2013.06.27

Ө.Энхтүвшин: Гарсан зөрчил, дутагдалд сонгуулийн байгууллагууд хөшүүн хойрго хандаж байна

МАН-ын дарга Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11дүгээр хэсгийн хороонд өгсөн юм.

Энэ үеэр тэрбээр “Зөв хүнийхээ төлөө саналаа өгчихлөө. Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль орон даяар хуулийн дагуу шударга яваасай гэж хүсэж байна. Зарим газар нэлээдгүй зөрчил гарлаа.

Жишээ нь өчигдөр Баян-Өлгий аймгийн цэргийн ангиуд дээр дарга нь цэргүүдээ хянаж, харж байгаад саналыг нь өгүүлсэн байна. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн төлөө саналаа өгч байна уу гэдгийг хянасан гэж байх юм.

Цэргийн ангиуд дээр дарга нь цэргүүдээ хянаж, харж байгаад саналыг нь өгүүлсэн байна

Цэргийн сургуулийн сонгогчид байнгын оршин суух хаягтай учраас хуулийн дагуу өнөөдөр өгөх ёстой байсан. Гэтэл зориудаар өчигдөр нэгдсэн журмаар командалж саналыг нь өгүүлсэн байна. Зарим дүүрэгт хурууны хээ таних машин ажиллахгүй 30, 40 минут хоцорч санал хураах ажил эхэлсэн.

Мөн Оюутнуудад зориудаар олон хоног хөл хорио тогтоочихлоо. Шалгалт нь аль хэдийнэ дуусаад сургууль нь амарсан байтал заавал саналаа өгч байж орон нутаг руугаа яв, тэгэхдээ Ц.Элбэгдоржид өг гэж Их дээд сургуулийн удирдлагуудын зүгээс зохион байгуулалт хийсэн байх шиг байна.

Иймэрхүү шударга бус үйлдлүүд гарсан. Үүнд МАН СЕХ, холбогдох байгууллагуудад цаг тухайд нь хандаж байгаа ч одоогоор хариу өгсөн, шийдвэрлэсэн зүйл алга байна.

Ер нь зөрчил дутагдлыг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэх тал дээр сонгуулийн байгууллагууд хөшүүн, хойрго хандаж байна” хэмээсэн юм.