Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны дахин төлөвлөлтийн ажил эхэлж, шав тавих ёслол боллоо.
2013.06.11

Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны дахин төлөвлөлтийн ажил эхэллээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхний ээлжинд 12 байршилд явагдахаар болж, иргэдийн дэмжлэгийг авсан 8 байршилд 8 аж ахуйн нэгж дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх болсон.

Өнөөдөр их бүтээн байгуулалтын түүчээ болж Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх 72-р сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Асар өргөө”, “Буурал сутай”  ХХК-иудын “Дахин төлөвлөлт”-ийн ажил албан ёсоор эхэлж, шав тавих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаныхан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Тухайн газар нутагт иргэдтэй зөвшилцсөний дүнд газар чөлөөлөлж байгаа бөгөөд эхний ээлжинд газраа чөлөөлсөн иргэдийн газар дээр орон сууц барих ажил эхэлж байна.

Энэ хэсэгт нийт 15 га газарт дахин төлөвлөлт хийхээс иргэд амины тохилог орон сууцанд орох уу, энгийн орон сууцанд орох уу гэдгээ компанитай харилцан тохирч, нийслэл, аж ахуйн нэгж, иргэн гэсэн гурван талт гэрээ байгуулснаар, албан ёсоор төсөл хэрэгжих боломж бүрджээ.

Бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжлэхэд иргэн таны оролцоо, дэмжлэг чухал учир идэвхитэй, сэтгэлтэй оролцохыг уриалж байна.

Ёслолын ажилагааны үеэр нийслэлийн Засаг дарга иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Түүхэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжсэн Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нийт иргэддээ талархал илэрхийлье. Энэ бол зөвхөн бид өөрсдийнхөө төлөө бус ирээдүй хойч үедээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Хэдхэн сарын өмнө НИТХ-ын сонгуулийн үеэр та бүхэнд танилцуулж байсан энэ ажил бол зүгээр сонгуулийн амлалт төдий биш гэдгийг өнөөдөр бид бодитоор харуулж байна. Цаашид бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжлэхэд иргэн таны оролцоо, дэмжлэг чухал учраас идэвхитэй, сэтгэлтэй оролцохыг уриалж байна” гэж онцлон хэлсэн юм.

Харин энэ хэсэгт төсөл хэрэгжүүлж буй “Асар өргөө”, “Буурал сутай” ХХК-ийн удирдлагууд “Иргэд газраа хэт өндөр үнэлж байгаа нь багагүй хүндрэл учруулж байгаа ч аль болох ойлголцож, тохиролцон бүтээн байгуулалтын ажлаа амжилттай хэрэгжүүлж дуусгана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлж байсан юм.