Л.Болд: Гадаад бодлогын амин сүнс нь Монгол хүн бүрийн оролцоо гэж бодож явдаг
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.06.17

Л.Болд: Гадаад бодлогын амин сүнс нь Монгол хүн бүрийн оролцоо гэж бодож явдаг

Өнөөгийн Монголын гадаад ертөнцөд өсөн нэмэгдсэн нэр хүндийг авч яваа гол тулгуур нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад нэр хүнд өсөн нэмэгдэж, олон улсын томоохон хурал, зөвлөгөөнд оролцож, бас зохион байгуулах хүртлээ өсөн дэвжиж байх шиг. Тэр хэмжээгээр Монгол руу чиглэсэн сонирхол, улстөр, эдийн засгийн түншлэл өргөжсөөр байна. Эргээд Дэлхийтэй хамт хөгжин дэвших үүд хаалгыг нээж байх шиг. Та саяхан бас ийм чиглэлийн хуралд Монголоо төлөөлөөд оролцоод ирсэн байна?

-Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд 6 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж Дэлхийн эдийн засгийн форумын 2013 оны Япон дахь уулзалтад оролцов.

Энэ үеэр дэлхийн геополитикийн өнөөгийн орчин, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил ба нөлөө, хүнсний аюулгүй байдлын асуудлаар санал солилцон бодлогын болон тодорхой үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг боловсруулахад оролцлоо.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзав

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-д бараалхаж, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, энэ оны 3 дугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсныг нотоллоо.

Ерөнхий сайд Ш.Абэ Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Абэ–Эби” санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ онд Япон Улсад хийх айлчлалыг  үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Японы парламентын Монголыг дэмждэг бүлгийн гишүүдтэй мөн уулзаж ярилцсан.

Гадаад хэргийн сайд Ф.Кишида-тай хийсэн уулзалтаар Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлууд шуурхай хэрэгжиж буйг илэрхийлж, Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр байгуулах, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны “Эрч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа харилцан нотоллоо.

-Өөр бусад улс орон, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, харилцан дэмжлэгтэй үр дүнд хүрч чадав уу?

-Тэглээ. Нэлээд хэдэн чухал уулзалтыг хийж амжсан. Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Клаус Шваб, гүйцэтгэх захирал В.Врэндэ, Дэлхийн эдийн засгийн форумын 2013 оны Япон дахь уулзалтын тэргүүн С.Огата, мөн Токио хотын дарга Н.Иносэ, JICA-гийн Ерөнхийлөгч А.Танака, JETRO-гийн Ерөнхийлөгч Х.Ишигэ болон Нобелийн Энхтайвны шагналт М.Юнустай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан.

Үүнээс гадна Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагуудтай уулзах үеэр ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эдийн засгийн форумын Улаанбаатар дахь уулзалтад төлөөлөгчдийг өргөнөөр урьж оролцуулах талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохирч чадлаа.

Япон Улсын  Загас агнуур, ой мод, хөдөө аж ахуйн сайд Ё.Хаяши-тай уулзаж, хоёр орны  хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн хүнсний аюулгүй байдлын зэрэг асуудлаар санал солилцов.

Айлчлалыг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн мэдээлсэн нь Монгол анхаарлын төвд байгааг илтгэж байна.

-Үнэхээр үр ашигтай айлчлалыг их богино хугацаанд хийж амжуулдаг юм байна. Ийм байдлаар улс орнуудтай гадаад харилцаагаа бэхжүүлж, тэр хэрээр тэдний итгэлийг олж сайн анд нөхрийн түвшинд хүргэж чадвал хөгжлийн гараанд гарч ядан тэмүүлж буй Монголд маань том дэм болохсон.

-Төр, засгийн оновчтой, идэвхитэй гадаад бодлого улс орны хөгжил, дэвшилд чухал нөлөөтэй нь илэрхий шахуу үнэн л дээ. Гэхдээ энэ бол гадаад харилцааны бодлогын зөвхөн нэг тал нь юм.

Олон улсын харилцаа

Гадаад бодлогыг улс орны нийт иргэд ухааран зөвшөөрч бүр дэмждэг байх аваас л жинхэнэ бодит үр дүн болж хувирна. Ийм дэмжлэгийг ард иргэдээсээ авахын тулд гадаад бодлогын томъёолол, хэрэгжилт нь ард иргэдэд, улс оронд шууд үр ашгаа өгдөг, үгүй ядаж ийм үр ашгийг өгөх урьдчилсан нөхцлийг бүрдүүлдэг байх учиртай.

Тийм л учраас ард иргэд, сум, дүүрэг гээд нутгийн захиргааны байгууллагуудыг гадаад бодлогод идэвхитэй оролцогч болгох нь манай улсын нэр хүндийг өргөх юм. Иргэн бүр элчин сайд, сум бүр гадаад харилцааны яам гэсэн сэтгэхүй, сэтгэлгээг бэхжүүлэн хэвшүүлж чадвал бид гадаад бодлогын уламжлалыг бий болгож улс үндэстнийхээ тогтвортой хөгжил, дэвшил, аюулгүй байдлыг урт хугацаанд хадгалж чадах юм. 

Тиймээс манай яамны хариуцлагатай ажилтнууд саяхан бүх аймаг, орон нутагт ажиллан энэ байр сууриа танилцуулсан. Олон нийт сайхан хүлээн авсанд сэтгэл хангалуун байна.

-Энгийн мөртлөө сайхан санаа аж. Төрийн тэргүүн, тал нутгийн малчны хотхон ялгаагүй энэ сайхан санааг түгээн дэлгэрүүлэхсэн.

-Тийм. Бүх зүйл нэг цул бүтэн юм шиг харагддаг ч эцсийн дүндээ энэ цул бүтнийг бүрдүүлж буй хувь чанар, элементүүдээс л тогтож, тэдгээрээс шууд хамаарч байдаг. Гадаад бодлого ч мөн адил. Гадаад бодлого гээд нэг ерөнхий ухагдахуун байгаа боловч үүнийг хувь хүн л хийж гүйцэтгэдэг.

Өнөөгийн Монголын гадаад ертөнцөд өсөн нэмэгдсэн нэр хүндийг авч яваа гол тулгуур нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм. Монгол Улс өсөн дэвжиж эдийн засаг нь багтаамжтай болж дэлхийн зах зээл, улстөр-эдийн засгийн түншлэлд нэгдэхийн хэрээр олон улсын хамтын нийгэмлэгт мөрддөг ерөнхий нэгдсэн дэг жаяг, дүрмийг баримтлахаас өөр аргагүй.

Энэ нийгэмлэгийн итгэлийг даахуйц найдвартай түнш гэж өөрийгөө нотлох ёстой юм. Авилгатай тэмцэхгүйгээр, түүний уг сурвалжийг хэчнээн хатуу хэцүү байсан ч устгахгүйгээр улс орон маань хөгжихгүй, хамгийн гол нь гадаад түншүүд маань итгэхгүй, биднийг найдваргүй гэж үзэх болно.

Бид өнөөдөртөө гадаад зах зээлгүйгээр хөгжих ямар боломжгүй. Бид гарал үүсэл нь тунгалаг биш мөнгөний урсгалыг зогсоохгүйгээр эдийн засгаа эрүүлжүүлж чадахгүй, олон улсын байгууллагуудын итгэлийг олж бүр чадахгүй.

Цахиагийн Элбэгдоржгүйгээр авилгатай хийх тэмцлийг эрчимжүүлэх, мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох боломж байсан уу? Асар их авилгажсан бүлэглэлтэй тэр тэмцэж байгаа нь Монголыг дэлхий ертөнцөд сайхан харагдуулж байгаа том шалтгаан юм. Энэ тэмцэл урт хугацааны бөгөөд тууштай удирдагчийг шаардсан хүнд хэцүү сорил юм. Үүнийг одоохондоо Ц.Элбэгдоржоос өөр хэн ч хийж чадахгүй дээ.

-Энэ жил Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн байгаль орчны өдрийг анх удаа Монгол Улсад  зохион байгуулж, байгаль орчноор амьсгалсан 7 хоногийг та бид үдэж өнгөрөөв. Бодоё, хэрэглэе, хэмнэе гэсэн чиглэлийг гол шугмаа болгосон гэсэн нь содон сонсогдож байна.

-Эх дэлхий маань улам бүр эцэж цуцсаар, хүмүүний өөр хоорондын үл ойлголцол, эд баялаг үйлдвэрлэх хэт шуналд ээрэгдсээр мухардаж байгаа цаг үед бид амьдарч байна. Нөөцийг байгаагийн хэрээр ашиглаад , хэрэглээд байх уу гэдгийг эхлээд бодох цаг болжээ гэсэн үг  л дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, ивээл дор болсон Дэлхийн Байгаль орчны өдрийн хүрээнд бид олон чухал арга хэмжээ, тухайлбал, хүүхэд залуучуудад зориулсан цогц арга хэмжээ, ногоон хөгжлийн асуудлаарх үндэсний чуулга уулзалт, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн асуудлаарх хэлэлцүүлэгүүд зохион байгуулсан нь нийт монголчууд, түүний дотор хүүхэд залуучуудын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Дэлхий даяар Монгол Улсыг сурталчлахад энэхүү арга хэмжээ хувь нэмрээ оруулсныг онцолж байна. Байгаль орчны нэртэй зүтгэлтнүүд хүрэлцэн ирж оролцсныг 30 гаруй орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа.

Уг арга хэмжээний үеэр 2013 оны 2 дугаар сарын 19-нд НҮБ-аас санаачилсан “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл” хэмээх шинэ хөтөлбөрийн түншлэгч анхны 7 улсын нэгээр Монгол Улсыг сонгосныг албан ёсоор зарлалаа. Энэ бол Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд маш том үйл явдал болж байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын “Ногоон хөгжлийн” стратегийн баримт бичгийг үндсэнд нь боловсруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Ийнхүү өнгөрсөн хэд хоногийн турш монголчууд бид хамтын хүч чармайлтаар түүхийнхээ нэгэн шинэ хуудсыг нээлээ гэж би үзэж байна.

-Жил бүр он гараад л болдог чухал арга хэмжээнүүдийн нэг нь Швейцари улсад болдог Эдийн засгийн дээд хэмжээний уламжлалт уулзалт байдаг. Энэ удаагийн уулзалтаар маш сонирхолтой нэгэн шийдвэр гаргасан сураг дуулдсан?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Дэлхийн эдийн засгийн Давосын чуулга уулзалтад оролцох үеэр манай улс тус чуулга уулзалттай хамтран ажиллах хүрээг тодорхойлсон Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж

Санамж бичигт энэ оны есдүгээр сард Давосын чуулга уулзалттай хамтран Улаанбаатар хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар болсон.

Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбаруудын тухай илтгэлийг 2014 оны нэгдүгээр сард болох Дэлхийн эдийн засгийн 44 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр танилцуулж, чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Тэгэхлээр ирэх оны Давосын чуулга уулзалтын үеэр манай улс анхаарлын төвд байна. Давосын чуулга уулзалт улс орнуудад ийм төсөл маш ховор хэрэгжүүлдэг. Манай орон ОХУ-ын дараа төсөл хэрэгжүүлж буй хоёр дахь улс болох юм.

Энэ төслийг хэрэгжүүлснээр улс орныхоо эдийн засгийн хөгжлийн талаар өрнөж буй хэлэлцүүлгийг чанарын шинэ түвшинд гаргах, улс орноо дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.  

-Саяхан зарим улсад шинээр элчин сайдын яам, консулын  газрууд нээхээр УИХ-аас тогтоол баталжээ. Учир шалтгаан, шаардлагыг товч дурдаж болох уу?

-Тийм ээ. Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах, Афганистан Улсад Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх,  Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар,  БНХАУ-ын Хайлаар хот, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах тухай  тогтоолыг УИХ баталсан.

Ази, Номхон далайн бүс болон Зүүн Азийн интеграцид оролцогч талуудын ажил хэрэг, үйл ажиллагаа төвлөрч буй Жакарта хотод ЭСЯ нээх нь энэ бүс нутагт Монголын байр суурийг бэхжүүлэх бодит хөшүүрэг болно гэж үзэж байна.

Өмнөд Америкийн бүс нутгийн жин нөлөө бүхий Бразил Улсад ЭСЯ нээх нь тус бүс нутагтай хамтын ажиллагаа хөгжүүлэх чухал суваг болох юм. Эдүгээ Бразил нь эдийн засгийн хөгжлөөрөө бүс нутагтаа тэргүүлж, тивийн хэмжээнд гуравдугаарт, дэлхийд аравт орж байна.

2012 онд 360 гаруй иргэн тус улсад зорчсон бөгөөд 2014 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны Зуны олимпийн наадам тус улсад зохион байгуулагдах тул иргэд Бразил Улсад олноор зорчино гэж тооцоолж байгаа. Үүнтэй уялдуулан энгийн паспорттой иргэдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Афганистан улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын ажиллагаанд оролцож буй өөрийн орны цэрэг дайчдын үйл ажиллагааг дэмжих, Афганистаны Засгийн газрын улс үндэстнээ сэргээн босгох, ардчилсан өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч явуулж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох зорилгоор Кабул дахь өөрийн улсын өмчлөл бүхий байр сууцандаа ЭСЯ-аа дахин нээн үйл ажиллагааг эхлүүлэх юм.

2012 оноос эхэлсэн Улаанбаатар-Бишкек-Истанбулын шууд нислэг 7 хоногт 3 удаа үйлдэгдэж, иргэд 30 хоног визгүй зорчдог зэрэг шалтгаанаас албан болон хувийн хэрэг, аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа болно. 2011 онд 5,351 иргэн Түркэд зорчсон бол 2012 оны 11 дүгээр сарын  байдлаар 6,040 иргэн зорчсон мэдээлэл байна.

Түркт манай 841 иргэн сурч, 53 иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж, 169 иргэн хувийн журмаар оршин сууж байна.Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, ялангуяа ардчиллын хэм хэмжээг түгээн бэхжүүлэх   хүрээнд харилцан туршлага судлах, аялал жуулчлал, соёл, нийгмийн салбарын хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байна.

Иймээс эдгээр хотод Ерөнхий консулын газрыг байгуулах шаардлагатай болсон юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн бүс нутаг нь Монгол Улсын Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагтай өргөн хамтын ажиллагаатай,  иргэдийн амьжиргаанд чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой бөгөөд  хил орчмын худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн  нэмэгдэж байгаа болно. Энэ байдлыг харгалзан Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод  Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах нь  оновчтой хэмээн үзэж байна.

Пусан хот нь БНСУ-ын хоёр дахь томоохон хот бөгөөд 3.6 сая хүн амтай, тус улсын зүүн өмнөд хэсгийн худалдаа эдийн засаг, соёл боловсролын гол төв юм. Пусан хот болон түүний ойролцоох хот, мужуудад манай улсын 3000 гаруй иргэн оршин суудаг.

Түүнчлэн, Пусан хотын 8 их дээд сургуульд 55 монгол оюутан суралцаж байна. Пусан хот нь Сөүлээс 400 гаруй км зайтай тул ойролцоох хот мужуудад амьдардаг манай иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байдгийг харгалзсан хэрэг юм.