гадаадын хөрөнгийн бирж дээр босгож байгаа. Гэтэл түүний давуу талыг монголчууд хүртэж чадаагүй.

Монголын хоёр оронтой явж буй эдийн засгийн өндөр өсөлт иргэддээ ерөөсөө наалдацгүй байна. Эдийн засгийн өгөөжийг яаж иргэддээ наалдацтай болгох вэ гэхээр эдийн засгийн өсөлт хийж буй компаниудын хувьцаа эзэмшигч болох боломжийг нь иргэддээ өгөх бололцоог нээж байна гэж харж байна.

Ерөнхий тооцоогоор монголд үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө гадаадын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгосон 40 гаруй компани бий. Энэ компаниудын нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 15-18 тэрбум их наяд үнэлгээтэй компаниуд байгаа.

Хууль батлагдсанаар тэр компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр байгаа монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарах бололцоог бий болгож байна.

-Үнэт цаасны тухай хуулийн гол зорилго бол манай үндэсний компаниуд мөнгөн хөрөнгөө өсгөх асуудал руу орж байгаа. Тэгэхээр энэ ажлыг хийхэд итгэлцэл хэрэгтэй. Одоо энэ компаниуд хувьцаа гаргаад эхлэхэд итгэх итгэл ямар байна вэ?

УИХ-ын гишүүн Д.Энх-Амгалан: Өнөөдөр хөрөнгийн бирж дээр бүртгэлттэй 18,1 тэрбум ширхэг хувьцаа бий. Түүний 15,5 тэрбум нь төрийн мэдлийн хувьцаа. Тэгэхээр төрийн мэдлийн олон компаниуд байна гэсэн үг. Ганц уул уурхай биш 90 орчим улсын үйлдвэрийн компаниуд байна.

Түүний ихэнх нь дэд бүтцийн салбарын компаниуд. Дэд бүтцийн ашигтай салбарын компаниудаа бид иргэддээ санал болгох хэрэгтэй. Улсын ашигтай үйлдвэрүүдээ нээлттэй компани болгож гаргах нь нэг талдаа иргэддээ боломж олгож байгаа.

Нөгөө талдаа улсын үйлдвэрийн газар дээр байнгын байдаг хардлага сэрдлэгийг багасгахын тулд энэ компаниудыг нээлттэй, нийтийн компани болгож энэ засаглалыг сайжруулах нь чухал.

Б.Гарамгайбаатар: Олон улсын хөрөнгийн биржийн түүх, мэргэшсэн хүмүүсийн яриагаар дотоодын компаниуд хөрөнгийн биржид гарч, сайжирсны үндсэн дээр гадны хөрөнгө оруулалт орж ирдэг гэж байгаа.

Түүнчлэн үнэт цаасны зах зээл дээр иргэдийн итгэлийг бий болгохын тулд үнэт цаасны зах зээл рүү хөрөнгө оруулах сонирхол, эдийн засгийн хөшүүргүүдийг нь бий болгож өгөх хэрэгтэй. Сүүлийн тав зургаан жилийг харахад манай хөрөнгийн бирж дээр мөнгө босгосон 80 орчим тэрбум төгрөг байгаа.

УИХ-ын С.Бямбацогт: Хууль батлагдсанаар олон давуу тал, боломжийг бий болгосон. 1990 онд хувьчлалаар иргэн бүр хувьцаатай, өмчтэй болсон. Үүнд алдаа, оноо байсан. Тэгэхдээ банкны зах зээл эрчимтэй хурдтай хөгжил өсөлтөд байгаад бараа бүтээгдэхүүн нь олон төрөл болон монголд нилээн түлхүү явж байна.

Хадгаламж эзэмших, зээл авах, барьцаа, баталгаа гээд маш олон бүтээгдэхүүн гарч байгаа. Түүнтэй адил хувьцаа эзэмшигч маань хувьцаа эзэмшсэнээр өмчтэй болж, ноогдол ашиг авч байна. Мөн хувьцаа нь хөрөнгийн баталгаа болох гээд олон давуу талтай.

Хөрөнгийн зах зээлийн 98 хувь нь арилжааны банкууд дээр явж байна. 

Хадгаламж эзэмшээд зөвхөн ноогдол ашиг авдаг бол хувьцаа эзэмшигч нарт олон давуу тал бий. Ийм олон давуу талтай, уян хатан, өөрөө сонголтоо хийж болж байна. Нөгөө талаасаа маш сонирхолтой. Ийм зах зээл рүүгээ иргэдээ хандуулах, нөгөө талд нь томоохон компаниуд аль болох олон нийтэд хувьцаа гаргах тусмаа өөрсдөө ил тод цэвэр тунгалаг болж, олон иргэдийн хамгаалалтанд орно.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Үнэт цаасны хууль гараад гадаадын хөрөнгө оруулагч нар их хэмжээгээр монгол руу орж ирнэ гэдэг нь ялангуяа хөгжиж байгаа эдийн засагтай оронд их хэмжээний ажлын байрыг бэлдэж өгнө гэсэн үг. Бид аль болох хувийн өмчийг илүү хөгжүүлэх төрийн оролцоог аль болох бага байлгаж байж л зөв голдиролоор явна.