2013.06.20

Мэндчилгээ

Онцгой байдлын албаны баярын өдрийг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа нийт офицер, ахлагч, албан хаагч Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж ажлын их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсан цаг үеэс эхлэн тус байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах. хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, гамшгаас хамгаалах улсын албадыг мэргэжлийн удирдлагаар хангах, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хийх, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанартай, үр өгөөжтэй, түргэн шуурхай явуулах ажлыг эрчимжүүлж тодорхой үр дүнд хүрч байгааг энэ ойн босгон дээрээс дүгнэн тэмдэглэхэд таатай байна.

Монгол улсын хэмжээнд 2004-2012 онуудад 26580 гаруй удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас улс болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчид 912.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, Онцгой байдлын албаны албан хаагчид гамшгийн аюулаас 5350 гаруй эрдэнэт хүний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 123.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хойшлуулшгүй сэргээн босгох зардалд Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс 56.0 тэрбум төгрөгийг зарцуулан болзошгүй гамшиг, хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

Бид өнөөгийн хөгжлийн түвшинд шулуун дардан замаар хүрээгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлс, гамшгийн шинэ төрлүүдтэй нүүр тулан тэмцэж, эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж гамшгийн аюулаас байгаль орчин, улсын болон хувийн өмч хөрөнгийг авран хамгаалах ариун үүргээ гүйцэтгэж яваад амь нас эрсэдсэн эрэлхэг нөхдөө дурсан санахад хүндхэн байгаа хэдий ч тэднийхээ гавъяат үйлсээр бахархаж байдаг юм.

Дунд говь аймгийн онцгой байдлын албан хаагчид

Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлуулан үйл ажиллагаандаа зарцуулж эхлээд байна.

Гарч байгаа гамшиг ослын тоо, нэр төрөл, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг сайжруулах, аврах, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор ОБЕГ-ын бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн баталж ажиллуулаад байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан нэр, төрөл, тоо хэмжээний дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэгсэл худалдан авахад 2012 онд 1.5 тэрбум, 2013 онд 5.7 тэрбум төгрөг батлагдаж урд оноос 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа нь онцгой байдлын албаны түргэн шуурхай байдлыг хангахад үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Улс оронд давтамжтайгаар тохиолдож буй гамшиг, ослын төрөл, тоо болон онцгой байдлын албаны өнөөгийн чадавхитай уялдуулсан бодлогоо тодорхойлон онцгой байдлын албаны сургалтыг календарчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж 2000 гаруй албан хаагч дотоодын, 250 гаруй албан хаагч гадаадын төрөл мэргэжлийн сургалтад хамрагдсаны дийлэнх хувийг Онцгой байдлын албаны анхан шатны нэгжид ажиллаж байгаа аврагч, гал сөнөөгчид эзэлж байна.

Ийнхүү тайван цагт их хүч хөдөлмөр гаргаж, сургалт бэлэн байдалдаа анхаарснаар гамшгийн голомтын аюулыг арилгах үүргээ түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ур чадвар гарган гүйцэтгэж чадна гэж үзэж байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид Монголын ард түмэнд үйлчлэх нэг л ариун үүрэгтэй.

Онцгой байдлын албаны албан хаагчид Монголын ард түмэнд үйлчлэх нэг л ариун үүрэгтэй. Ийм ариун үйлсийн эзэд болсон Онцгой байдлын .албаны албан хаагчид Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн “Ард түмэн Та Хаан” хөтөлбөрийн хүрээнд Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах бодлого зорилттой уялдуулан гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүртээмжтэй хүргэх, Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангахад энэ салбарт эрх зүйн шинэчлэлүүд хийгдэх шаардлагатай байгааг харуулж байна.

Ийнхүү өнгөрсөн он жилүүдэд Онцгой байдлын албаны хувьд алдаа оноо, удирдлага, зохион байгуулалтанд дүн шинжилгээ хийж, албаны сахилга, дэг журмыг сайжруулж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлсэн, гамшгийн сургалтыг шинэ шатанд гаргасан, ард иргэддээ түргэн, шуурхай, чадварлаг үйлчилж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн их хөдөлмөрийн жилүүд байлаа гэж Монгол Улсын Шадар сайдын хувьд дүгнэн хэлэх байна.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, сургалт, бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулах, хүн амыг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг гамшгаас хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Та бидний хамтын санаа, зорилго, хичээл зүтгэл, идэвхи чармайлт энэ бүхнийг бүрэн төгс шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа та бүхний ажил үйлс амжилттай өөдрөг байх болтугай.

Монголын ард түмэн аюулгүй тайван орчинд амьдрахыг бэлгэдэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА